-Нэмж 152 орчим хүний материалыг нягталж, сугалаанд оруулах эсэхийг шийднэ-
Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллын захиалгын сугалааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Байрны захиалгын сугалааны тохирол ирэх амралтын өдрүүдэд /тавдугаар сарын 10, 11-нд/ болох бөгөөд сугалаанд оролцох иргэдийн тоог одоогоор мэдээлэх боломжгүй, маргааш 12.00 цагаас хойш эцсийн байдлаар нэгтгэн гаргах гэнэ. Учир нь “Буянт-Ухаа 1” хорооллоос байр захиалах шалгуурт тэнцээгүй буюу гар утсанд нь мэссэж ирээгүй 152 иргэнээс гомдол ирсэн тул дахин нягтлах шаардлага гарчээ. Эдгээр нь ихэвчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дутуу, сар алгассан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тал дээр асуудал гарсан хүмүүсийн материал гэнэ.
Гар утсанд нь мэссэж ирсэн хүмүүс сугалаанд оролцох нь тодорхой бөгөөд харин зөрчилтэй 152 иргэний материалыг дахин нягталсны үндсэн дээр сугалаанд оролцуулах эсэхийг нь шийдэх аж.
Сануулахад, нэг м/кв нь нэг сая, 280 мянган төгрөг буюу хамгийн хямд үнэтэй орон сууцны хороолол болох Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар барьсан “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болсон. Тиймээс орон сууцны захиалгын бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар гуравдугаар сарын 10-24-ны хооронд 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Үүгээр нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн байна. ТҮЦ машинаар бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нягтлан дөрөвдүгээр сарын 28-нд шаардлага хангаж, сугалаанд оролцох эрхийн мэссэжийг иргэдийн гар утсанд явуулсан. Тэгвэл сугалаанд оролцох иргэдийг маргааш эцэслэн мэдэгдэх бөгөөд сугалааны тохирлыг тавдугаар сарын 10-ны 10.00-13.00 цагт, 11-ний өдрийн 10.00-14.00 цагт МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан гаргах юм.
У.БОЛОР