Tатвараас чөлөөлөх хуулиудын төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Tатвараас чөлөөлөх хуулиудын төслийг баталлаа

“Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулиудын төслийг баталлаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн /2014.05.09/ нэгдсэн хуралдаан 9.40 цагт 56.6 хувийн ирцтэй эхэлж, нийт 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Үүнд:
Чуулганы нэгдсэн хуралдаанаар 7 асуудал хэлэлцэхээр болов.

1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/:

2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/:

3.  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /нэг дэх хэлэлцүүлэг/:

4. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/:

5. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

6. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

7.Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.

 Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр баталсан асуудлын дарааллын дагуу эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх үүднээс эдгээр хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал буюу хуулиудын хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх тухай заалтыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлгийн хувилбарыг боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг 72.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж