Арилжаанд амьд мал оруулахаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Арилжаанд амьд мал оруулахаар зэхэж байна

Хөдөө аж ахуйн бирж өнөөдрийн байдлаар боловсруулаагүй ноолуур арилжиж байна. Биржээр цаашдаа амьд мал оруулан арилжих бөгөөд энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатаас тодруулахад “Ойрын хугацаанд биржийн арилжаагаар амьд мал оруулахаар бэлтгэн ажиллаж байна. Ер нь биржээр амьд мал оруулна гэдэг нь шинэ ойлголт учраас биржийн брокеруудыг чадавхижуулах сургалт зохион байгуулж байгаа” гэж хэлсэн юм. Ийнхүү ХАА-н биржээр амьд мал арилжсанаар малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ, нөөцийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтойг албаныхан онцолж буй. Хөдөө орон нутгаас авчирсан малыг хотын хоёр захад хүлээн авах ажээ. Тодруулбал, баруун талаас ирэхэд Эмээлт, зүүн талаас Налайхад хүргэлтийн цэг байгуулах юм байна.

Хөдөө аж ахуйн бирж одоогоос нэг орчим жилийн өмнө ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямааны ноолуур, тэмээ, хонины ноос, бодын хөөвөр, тосны ургамлыг тогтмол бус хуваариар арилжсан юм. 2013 оны эцсийн байдлаар нийт 132 удаагийн арилжаа явуулж, 404.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 36 брокерийн компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна. Эдгээр брокерийн компани орон нутагт салбар нэгжээ байгуулах эсвэл, брокероо томилон малчдаас түүхий эд авч, зуучилж өгч байгаа юм. Цаашдаа брокерийн компанийн тоог нэмэх, чадавхижуулах, түүхий эд тээвэрлэх асуудлыг улам боловсронгуй болгохыг албаныхан хэллээ.

Б.МИШЭЭЛ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж