Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалт урьд өмнөх жилүүдээс их хэмжээгээр багассан гэх таагүй мэдээллийг хүмүүс бараг л цээжилжээ. Хөрөнгө оруулагчид нүүр буруулснаас болж ам.долларын ханш өсч, ард иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрлээ ч гэх болов. Ийм эгзэгтэй үед НҮБ манай улсын хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийсэн нь сонирхол татаж байна?
-НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД)-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн хорооны хуралдаанаар тус байгууллагаас гаргасан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод хийсэн дүн шинжилгээний тайлан”-г танилцуулж хэлэлцүүллээ. Хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Женев дэх төвд нь болсон юм. Онцолж хэлэхэд Монгол Улс НҮБ-ын мэргэжлийн байгууллагаар хөрөнгө оруулалтын бодлогоо анх удаа үнэлүүлж хэлэлцүүллээ. Хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийх ажил 2012 оноос эхэлсэн. Жил гаруйн хугацаанд олон улсын шинжээчид манай улсын олон байгууллагатай хамтран ажилласан. Хөрөнгө оруулалт гэдэг хууль, журмын асуудал төдий биш юм. Нийгмийн бүх салбарыг хамарч байдаг учраас шинжээчид Монголд биечлэн ирж ажилласан. Энэ бүхний эцэст өнгөрсөн жил ЮНКТАД-аас зөвлөмж гаргасан. Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны талаар болон шууд хөрөнгө оруулалтад юүг анхаарах, хөрөнгө оруулалттай дам холбоотой салбар нэгжүүдэд хандсан гэх мэт хэд хэдэн зөвлөмжийг гаргасан байдаг. Харин энэ удаа тэдгээр зөвлөмжийн дагуу чухам юү хийсэн бэ гэдгийг дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, зөвлөмж гарснаас хойшхи нэг жилийн хугацаанд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчиндоо ямар ахиц олов, юу хийв гэдгийг бид тайлагналаа.
-Хуралд хэр олон орны төлөөлөл оролцсон бэ?
-НҮБ-ын гишүүн бүх орныхон урилгаар оролцох боломжтой байдаг. Манай улсын хэлэлцүүлэгт 70 гаруй орны төлөөлөгчид оролцсон. Хэлэлцүүлэгт орон орны Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна хувийн хэвшлийнхэн оролцож, санал бодлоо илэрхийллээ. АНУ, Канад, БНХАУ, Англи, Испани, Итали, Парагвайн төлөөлөгчид идэвхтэй оролцож, үг хэлсэн.
-Үнэлгээ яг юу гэж гарав?
-2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж буй Хөрөнгө оруулалтын хуулийг гадны хөрөнгө оруулагчид сайшаасан. Өндөр төвшинд боловсруулсан, дэлхий дахины глобал орчны үйл явцтай нийцсэн хууль болжээ гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газар зөвлөмжүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж, хууль эрхзүйн шинэчлэл хийж эхэлсэн байна гэдгийг онцолсон. Манай улсын хэлэлцүүлэгт олон төлөөлөгч оролцсон нь Монгол Улс хөрөнгө оруулалтын жагсаалтаас гарчихаагүй байна гэдгийг нотолж буй хэрэг л дээ.
-Эерэг дүгнэлтүүд ийм байж. Шүүмжлэл хэр байв?
-Мэдээж алдаа дутагдал бий. Үг хэлж, санал шүүмжлэл илэрхийлсэн хүмүүс ч энэ талаар дурдсан. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх нь уул уурхайн салбарт ногддог. Гэтэл манай эрдэс баялгийн салбарын орчин нөхцөл эргэлзээ төрүүлэхүйц, шийдвэр гаргахад хүндрэл учруулах зүйл олон байгааг хэлж байлаа. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, лицензийг царцаасан байдал нь хүлээлт үүсгээд байгааг тэд онцолж байсан. Түүнчлэн хөрөнгө оруулалтын шинэ хууль бусад салбарын хууль, эрхзүйн орчинд хэрхэн шингэж, амьдралд хэрэгжих вэ гэдгийг ихээхэн сонирхож байна. Манай улсын Засгийн газрын зүгээс дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх, төрийн хүнд суртлыг бууруулах, бүртгэл хураамжийг ил тод нээлттэй болгох гэхчилэн олон чухал ажлуудыг хийх ёстойг хөрөнгө оруулагчид хөндөж байна. Хөрөнгө оруулалтад хамааралгүй салбар гэж нэгээхэн ч үгүй тул салбар бүрт ахиц гаргахгүй бол хөрөнгө оруулагчид удаан хүлээх боломжгүй гэсэн мессэжийг өгч байна лээ.
-Шинэ хууль батлагдаж, мөрдөж эхэлснээс хойш хөрөнгө оруулалт 12.6 хувиар өссөн гэсэн мэдээллийг танай байгууллага вэбсайтдаа тавьсан байна. Хөрөнгө оруулалт буурч байгаа гэх сөрөг мэдээлэл дунд дарагдаад үлдсэн энэ өсөлтийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Хөрөнгө оруулалтын нэгдсэн дүнг гаргаж буй ганц байгууллага бол Монголбанк. Хөрөнгө оруулалтын өсөлт бууралтыг тус байгууллагын мэдээлснээр л тооцож байгаа. 12.6 хувийн өсөлт бол өмнөх сартай харьцуулсан харьцаа. Өмнөх жилүүдтэй харьцуулбал мэдээж буурсан. Ялангуяа хөрөнгө оруулалтын оргил он жилүүдтэй харьцуулахад өөр дүн гарах нь мэдээж. 2011 онд 4.9 тэрбум ам.доллар, 2012 онд 4.6 тэрбум ам.доллөрын хөрөнгө оруулалт Монгол орж ирж байсан шүү дээ. Өнгөрсөн онд 2.3 тэрбум ам.доллар болж буурсан. Ийн буурсан нь маш олон шалтгаантай. Уул уурхайн томоохон төслийн хэрэгжилт, явцтай холбоотой. 2011, 2012 оны өсөлт ч мөн дээрх төслүүдээс хамаарч байсан шүү дээ. Дээр нь лиценз олголтыг зогсоосон, Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан зэрэг олон шалтгаанаас үүдэн хөрөнгө оруулалт буурсан байдаг юм.
-Энэ онд хөрөнгө оруулагчид наашлах болов уу?
-Олон улсын төвшинд хөрөнгө оруулалтын байдал өнгөрсөн оноос нэмэгдэхгүй гэсэн прогноз гарсан байна лээ. Олон улсын төвшинд хөрөнгө оруулдаг компани, банкуудын хувьд ийм дүгнэлт гарсан нь манайд ч нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ манай улс харьцангуй жижиг эдийн засагтай. Жижиг эдийн засагт сул болон давуу талын аль аль нь бий. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж манайд маш их бий. Манай улс гадны хөрөнгө оруулагчдад хэдий хэрийн итгэл үнэмшил төрүүлэхээс шалтгаална. Ганц нэг томоохон төсөл хэрэгжүүлэхэд л өмнөх жилүүдийн амжилтыг давтах боломж бий. 2010 онд нэг тэрбум ам.долларт эргэлдэж байсан хөрөнгө оруулалтыг 2011 онд 4.9 тэрбум болгон өсгөж чадсан шүү дээ. Яг л түүн шиг өсгөх боломж бий. Уул уурхайн мега төслүүдээс гадна төмөр зам, автозам, эрчим хүч, цахилгаан станцын төслөө урагшлуулахад л өдий төдий хөрөнгө оруулалт дагалдах болно. Энэ бол жижиг эдийн засгийн давуу тал.
-Таны нэрлээд байгаа төслүүд энэ онд урагшлах боломжтой болов уу?
-Шийдвэрийг УИХ, Засгийн газрын төвшинд гаргах нь мэдээж. Хөрөнгө оруулагчид “Монгол Улс хөрөнгө оруулах боломжит төслүүдтэй, байгалийн нөөц баялагтай, мал аж ахуйн потенциалтай, хөрөнгө оруулах боломжит улс “ гэсэн дүгнэлтээсээ буцаагүй гэдгийг л онцлон хэлэх байна. Тиймээс эдийн засагт өгөөж өгөхүйцээр урагшлуулах хэрэгтэй байна.
-Хөрөнгө оруулалтын газар яг ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ. Гадны хөрөнгө оруулагчдыг татахын сацуу дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад ертөнцөд улс орноо сурталчлах үүрэг танай байгууллагад хамааралтай юү?
-Хөрөнгө оруулалтын газар бол хөрөнгө оруулалтын орчноо сурталчлах, орчныг сайжруулах чиглэлийн судалгаа хийж, бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй. Дээр нь хөрөнгө оруулагчдад цогц үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах учиртай. Монгол Улсад компани байгуулах, лиценз авах, ажиллагдын цалин хөлсний талаарх гэхчилэн бүхий л мэдээллийг өгдөг. Мөн хөрөнгө оруулагчдад эрхзүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Хөрөнгө оруулагчийн гомдлыг илрүүлэх төслийг ирэх зургадугаар сараас хэрэгжүүлнэ.
-Шинээр хөрөнгө оруулалт хийх сонирхол бүхий хүмүүсийг татахаас гадна нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид тандалт хийх ажил үгүйлэгдээд байх шиг санагддаг?
-Одоо ороод ирчихсэн хөрөнгө оруулагчид бол дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах гол түнш байдаг. Монголчуудыг ойлгодог, хамтарч ажиллаад сурчихсан хүмүүс байхын сацуу шинэ хөрөнгө оруулалтын 50-60 хувийг хуучин хөрөнгө оруулагчид авчирдаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс тогтвортой ажиллаж буй хөрөнгө оруулагчдад илүү боломж олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх зэрэгт анхаарч байгаа. Хөрөнгө оруулагч зардал, ашиг хоёрыг л тооцдог шүү дээ. Зардлыг нь бууруулаад өгчих юм бол ашиг нь өсч, тэр хэрээр хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэнэ.
-2014 он гарснаас хойш хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн бэ?
-Оны эхний нэгдүгээр сард 183 сая ам.доллар, хоёрдугаар сард 206 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гуравдугаар сарын дүн хараахан гараагүй, хүлээгдэж байна.
-Одоо чинь тавдугаар сар гарчихаад байна шүү дээ.Мэдээлэл их хожимдож гардаг байх нь ээ?
-Мэдээлэл нэг сар орчим хугацаагаар хоцорч гардаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын мэдээлэлд хоёр талтай хандах учиртай. Томоохон хэмжээний бизнесийн гэрээ, хэлэлцээр сараар бүү хэл жилээр хүлээгдэж хэрэгждэг байх жишээтэй. Нөгөөтэйгүүр статистик мэдээллийг хэрхэн гаргаж байгааг бодолцох ёстой. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтыг хэмжиж гаргадаг ганц газар нь Монголбанк. Монголбанк мэдээллээ арилжааны банкуудаас авдаг. Тухайн компанийн Монгол Улсын хил доторх данс руу гаднаас хөрөнгө оруулалт гэж орж ирсэн мөнгийг л нэгтгэж байдаг гэсэн үг. Түүнчлэн компаниуд хөрөнгө оруулалтаа бүрэн дүүрэн, нягт нямбай тусгадаг байхад анхаарахаас аргагүй. Ингэснээр хөрөнгө оруулалтын үр дүнг ч үнэн зөв гаргахад дөхөм болох учиртай.
-Хөрөнгө оруулагчид олширч байна уу?
-Хөрөнгө оруулагчдын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг. Тус байгууллагын гаргасан мэдээллээр энэ онд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдсан.
-Хөрөнгө оруулагчдын бүтцэд өөрчлөлт орж байна уу. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй орны тоо нэмэгдэх нь үү?
-Манай улсад гадаадын 110 орноос хөрөнгө оруулсан байдаг. Энэ бол их тоо. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ТОР-10 улсад Нидерланд, БНХАУ, Япон, АНУ, Итали гэхчилэн үргэлжилдэг. Манай улсын баримталж буй гол зарчим бол эдийн засгаа төрөлжүүлэх. Үүнийг дагалдаад хөрөнгө оруулалтыг ч төрөлжүүлэх шаардлага тулгарч байна. Хөрөнгө оруулалтын шинэ хуулинд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх эхний алхмыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуй, үйлчилгээ, технологи, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт хийж гэмээнэ хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. Нэг үеийг бодвол гадны компани болгон уул уурхайг сонирхохоо больчихоод байгаа нь сайшаалтай. Хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг, тэр дундаа эрүүл мэндийг үйлчилгээг сонирхох хандлага ажиглагдаж байна. Мөн газарзүйн төрөлжилтийг ч хуулийн хүрээнд багтаасан. Үүний дагуу бусад салбарынхан маань ч санаачилгатай ажиллах ёстой.
-Оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч тогтворжуулалтын гэрчилгээ олгож байгаа. Энэ хэр өгөөжтэй шийдвэр байв?
-Өгөөжөө өгнө. Тогтворжуулалтын гэрчилгээ олгох хэмжээг 2-500 тэрбум төгрөгөөр шаталж тогтоосон. 500 тэрбумаас давлаа гэхэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно гэсэн зүйл заалтыг ч оруулж өгсөн.
-Шинэ хуулийн талаарх мэдээ, мэдээлэл, татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлт, тогтворжуулалтын гэрчилгээний тухай ойлголтууд гадны хөрөнгө оруулагчдад хүрч байгаа юү?
-Хүргэх ажлыг бид хийж байна. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын өргөн олныг хамруулсан арга хэмжээ болгонд оролцож, мэдээлэл хүргэж байна. Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоодтой хамтран бизнес форум хийсэн. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт үгүйлэгдсэн салбараа түлхүү танилцуулах гэх мэт ажлуудыг хийж байна. Цаашид ч идэвхжүүлнэ.
-Дотоодын хөрөнгө оруулалт хэдэн хувийг эзэлж байгаа бол?
-Нарийн тооцож гаргахад хүндрэлтэй л дээ.
-Хоёулаа тооноос жаахан зугтаж тойроод л байнаа даа?
-Шууд тооцож гаргах агентлаг нь манай байгууллага биш л дээ. Хэдэн хөрөнгө оруулагч нэмэгдэв гэдгийг УБЕГ, дотоодын хөрөнгө оруулалтын мэдээг санхүүгийн тайлангаар нь Татварын ерөнхий газар, хэдэн ажилтан цалинжуулж байгааг НДЕГ гаргадаг байх жишээтэй. Бидний хувьд улирал, хагас жилээр нэгтгэж, дүгнэдэг. Сар тутам гаргах боломжгүй үзүүлэлт ч байна. Компани болгоны санхүүгийн тайланд хөрөнгө оруулалтыг нарийн тусгахгүй байх нь бий. Бичиж тусгалаа гээд хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй учир бичих сонирхолгүй байсан биз. Харин одоо бол өөр. Шинэ хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын бүртгэл ч илүү тодорхой болох боломжтой.
-Хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгээд байгаа Ашигт малтмалын хуулиас чухам юү хүлээж байна вэ. Танай байгууллага чухам ямар санал оруулсан бэ?
-Бид саналаа Эдийн засгийн хөгжлийн яамтай нэгтгээд Засгийн газарт өгсөн. Чухам ямар санал өгснийг хууль хэлэлцэж буй энэ цаг үед яримгүй байна. Харин юу хүлээж байна вэ гэсэн асуултын хувьд тодорхой зохицуулалт хүлээж байна гэж хариулъя. Бодлого ямар ч байж болно. Гагцхүү хоёрдмол санаагүй, гуйвуулж урвуулахааргүй, тов тодорхой хууль байгаасай, дагалдах журам гарахаар бол хурдан шуурхай гараасай л гэсэн хүлээлттэй байна. Энэ бол бидний гэхээсээ илүү хөрөнгө оруулагчдын хүлээлт юм.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛ