-Харин гэрээгээ ирэх даваа гарагаас байгуулна-
“Буянт-Ухаа 1” хорооллын азтан буюу хамгийн хямд үнэтэй байр захиалах иргэдийг сугалаагаар ирэх амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 10,11-ний бямба, ням гаригт тодруулахаар болсон. Одоогийн байдлаар сугалаанд оролцох нийт иргэдийн тоог эцэслэн гаргаагүй бөгөөд өнөөдөр 12.00 цагаас хойш гарах ажээ. “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцны байрыг худалдаж авахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн байна.
Азтануудыг тодруулах сугалааны талаар Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Д.Оюунжаргалаас тодрууллаа.
-Сугалааны тохирол ирэх амралтын өдрүүдэд болох гэж байхад одоогоор хэдэн хүн шалгуурт тэнцэж, мессэж ирсэн гэдгийг хэлэх боломжгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Буянт-Ухаа 1 хорооллоос байр захиалах шалгуурт тэнцээгүй буюу гар утсанд нь сугалаанд оролцох талаар мэдэгдсэн мессэж ирээгүй 152 орчим иргэнээс өргөдөл, гомдол ирсэн тул үүнийг нягтлах шаардлагатай болсон. Эдгээр 152 хүний материалыг шалгаж үзээд сугалаанд оруулж болохоор бол утсанд нь мессэж явуулж мэдэгдэнэ. Мессэж очихгүй бол сугалаанд оролцохгүй гэсэн үг. Тиймээс тэдний асуудлыг шийдсэний дараа буюу амргаашийн 12.00 цагаас хойш эцсийн тоо гарна.
– Тоог эцэслэнэ гэхээр урьд нь шалгуурт тэнцэж, утсанд нь мессэж ирсэн хүмүүс хасагдах юм биш биз?
-Урьд нь гар утсанд нь мессэж очсон хүмүүс сугалаандаа ордгоороо орно. Харин дээр хэлсэн бидэнд гомдол мэдүүлж, өргөдөл ирүүлсэн 152 хүний материалыг нягтална.
-Сугалааны тохирол явуулах явцыг тайлбарлаач?
-Сугалааны тохирлыг тавдугаар сарын 10-ны 10.00-13.00 цагт, 11-ний өдрийн 10-14.00 цагуудад МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар гаргах юм. Эхний өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийнх, 11-ний өдөр буюу ням гарагт төрийн албан хаагчдын сугалааны тохирлыг явуулна. Сугалааны тохирлыг программаар хийхээр маргаан үүсдэг учир гар аргаар явуулахаар болсон. Сугалааг хуйлахаас эхлээд битүүмжилж, телевизийн байранд хүргэх хүртэлх бүх явцад хөндлөнгийн хяналт давхар хийлгэнэ. Үүнд төрийн хяналт шалгалтын албаныхан байхаас гадна захиалга өгсөн иргэдийн төлөөлөл байна. Сугалаа 49 удаа явагдана. Жишээ нь, залуу гэр бүл 33 м/кв-ын талбайтай байрны захиалга өгсөн бол зөвхөн энэ хэмжээний байрны болон зөвхөн залуу гэр бүл гэсэн ангилал дотроо өрсөлдөнө. Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг нь зорилтот хэсэг буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд худалдан борлуулах журамтай. Сугалаа ч энэ дагуу явагдана.
-Азтанг тодруулсны дараа гэрээгээ хэрхэн хийх вэ?
-Сугалаанаас тодорсон байрны эзэд ирэх даваа гарагаас ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтэст ирээд байраа сонгож, гэрээгээ хийнэ. Буянт-Ухаа 1 хороололд долоон загварын өрөө ажиллуулж байгаа. Тиймээс загварын байрнаас харж, сонголтоо хийхэд амар байх. Сануулахад гэрээ хийхээс өмнө урьдчилгаа 30 хувиа төлсөн байна. 30 хувиа төлөхгүй бол сугалаанд хожсон байсан ч хамаагүй байрны захиалгыг цуцална.
-Урьдчилгаа төлбөрөө хэдийд хийх вэ?
-Байрныхаа захиалгыг өгөөд гэрээгээ хийснээс хойш 10 хоногийн хугацаанд байрыг нь хадгална. Энэ хугацаандаа амжиж 30 хувийн урьдчилгаа төлбөрөө хийнэ. Мөн урьдчилгаа 30 хувиа төлчихөөд үлдэгдлийг шууд төлөх хүмүүс ч байна. Тиймээс үлдэгдэл 70 хувийг төлөх хугацаа 45 хоног. Бид дараагийн Буянт-Ухаа 2 хорооллын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн тул 30 хувийн урьдчилгаа төлбөрөөс нөөц хөрөнгө, санхүүжилт босгох шаардлагатай учраас энэ хугацаагаар хязгаарлана гэдгийг сануулъя.
– “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил бүрэн дууссан уу?
-Ер нь ашиглалтад ороход бэлэн болсон.Хорооллын барилгын ажил бүхлээрээ тавдугаар сарын 23-нд бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэж өгнө. Эхний 567 айлын орон сууц бэлэн болж, бид цагаан сарын өмнө хүлээж авсан. Үнийн хувьд олон нийт мэдэж байгаа байх. Засгийн газрын 36 дугаар тогтоолоор журам баталсны дагуу нэг сая, 280 мянган төгрөг нь одоогийн зах зээлийн ханшаас 30-40 хувиар хямд байгаа юм. Буянт-Ухаа 1 хороолол нь 1764 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр давхар үйлчилгээний төвтэй цогцолбор. Нийт санхүүжилт 90 гаруй тэрбум төгрөг бөгөөд 100 хувь Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкнаар дамжуулан санхүүжүүлсэн.
-Дараагийн хорооллын байрнаас авах хүсэлтэй иргэд их байгаа. “Буянт-Ухаа 2” хороолол хэзээ баригдах вэ?
-Буянт-Ухаа 2 хорооллын барилгын ажлыг санхүүжилт шийдэгдвэл зургадугаар сараас барилгын ажлыг эхлүүлнэ. Ирэх жилээс ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
У.БОЛОР