Жагсаал цуглаан, улаан хивс, улс төрийн “самраа” дүүрэн энэ өдрүүдэд “Гранд” ёстой хавар шиг гэгэлгэн адал явдал, шинэ содон мэдээ мэдээлэл бүхий нэгэн шинэ дугаараа өргөн барьж байна.
Баян Базараа гэргийгээ төрхөмд нь буцаав, “Алтан гахайн дайрлага” морь жилийн хурдаар хэрхэн үргэлжилж олны танил хэн хэн бие давхар болов?, гоолиг, ганц бие сахиулсан тэнгэр Э.Одгэрэлийн багш Б.Энхгэрэл нуувчнаасаа яагаад ил гарав, “Хулан” төвөөрөө нэг хэсэг шуугиулж асан Ж.Цолмонгийн олны нүднээс нуусан залуу амраг, гал тахидаг бөө-сайд Фортунагийн гэргий, С.Жавхлангийн экс гэргий Г.Долгормаа бие давхар болжээ зэрэг олон сонирхолтой мэдээллүүд фото зургаар баримтжин танд хүрч байна.
Дугаарын зочноор МУ-ын ҮХЦ-ийн гишүүн, Удирдлагын академийн зөвлөх профессор, МУ-ын Гавьяат багш, доктор Тогоочийн Лхагваа уригджээ. Хууль, улс төрийн ертөнц, өнгөрсөн цаг үеийн түүхэн мөчлөгүүд, өнөөгийн нөхцөл байдал гээд энэ эрхэмтэй ярилцах сэдэв өргөн цар хүрээг хамарсан байна. Сонирхуулахад, Т.Лхагваа Өөлдийн Галдан Бошигтын нутгийн хүү юм байна шүү.
“Сонгодог” булангаас Норвегийн зураач Эдвард Мункийн амьдрал, замнал, уран бүтээлтэй танилцах нь. Алдарт Ван Гогийн араас замнасан энэ эрхэм хүмүүн өнгөрсөн зууны эхээр Европт шуугиан тарьж байсан уран бүтээлч билээ.
Хаврын хаварт жагсаал цуглаан газар авдаг бол энэ жилээс Улаан хивсний ёслол гэгч нэмэгдлээ. Улаан хивсний ёслолын эрт эдүгээгийн түүх, монголын хөрсөнд энэ үзэгдэл яагаад нэг л эв дүйгээ олохгүй байгаа талаар “Гранд” багц сурвалжлага бэлдсэн байна. Парламентын пластик мэс заслын бүтээгдэхүүнүүд, холливуд жирэмслэлтийг утгаар нь үзүүлсэн бүсгүйчүүд, олны танил, бэлтэй эрхмүүдийн хөвгүүд охид хаана хаана эрдэм номын мөр хөөж буй, сүүлийн үеийн дуулианы эзэд болох Х.Тэмүүжин О.Баасанхүү хоёрын VS дүр зураг зэрэг олон сонирхолтой багц материалууд танд хүрч байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа амжилт бүтээл дүүрэн байгаа Гранд сэтгүүлийн хамт олны бас нэгэн бүтээл бол www.grandnews.mn сайт. Хоёр жилийн өмнө цахим орон зайд хонхоо дэлдсэн www.grandnews.mn өнгө төрхөө өөрчлөн, шинэчилж дахин та бүхний хүртээл болж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ дугаараас эхлэн www.grandnews.mn сайтын шуугиан сенсааци дагуулсан мэдээллийг тус сэтгүүл багцлан хүргэхээр болжээ. Мөн энэ удаад сайтын онцлог булангуудын нэг болсон “Гранд рейтинг”-тэй та сэтгүүлээр дамжуулан танилцах боломжтой юм.
“Гранд”-тай өдөр хоногийг уйдах завгүй өнгөрүүлээрэй.