“Шар хэвлэлийн эцэг”

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

“Шар хэвлэлийн эцэг”

Жозеф Пулитцерыг орчин үеийн сэтгүүлзүйг үндэслэгч гэдэг нь санамсаргүй хэрэг биш юм.


Хэдийгээр нүдний хараа муу, угийн бие султай ч төрөлхийн сониуч зан, шинийг сурч мэдэх эрмэлзэлтэй  Жозеф Пулитцер хар ажилчнаас сонины магнат, хууль тогтоогч болтлоо дэвшиж чадсан нэгэн гэдэг нь түүнийг уншигчтайгаа танилцуулах хангалттай шалтгаан билээ. Түүний бодож олсон сэтгүүлзүйн зарчмыг орчин үеийн сэтгүүлзүйд баримталж байна. Ж.Пулитцер уншигчдад нэгийг бодогдуулах нийтлэлүүд, шуурхай мэдээнүүдээр Америкийн “the St. Louis Post-Dispatch” болон “the New York World” сонинуудыг хамгийн олон уншигчтай, ашигтай сонин болгож, үр хүүхэддээ хэдэн үеэр элбэг хангалуун амьдрах хөрөнгө бүтээсэн юм.


Жозеф Пулитцер Унгарын Мако хэмээх еврейн сууринд  төрсөн бөгөөд эцэг нь баян худалдаачин байсны ачаар хувийн сургуульд боловсрол эзэмшиж, франц, герман хэл заалгасан гэдэг. Түүнийг 17 настайд эцэг нь нас барж, бизнес нь дампуурч, эх нь дахин гэрлэсэн тул Ж.Пулитцер өөрийн зол жаргалаа хайн алсын замд гарчээ. Америкийн иргэний дайны үед Ж.Пулитцер Австрийн арми, Германы гадаадын легион болон Британийн армид элсэх гэсэн боловч чадалгүй, эцэст нь Германы Хамбург хотод морьт цэргийн хороонд бүртгүүлсэн байдаг. Дайн дууссаны дараа сохор ч зоосгүй, англи хэл ч маруухан  Ж.Пулитцер гаталга онгоцны галч, усан цэрэг, морин тэрэгний дэлбэгч, их тахлын үед булш ухагч, рестораны зөөгч зэрэг ажил хийж байжээ. Түүний хийж байсан ажлуудаас хамгийн адармаатай нь илжиг маллах байсан гэнэ. Эцэст нь түүнд газрын эрхийг бүртгэх ажил олдсон нь шавар шалбаагнаас гарах боломж гарчээ. Гэвч шинэ ажил нь англи хэл, хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулахыг шаардаж байв. Ж.Пулитцер 1867 онд л АНУ-ын иргэн болсон юм. Ж.Пулитцер тэр үед англи хэлийг улам сайн сурахаар номын санд олон цагийг өнгөрүүлдэг байжээ. Ирээдүйн сонины магнат тухайн үед герман сонины эзэн Карл Шурцтай танилцсан нь түүний аз болсон билээ. Шурц залуу, авхаалжтай Ж.Пулитцерыг биширч, түүнийг сониндоо сурвалжлагчаар ажиллуулав. Ж.Пулитцерын баримтын араас цөхрөлтгүй явж мэдээллийг хамгийн түрүүнд хүргэгч байх гэдэг амбиц нь хожим түүний сонины нийтлэлийн гол зарчим болсон юм. Ж.Пулитцер 22 настайдаа төлөөлөгчдийн танхимын дахин сонгуульд өрсөлдөж, ялсан бөгөөд Сэйнт-Луис хотын авлигын гол зангилаа болж байсан шүүхийг татан буулгах хууль батлуулж байжээ. Хоёрдахь удаагаа тэрээр 1870 онд төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан билээ. Сонгуульд ялагдсаныхаа дараа Ж.Пулитцер намаа сольж, демократ болсон аж.


Ж.Пулитцер улс төр сонирхдог байсан ч сэтгүүлзүй түүний ёстой жинхэнэ дурлал байсан аж. 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан, Сэйнт-Луисын “ Dispatch”, “ Post “ сонинг худалдаж аваач гэсэн санал иржээ. Дуудлага худалдаанаас 2500 ам.доллараар худалдан авсан нь хожим түүний нэрийн хуудас болсон билээ.Тэрээр худалдаж авсан энэ хоёр сонинг нэгтгэж “St. Louis Post-Dispatch” гэсэн шинэ нэр өгчээ. Өөрийн гэсэн сонинтой болсон Пулитцер хvссэнээрээ ажиллах боломжтой болов. Тэрээр сониныхоо эзэн, редактор, сэтгvvлчийн ажлыг өөрөө нэгэн зэрэг хийж байлаа. Сэйнт-Луис хотын энэ жижиг сониноороо Ж.Пулитцер хотыг муу муухай бүхнээс хамгаалахаар шийдэж, татвараас зайлсхийгчэд, хууль бус мөрийтэй тоглоомын бүлэглэлүүд,  даатгалын булхай, монополь банкууд болон хээл хахуулийн эсрэг зогсч байв. Үнэний дуу хоолой болж байсан энэ сонин эхний өдрөөсөө л дайснуудтай болсон билээ. “St. Louis Post-Dispatch” сонин сэтгvvлчийн эрэн сурвалжлах буланд нь тvvнтэй улс төрд хамт зvтгэж явсан хvмvvсийн талаар хайр найргvй бичигдэх болжээ. Энэ бvхний ачаар тvvний сонин богино хугацаанд Сэйнт-Луис хотын хамгийн нэр хvндтэй сонин болох нь тэр.


1880-аад оны эхээр Ж.Пулитцерын эрүүл мэнд эрс дордсон аж. Тэрээр  гэр бүлийнхээ хамтаар амралтаа авч Нью Йоркийг зорьжээ. Гэвч амрахаасаа өмнө “the New York World” сониныг худалдаж авсан юм. Тэрээр сониноо Нью Йоркоос гардан удирдаж, шинэ сониноо ч мөн “St. Louis Dispatch” зарчмаар явуулж байв.  “St. Louis Post-Dispatch” сонинг таван жил удирдсан туршлага дээрээ тулгуурлан Нью-Йоркийн сонинг дор нь хөл дээр нь босгожээ. Энэ үед Ж.Пулитцерын нүдний хараа бүр муудаж, бараг юу ч үзэхээ больсон бөгөөд ихэнх цагийг гэртээ, Либерти дарвуулт завин дээрээ өнгөрүүлэх болсон билээ. Ж.Пулитцер 1890 онд “the New York World” сонины байр 16 давхар барилга бариулсан нь тухайн үед Нью Йоркийн хамгийн өндөр барилга байв. “the New York World” сонин гэмт хэргийн, авлигыг шүүмжилсэн хурц нийтлэлүүдээрээ алдартай байв. “the New York World” АНУ-ын бэлгэ тэмдэг болсон “Эрх чөлөөний хөшөө”-г барихад хэрэгтэй байсан хандивыг цуглуулах кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэн ч сонирхохгүй, явж өгөхгүй байсныг олны анхаарлыг хандуулж чадсан гэдэг. “the New York World” мөн эрэн сурвалжилсан нийтлэлүүдээрээ алдартай байв. “The New York World”-ын эрэн сурвалжлах сэтгvvлч Нелли Блайны бичсэн “Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тухай” нийтлэл тухайн үед жинхэнэ шуугиан тарьсан нийтлэл болсон гэдэг. Сэтгvvлч эмнэлэг рvv нэвтэрхийн тулд сэтгэл мэдрэлийн өвчтөн болж жүжиглэн, эмнэлгийн хүйтэн байр, өвчтөнүүдэд хүнлэг бус ханддаг, өлөн зэлмүүн байлгадаг зэрэг үнэн байр байдлыг баримттайгаар бичсэн нийтлэлийн дараа хотын дарга сэтгэл мэдрэлийн эмнэлгийг шинээр тохижуулсан байна. Ж.Пулитцер сонины редакцидаа баримталдаг уриа нь  “Хөдөлшгүй үнэнийг товч тодорхой бичих” байв.


Ж.Пулитцерыг хамгийн шилдэг байхад сургасан хүн нь түүний өрсөлдөгч “the New York Journal”-ийн эзэн Уильям Херст байсан юм. Ж.Пулитцер У.Херстээс олон захиалга авахын тулд хэний ч сонсоогүй мэдээ,  сүржин гарчиг, гэрэл зураг, амралтын дугаарт зориулсан хошин зураг нийтэлдэг байсан нь өнөөгийн шар хэвлэлийн эхлэлийг тавьсан гэж үздэг.


Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ж.Пулитцер таг сохорч, сониноо ч уншиж чадахаа больсон бөгөөд хариуцлагатай нарийн бичиг нь түүний нүд чих болж байв. Эрүүл мэнд нь доройтсоноос Ж.Пулитцер хэд хэдэн хүний тусламжтай орноос босч явдаг болсон нь түүнийг хамгийн ихээр бухимдуулж  байжээ. Гэвч тэрээр шинийг сонсч, мэдэх сониуч зангаа гээгээгүй бөгөөд сониноо удирдаж, нийтлэлийнхээ бодлогыг чиглүүлж байсан гэдэг. Ж.Пулитцер 1911 онд 64 настайдаа Либерти дарвуулт завин дээрээ таалал төгссөн юм. Нас барснаас нь хойш үр хүүхдүүд нь хоёр сониныг нь эрхлэн явуулж байсан боловч “The World” сонин 1931 онд хаагдсан билээ. “The Post-Dispatch” сонин одоо хүртэл хэвлэгдэж байгаа боловч Пулитцерын гэр бүлийнхэн эрхлэн гаргахаа больсон юм. Ж.Пулитцерын гэрээслэн үлдээсэн хоёр сая ам.доллараар 1903 онд Колумбын их сургуульд сэтгүүлзүйн сургууль нээсэн бөгөөд Пулитцерын нэрэмжит шагналыг сэтгүүлзүй, утга зохиол, цахим сүлжээ, хөгжим, теарт зэрэг төрлөөр 13 шилдэг бүтээлд олгодог. 1917 онд хамгийн анх олгосон уг шагнал сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал юм.


Пулитцерын 98 дахь удаагийн шагналын эздийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд зарласан бөгөөд шагнал гардуулах ёслол энэ  сарын 28-нд Колумбын их сургуульд болох юм. Пулитцерын гол номинаци болох “Олон нийтийн төлөөх сэтгүүл зүй” төрөлд Америкийн “Вашингтон пост”, Их Британийн “Гардиан” сонины Америк дахь салбар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноудений дэлгэсэн нууц мэдээллүүдийн талаарх сурвалжлага, нийтлэлүүдээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.


Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №060

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж