Япон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хайна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Япон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хайна

Японы Ерөнхий сайд Наото Кан газар хөдлөлтийн гамшиг, цацраг идэвхит бодисын алдагдлын дараа тус улс эрчим хүчний бодлогоо дахин шинэчлэх хэрэгтэйг онцолсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас цөмийн станц дэлбэрч реакторуудын хөргүүрийн систем ажиллагаагүй болсноос цацраг идэвхит бодис алдагдсан юм. Японы эрчим хүчний компани “Tepco” Засгийн газраасаа цацраг идэвхит бодис алдагдсан бүсийн оршин суугчдад нөхөн олговор олгоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Цөмийн станцаас 20 км радиуст оршин суудаг 80,000  иргэдийн гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн. Тус бүсийн хөдөө аж ахуй, газар тариалангийн бизнес  зогсонги байдалд орж, оршин суугчдыг хэзээ эргүүлэн шилжүүлэх нь тодорхой бус байна. Нөхөн олговрын хэмжээг нарийн тодорхойлоогүй ч ажиглагчид 100 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна. Японы цөмийн станцууд тус улсын эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэдэг юм. Ерөнхий сайд Наото Кан цөмийн эрчим хүч, болон чулуун нүүрс Японы эрчим хүчний гол эх үүсвэр гэдгийг онцолсон юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний бусад эх үүсвэр ирээдүйд зайлшгүй чухал гэж тэрбээр хэлсэн байна. 2030 он гэхэд Япон эрчим хүчний нийлүүлэлтийн 50 хувийг цөмийн энергээс, 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажээ. Гэвч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд аюулгүй байдал хамгаас чухал гэдэг нь нэгэнт тодорхой болсон ийм үед эрчим хүчний бодлогыг маш ул суурьтай авч үзэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд онцолжээ.

Тэрбээр Японыг аюулгүй эрчим хүчний орон болгохын тулд ашигтай, аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход анхаарахаа амласан байна.  Ерөнхий сайд Фукушимагийн цөмийн станцын аюул бүрэн арилах хүртэл сайдын цалин авахгүй гэж мэдэгджээ.  Японы эрчим хүчний “Tepco” компани Фукушима Даичи станцыг бүрэн аюулгүй болгоход наад зах нь есөн сар шаардлагатай гэжээ.  
Инженерүүд хөргүүрийн систем нь нэгэнт ажиллагаагүй болсон станцын реакторуудыг хөргөхийн тулд одоо ч шахуургаар ус цацаж байгаа ажээ.  
“Tepco” нөхөн олговор олгоход дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас  хүсч, Сангийн сайдад бичгээр мэдэгдэл гаргасны дараа Ерөнхий сайд дээрх мэдэгдлийг гаргажээ.  Мягмар гаригт  Японы сайд Йошико Нода Засгийн газар “Tepco”-д нөхөн олговор олгоход нь туслах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. 

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж