“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг болов

Ардчилсан нам “Монгол хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөртөө 2020 он гэхэд иргэд хүний эрх, эрх чөлөөт байдал бүрэн хангагдсан шударга нийгэмд эрүүл, аюулгүй орчинд амьдрах. Мөн эрүүл мэнд, боловсролын түвшингээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрч эх орны баялагтаа бүрэн эзэн сууж, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдралд хүрсэн байх болно хэмээн үзэж байна.

Улс орон даяар хэлэлцүүлж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийн ес дэх удаагийн үйл ажиллагаа энэ сарын эхэнд Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа. Ардчилсан намын дарга, МУ-ын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн З.Энхболд, Л.Гүндалай, Х.Тэмүжин, намын ЕНБД Д.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга П.Гантулга, Б.Ургамалцэцэг, Ц.Жадамба гэх бүрэлдэхүүн бүхий  баг хүрэлцэн ирж зохион байгуулсан уг арга хэмжээ Хөгжимт драмын театр  нээлтээ хийсэн юм. Шуудхан хэлэхэд 2012 оны УИХ-ын сонгуулийн шоуны эхлэл болсон тус хэлэлцүүлгийн нээлтээр ЕНБД Д.Эрдэнэбат “Монгол хүн 2020 хэлэлцүүлгийг бид “Эдийн засгийн хувьсал” гэж нэрлэсэн. Яагаад гэхээр иргэнийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгоход бид нар орон нутгийн амьдралаас эхлэе гэж байгаа. Орон нутаг нь төрийн захиргаанд дулдуйдсан, Засаг даргын ямар ч хариуцлага байхгүй хавтгайрсан байдалтай байгаа учраас аймгуудаас ажлаа эхлэнэ” гээд өнгөрсөн жил Өвөрхангай аймагт зуд турхан болж, малчид малынхаа талыг хорогдуулсан явдалд аймгийн удирдлагуудыг буруутгалаа. Түүнчлэн аймгийн чадварлаг сэхээтнүүдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлын байраар үл хангадгаас “цус ойртох” хандлага гарч байгаа хэмээн шүүмжилсэн.  Тэрбээр хэлэлцүүлгийн 9 дэх аймаг Өвөрхангай таарсанд ихэд бэлэгшээж байна гэсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын нээлтийн үгний дараа  Лектор төвийн багш Ц.Баатархүү хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгч нарт сургалт явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт цугласан АН-ын гишүүд болох 600 орчим төлөөллийг “оюун санааны асаалттай лаа нар” хэмээн өргөмжлөөд үндсэн таван хэлэлцүүлгийн тухайд ойлголт өглөө. Тухайлвал “Эрх чөлөөтэй Монгол хүн” хэлэлцүүлгээр Монгол хүмүүс “Америкийн эрх чөлөөний хөшөө” шиг байж чадаж байгаа эсэх, “Эрдэм боловсролтой Монгол хүн” хэлэлцүүлгээр иргэний боловсрол, хүмүүжлийн боловсрол авч чадаж байгаа эсэх, “Эрүүл чийрэг Монгол хүн” хэлэлцүүлгээр эрүүл мэнд зөвхөн эмийн санд байдаггүй талаар, “Ажил орлоготой Монгол хүн” хэлэлцүүлгээр Монгол орон даяар ажлын байр байхгүй учраас хүмүүс ажилгүй байгаа, ажилгүй байгаа учраас ядуу байгаа, ядуу байгаа учраас архи ууж байгаа, архи ууж байгаа учраас нийгмийн сөрөг үзэгдлүүд гарч байгаа тухай, “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлгээр баялагтаа эзэн байх талаар онцлон илтгэлээ.
Дээрхи үндсэн таван хэлэлцүүлгийг гишүүд, төлөөлөгчдийнхөө дунд төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд иргэдээс гарсан санал шүүмжлэлийг үндэслэн хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс Өвөрхангай аймагт улс төрийн эрх чөлөө зөрчигддөг, хязгаарлагдмал байдаг, Нутгийн удирдлагын ордон бол гэр бүлийн ордон, ард иргэд амьжиргааны эх үүсвэргүйгээс шалтгаалан улсын нийслэл рүү олноор шилжиж байгаа, эрүүл мэндийн салбар дахь шударга бус тендрийн асуудлаас болж өвчтөнд чанаргүй үнэ хямд эм тариагаар үйлчилдэг, их эмчийн орон тоо хангалтгүй, эмч сувилагчдын нийгмийн хангамж сул, боловсролын систем тэр чигээрээ дотроо дампуурсан, багш нар согтуу хичээлээ зааж, сурагчдаа зоддог, багш нарт улирлын урамшуулал олгодоггүй, хонхны баяр лонхны баяр болсон, 13-14 насны охидууд жирэмсэлж, БЗХӨ-тэй болж байгаа, төрийн албаныхан соёлгүй, хүнд сурталтай, бичсэн төсөл алга болчихдог гэх зэрэг гомдол шүүмжлэлүүд тавигдлаа. Мөн Улаанбаатар хотын оюунлаг, гэгээлэг гэр бүлийг хөдөөний малчин гэр бүлтэй холбож, шефийн харилцаа тогтоох, багийн засаг дарга нарыг багийн зохицуулагч нэртэй болгох, сайн малчдын мал маллах арга барилыг залуу малчдад өвлүүлсэн урт хугацааны сургалт зохион байгуулж байх зэрэг сонирхолтой шинэ санаанууд гарсан юм.

Хэлэлцүүлгийг удирдагчдын зүгээс Өвөрхангай аймгийн ард иргэд Баянхонгорчуудаас илүү нутаг орноо хөгжүүлье, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн эрмэлзэл, тэмүүлэлтэй байгаа нь харагдлаа хэмээн үнэлж байсан.  Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр урлагийн тоглолт болж, сонгуулийн анхны шоу наадмыг төв талбайд зохион байгууллаа.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж