Албадан гаргахыг түр хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Албадан гаргахыг түр хойшлуулжээ

БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/ буюу Н.Алхбаатарыг албадан гаргах болсон талаарх мэдээлэл олон хэвлэлээр гарч буй билээ. Алхаа гэх өвөрмонгол залуугийн  Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулгыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өгөөд байсан юм. Гэвч тус байгууллагаас өнөөдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ийг албандан гаргах шийдвэрээ түр хугацаагаар хойшлуулснаа байгууллагынхаа вэб сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлэхдээ:


Вэнь Шинь нь 1968.08.08-нд БНХАУ-д төрсөн, G15054962 дугаарын паспорттай, Монгол Улсад 1992 онд суралцахаар ирсэн. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгссөн. Монгол Улсын иргэнтэй 1994 оноос хамтран амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан. Нэг охинтой, 1995 онд төрсөн. Эхнэр нь 1999 оноос Франц улсад суурьшиж, 2010 онд өвчний улмаас тус улсад нас барсан. Охин нь 2002 оноос хойш  Франц улсад амьдарч байна.  Вэнь Шин нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.


Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй, олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй байна. Гэр бүлийн шалтгаанаар оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх бусад бодит шаардлагыг үүсгэсэн юм. Вэнь Шин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат болох болон цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор нэг ч удаа гаргаж хандаагүй байна.


Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгний асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна. Албан ёсны бичиг баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин гэдэг хуулийн этгээд мөн тул Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн боломжгүй байна гэжээ.


А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж