Амны хөндийн хавдарт архи тамхи нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Амны хөндийн хавдарт архи тамхи нөлөөлдөг

Хавдар хамгийн аюултай өвчин. Огт эмчлэгддэггүй, бас мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэж бид ойлгодог. Гэвч хавдар ч бусад өвчнүүдийн адил эдгэрэх найдлагатай төдийгүй их эртнээс дохио санамж өгсөөр байдаг ажээ. Гагцхүү анзааргагүй, хэнэггүйгээсээ болж монголчууд хавдрыг хүндрүүлдэг байна. Тэгвэл хавдраас хэрхэн сэргийлж болох вэ гэдгийг  “Одноо эмчийн булан”-гаас лавлаж болох юм.  Энэхүү буланг ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг 14 хоног тутам хөтөлж буй юм. “Одноо эмчийн булан”-гаар ямар зөвлөгөө хүсч байгаагаа, эмчээс асууж тодруулах зүйлээ info@news.mn хаягаар илгээгээрэй.

Амны хөндийн дотор талыг салст бүрхүүл хучиж байдгийн дээр дээд доод уруулын нийлж буй шугамаас гадагш салст бүрхүүл бус нимгэн арьсаар хучигдсан байдаг учир арьстай адил нарны хэт ягаан туяаны нөлөөгөр хаюдар үүсэх эрсдэл дагаж байдаг. Амны хөндий, уруулын хавдар үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг:

-Архи, тамхины хэрэглээ. Архи тамхи хэрэглэхээ болиод 10 жил болсны дараа л хавдар үүсэх эрсдэл нь архи тамхи огт хэрэглэж байгаагүй хүнтэй адил түвшинд очиж буурдаг.

-Амны хөндийн хавдрын нэлээд хувьд хүний хөхөнцөр вирустэй  холбоотой гэж үзэж байна.

-Нас ахих тусам хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх нь бий. Амны хөндийн хавдар ихэвчлэн 40-өөс дээш насанд үүсдэг.

-Нарны хэт ягаан туяа уруулын хавдар үүсэхэд нөлөөлөх ба ихэвчлэн доод урууланд үүсдэг.

-Хоолны дэглэм. Жимс ногооны хэрэглээ бага байх нь амны хөндийн хавдар үүсэхэд нөлөөтөй байж болох талаар хэвлэлүүдэд бичсэн байдаг.

-Амьдралын хэвшил, зуршил. Жавж, уруулаа хазаж хэмлэдэг зуршил, хэт халуун зүйлс ууж идэх зэрэг нь эрсдлийг улам нэмэгдүүлпэг.  

-Ирмэгтэй шүдний холголтоос үүссэн архаг шарх хавдарт шилжих тохиолдол ховор бус байдаг.

Энэ бүхнээс үүдэн амны хөндийд хавдар үүссэн тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг.

  • Өвчтэй болон өвчингүй үүсвэр, шархлаа бий болох
  • Зузаан цагаан өнгөр, толбо үүсэх
  • Улаан, улаантай холилдсон эсвэл толбо гарах
  • Хоолойд юм орсон, тээглээд байгаа мэт мэдрэмж төрөх
  • Залгих, зажлахад бэрхшээлтэй болох
  • Хэл, эрүүгээ хөдөлгөхөд хэцүү болох
  • Хэл, амны хөндийн бусад хэсэгт мэдээ алдах
  • Шүд сулрах
  • Хиймэл шүд таарахаа болих
  • Сонсгол хэвийн байхад чихээр өвдөх
  • Эрүүн дор болон хүзүүнд булчирхай гарах

Дээрх шинжүүд нь ганцхан хорт хавдрын үед өвөрмөцөөр илэрдэг шинжүүд биш тул эмчилгээнд засал авахгүй хоёроос дээш долоо хоногоор үргэлжилбэл шүд, чих хамар хоолойн болон толгой хүзүүний мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Архи тамхины хэрэглээг зогсоох

-Амны ариун цэврийг сайн сахих

-Аливаа гаж, буруу зуршлаа зогсоох (уруулаа зажлах гэх мэт)

-Жимс ногоо түлхүү хэрэглэх

-Урууландаа нарны хэт ягаан туяаны хамгаалалт бүхий тос түрхэж байх (ялангуяа гадаа олон цагаар ажилладаг бол)

-Хурц ирмэгтэй шүд, таарахгүй хиймэл шүд зэргийг цаг алдалгүй эмчлүүлж байхыг та бүхэндээ зөвлөж байна.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж