Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, энх амгалан тогтсоны 69 жилийн ой өнөөдөр тохиож байна. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад боллоо. Ялалтын баярын энэхүү сүрт жагсаалыг зургаан тивийн 100 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэв.
Баярын парадад 11 мянган цэргийн албан хаагч, 150 гаруй хуягт, танк зэрэг зэвсэгт техниктэйгээр жагсчээ. Мөн цэргийн 69 онгоц, нисдэг тэрэг оролцов. Тэдний дунд “Бар” хэмээх шинэ загварын хуягт машин, “Тайфун” нэртэй хамгаалалтыг нь сайжруулсан автомашин, Т-90А загварын танкууд, “Хризантема-С” пуужингийн цогцолбор, Мста-С өөрөө явагч их буу, Бук-М2 болон Тор-М2У зенитийн пуужингийн цогцолбор баярын парадад оролцлоо. Түүнчлэн хоёр мянга гаруй ахмад дайчин Улаан талбай дахь баярын парадад уригджээ.
Баярын парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авч, саяхан Хуурай замын цэргийн ерөнхий командлагчаар томилогдсон хурандаа генерал Олег Салюков парадыг даргалав.
Москва хотын төв талбайд болж буй баярын жагсаалтай зэрэгцэн ОХУ даяар 25 хотод мөн баярын парад болсон байна. Ялалтын баярын энэ өдөр мөн 10,5 мянган арга хэмжээ зохион байгуулах бөгөөд 25 байршлаас ёслолын буудлага хийжээ.
Т.МАША