УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашиг малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 51.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 31 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөлд орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байхаар зааж өгчээ. Мөн эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, ашигт малтмалын ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих, цаашилбал улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий ашигт малтмалын ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг заалтууд багтсан байна.
Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар уул уурхайн ордод Монголын төрийн эзэмшлийн хувь хэмжээ буурч нэг хувь болсон ч болохоор заалтыг тусгасан нь одоо хэрэгжиж байгаа хуулиа дордууллаа гэж шүүмжлэн төслийг буцаах шаардлагатай хэмээн үзсэн юм. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг үүнийг няцаалаа, тэрээр “Хуулийн төсөлд төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх боломж нээгдэнэ” гэж тайлбарлаж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “ Үндэсний геологийн албатай болохоор бүтэц чиг үүргийн өөрчлөлт бий болох уу. Говьд байдаг өнгөт чулууг лицензжүүлнэ гэхээр яана гэсэн үг вэ” гэлээ. Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Геологийн салбарын нэгдсэн бодлого алдагдсан учраас хөгжилтэй орнуудын геологийн албаны чиг үүргийг оруулж өгсөн. Мэдээллийн сангаа нэгтгэнэ. Геологийн албыг өнөөгийн төсөв орон тооныхоо хүрээнд шийдээд явах боломжтой. Чулууны тухайд эрдэнийн өнгөт, хагас эрдэнийн, өнгөт чулуу гэж ойлголт байдаг. Өнгөт чулууг зун ихээр түүж гадаад руу гаргадаг гэх мэдээлэл бий. Тийм учраас газрын гадарга дээр байгаа чулуу ямар нэг зөвшөөрлийн хүрээнд явах ёстой гэж үзэж, эл заалтыг оруулсан гэлээ.
Харин хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Энэ салбараа дэндүү их улстөржүүллээ. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь эсрэг зүйл яриад сууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл хоёр Засгийн газартай болчихсон юм уу, кабинетын зарчмаар ажиллах ёстой.
Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж сар ярилаа, уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарна. Эл салбар ДНБ-ний 40 орчим хувийг, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь энэ салбар луу орж байна. Эдийн засаг хөгжихгүй бол ард түмэн яаж сайхан амьдрах юм бэ. Гол нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо гол концепциос хазайж болохгүй. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү. Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомжтой байж уул уурхайн салбар хөгжинө. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгохдоо төр захиргааны хүнд суртлыг нэмж болохгүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас илүү боловсронгуй болгох ёстой. Монгол Улс Эрдэс баялгийн салбараа тордож, хөл дээр нь тогтоож байж, хөгжинө. Хий хоосон улстөр хийхээ болъё гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнгөрсөн хугацаанд алдсан оносон юм их бий. Түүнээсээ сургамж аваад хуулиуд дээрээ ажиллаад батлах ёстой. Гэхдээ анхаарах асуудал бий, Монгол орны ой, мод багасч байна. Ой 10 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо найман хувь. Тиймээс “Урт” нэртэй хуулиа хэрэгжүүлэх ёстой шүү” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Буцаах шаардлагатай байна, Монгол Улсын эрдэс баялгийн салбарт гарсан алдааг залруулах үүргийг ард түмэн бидэнд өгсөн. Би та бүхний сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлснийг сануулсан, ард түмэн нэхэх болно. Төрийн 50 хүртэл оролцоог байхгүй болгочихсон, рояльтын татвараа эрс бууруулаад сууж байдаг бодлоготой орон дэлхийд хаана ч байхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол тухайн ордын 51 хүртэл хувийг төр эзэмшдэг. Энэхүү концепци алдагдаад байна” гэж эсэргүүцэж байлаа. Гэхдээ санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн учраас дараагийн асуудал руу ороод байна.
Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм.
Г.ДАРЬ