УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтаар төрийн ордонд мэдээлэл хийв. УИХ-ын өчигдрийн чуулганаар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хийж баталсантай холбоотойгоор эдийн засагт ямар өөрчлөлт гарах тухай, уг тогтоолын хүрээнд юу хийх тухайгаа ийнхүү тайлагнав. Уг тогтоол нь дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авахаар батлагдсан бөгөөд үүнд нь гадаад вальютын урсгалыг сайжруулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн бодлого, зээл санхүүжилтын, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх багтаж буй аж.
Энэ дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээ авахаас 18 нь ойрын хугацаанд, өнөөгийн санхүүгийн хүндрэлээс гарахад зориулагдсан, 18 нь тогтолцоог шинэчлэх зорилготой юм байна.
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд, хувийн хэвшил хамтран ажиллах бөгөөд валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлэх хүрээнд төсөв мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг хэмнэлттэй, үр ашигтай болгох гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт энэ талаар “нэгдүгээрт төсвийн тодотголоо хийнэ. Урсгал зардлыг 20 хувиар бууруулахаар төлөвлөсөн төсөл өргөн баригдсан. Мөн энэ хүрээнд валютын төгрөгтэй харьцах ханшийг 1388 төгрөг байхаар тооцсоныг өөрчлөнө. Хайгуулын үйл ажиллагааг хоёр гурван жил хийлгээгүй. Одоо хайгуулын үйл ажиллагааг сэргээнэ. Одоогоор 300 гаруй лицензийг сэргээснээр 100 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэж, үүний хүрээнд жилд 300-400 сая ам.долларын валютын урсгал нэмэгдэнэ. Тавантолгойгоос 3-5 жилийн дотор 3,5 тэрбум долларын хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ. Царигийн асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Төмөр замаа дагаж нүүрсний тээвэрлэлтээс их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Аялал жуулчлалаас жилд 300 сая ам.долларыг олдог байсныг тодорхой бодлого хэрэгжсэнээр 1 тэрбумд хүргэнэ. Татварын бодлогыг шинэчлэх хүрээнд хуулийн төслийг удахгүй өргөн барина. Нэг шатлалтай болгож 10 хувь болгох, ЖДҮ-лэгчдэд төлсөн татварын 90 хувийг буцааж олгох. НӨАТ-ын босгыг 10 саяаас 50 сая болгох зэрэг бодлогыг оруулж ирэхээр Засгийн газар, Сангийн яам ажиллаж байна. Хүнд суртал, дарамтыг арилгах бодлогийн хүрээнд 900 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгох төслийг ч Засгийн газрын хэрэг эрхлэх газар оруулж ирэхэд бэлэн болсон. Давхардсан хяналт шалгалт бизнесийнхэнд дарамт болж буйг, хэрэгцээгүй зөвшөөрлийг үгүй болгоход энэ төсөл үр дүнгээ үзүүлнэ. Тайланг улиралд биш жилд нэг удаа л гаргадаг болгох, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлавал далд эдийн засгийг ил болгох чухал нөлөөтэй” гэж тодотгов.
Гишүүн Гарамгайбаатар мөн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх боломжийн талаар танилцуулж “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай болон Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн гадаад зах зээлээс бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт болгох боломж бүрдэнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах, эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна” гэв.
Б.ЭНХ