Улсын хөгжил иргэний хуримтлалаас

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Улсын хөгжил иргэний хуримтлалаас

Тэртээ өнгөрсөн зууны эхээр Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээсэн нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр. Угтаа бол энэ нь хүчирхэг эдийн засгийн үндэс халаасандаа төгрөгтэй, гудсан доороо мөнгөтэй,духандаа үрчлээсгүй иргэдээс тогтоно гэдгийг бидэнд ойлгуулах гэснийх болов уу. Дэлхийн 3 дахь том эдийн засаг болох Японы нэг өрхийн жилийн дундаж орлого 25 мянган долларийг давж, хуримтлуулсан хөрөнгө нь 200 мянган доллараас хальжээ. Энэ амжилт тэдний санхүүгийн зөв дадал, аливаа зүйлд арвич ханддаг зан араншинтай холбоотой гэж судлаачид үздэг. Харин бидний тухайд ямар байдаг билээ? Ирээдүйгээсээ зээлж үнэтэй машин, чамин гар утсаар гангарах нь хэвийн үзэгдэл болжээ. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар будаг нь ханхалсан тансаг зэрэглэлийн машинууд холхилдож, олонхийн халаасанд iPhone 5, Galaxy S5 дуудлага хүлээн түнтийж байна. Гэвч бидэнд өвчин зовлон, өр шир, хагацал гуниг зэрэг гэнэтийн эрсдэл тохиолдвол хэрхэх вэ? Машинаа барьцаалж, утсаа зарах уу? Энэ үед л хэдэн цаас цааш нь далд хийж байхгүй яав даа хэмээн толгойгоо барих хүмүүс олон бий.

Хуримтлалыг энгийнээр олсоноосоо бага зарцуулж, чадах хэмжээгээрээ хадгалах гэж  ойлгож болох юм. Хуримтлал үүсгэх алтан дүрмийг тасралтгүй, тасралтгүй бас дахин тасралтгүй гэж тодорхойлсон байдаг. Сэтгэлийн хөөрөлд автагдаад нэг удаад бөөн хийгээд мартах биш тогтмол хугацаанд өөрийнхөө боломжид тулгуурлан бага ч хамаагүй мөнгөө хуримтлуулбал илүү үр дүнтэй. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэгчлэн хэдэн жилийн дараа хураасан мөнгө тань алт болж түүгээрээ юу хийх нь таны дурын хэрэг болдог. Зарим нэг нь үр хүүхэд, эрүүл мэнд, чөлөөт цагтаа зарцуулж байхад санхүүгийн мэдлэгтэй бүлэг нь хөрөнгө оруулалтаар дамжуулан улам арвижуулж байдаг. 

Тэгэхээр хуримтлалтай хүн эрх чөлөөтэй байж таарах нь. Аливаа хил хязгаарт баригдалгүй сэтгэж, хүссэн зүйлээ санаа зоволтгүй хийх боломж бүрдэх нээ. Хуримтлал бол одоо олж байгаа орлогоо баталгаажуулах, өөрийн эрүүл мэнд, санхүүгийн тогтвортой амьдралыг хэвийн хэмжээнд хадгалах хувь хүний амьдралын тулгын чулуу юм.

Орлого олох боломжоо нэмэгдүүлэх, чухал шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байх нь хуримтлалтай болоход илүү ойртуулна.Мөнгөө хурмтлуулна гэдэг хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү зүйл. Хэр их хэмжээний мөнгө хуримтлуулах, хаана ямар хэлбэрээр хадгалах, эсвэл юунд хөрөнгө оруулах, хадгалсан эсвэл хөрөнгө оруулсан газар нь хэр найдвартай бас ашигтай байх гэх мэт олон асуудал гарч ирнэ. Иймд хуримтлалтай болохын тулд зөвхөн зардлаа багасгах нь хангалтгүй бөгөөд орлого зарлагаа зөв удирдаж тодорхой хэмжээний хуримтлал бий болгоход хувийн санхүүгээ төлөвлөх нь юунаас чухал байдаг.

Хувийн санхүүгээ төлөвлөх тухай нэгэн жишээ авч үзвэл:

Та 25 настай бөгөөд таны сарын цалиин 500,000₮ гэж бодоё. Хуулийн дагуу та нийт цалингийхаа 10%-г ХХОАТ-д, мөн НД болон өөр хэд хэдэн шимтгэл төлөөд таны гар дээр ирдэг цалин 400,000₮ болдог гэж төсөөлье. Та энэхүү мөнгийг зайлшгүй хэрэгцээгээр юунд зардаг вэ?

-Байрны түрээс                  100,000

-Ус цахилгааны төлбөр      10,000

-Холбоо утасны төлбөр      20,000

-Кабел, интернет                 10,000

-Ажилдаа явж ирэх зардал 30,000

-Хувцас авах                        20,000

-Хоол унд                           150,000

-Чөлөөт цагт                        50,000

гэж бодход НИЙТ           390,000₮

10,000₮ л таньд үлдлээ. Бараг энэ жишээ таньд үлдээлээ гэхээс биш бодит амьдрал дээр бол магадлал тун бага. Гэтэл дээрх зардал төлбөрүүдээс гадна та өвдөж гэмтээд эмчилгээ хийлгэх эмнэлэгт хэвтэх, найз нөхөд хамаатан садан дотны хэн нэгэн өвдөж гэмтэхэд, нас бархад мөнгөн тусламж үзүүлнэ, аав ээж хайртай хүмүүсийн төрсөн өдрүүд болно, бусад олон янзын тэмдэглэлт баярууд болно, шинэ эд зүйлс тавилга авах хүсэл төрнө, барьж байгаа утсаа сайжруулах шаардлага гарна, гэх мэт энэ их санхүүгийн хүндрэл, дарамтуудаас гадна одоо тодорхойгүй ч олон янзын эрсдлүүд тулгархад та хэрхэн давж гарна гэж? Хэн нэгнээс зээлэх, эсвэл ямар нэг хөрөнгөө зарж дээрхи үүссэн мөнгөний хэрэгцээг нөхөхөөс өөр сонголт бий гэж үү? Зээл гэдэг нь өсдөг өр гэсэн үг, төлөхгүй л бол өр өөрөө хорогдохгүй өссөөр л байна. Тиймээс хэрэглээний зардлаа зээлээр нөхнө гэдэг нь асуудал улам л хүндэрнэ гэсэн үг.

Энэхүү жишээний хувьд хуримтлал, даатгалын талаар тусгагдаагүй бөгөөд өөрөөр хэлбэл санхүүгийн ямар нэг зорилгогүй, ямар нэг эрдлээс өөрийгөө хамгаалах арга замаа бодож төлөвлөөгүй гэнэн хөөрхийлөлтэй нэгний дүр зураг харагдаж байна. Түүгээр ч зогсохгүй ид залуу насны хийж бүтээх насандаа эрч хүчээр дүүрэн, ирээдүйн талаар төдийлөн төлөвлөх завгүй яваа хувиараа ажил хийдэг, гадаадад хараар ажиллаж амьдардаг залуус хэдэн мянгаараа бий. Тэд бүгд бусад сайн дурын даатгалд үгүй юм гэхэд нийгмийн даатгалд хамрагдсан уу гэвэл үгүй. НД-д хамрагдаагүй учраас хүч чадал нь шавхагдаж тэтгэвэрийн насанд хүрч, орлого олох чадваргүй болсон үедээ тэдгээр мянга мянган залуус маань нөгөө зайлшгүй хэрэгцээний төлбөр, зардлуудаа хаанаас хэрхэн нөхнө гэж?

Бид хувийн санхүүгээ төлөвлөснөөр санхүүгийн байдлаа бодитоор хянах бололцоо үүсэж, ингэснээр мөнгө олох, түүнийгээ зөв ашиглах, хуримтлуулах, өсгөж арвижуулах талаар илүү ухаалаг шийдвэр гаргах боломж бүрдэж, санхүүгийн ямар нэг эрсдэл учирахаас сэргийлж, санхүүгийн хувьд бусдаас хараат байдал багасан үгүй болж, ирээдүйдээ итгэл дүүрэн, сэтгэл зовох зүйлгүй өөдрөг амьдрах итгэлтэй, боломжтой болно.

 

Д.Санчир #sanchir1206

Та эдгээр шилдэг нийтлэлүүдийг www.mongolforum.mn хуудснаас үзэх боломжтой бөгөөд сайтанд бүртгүүлэн өгөгдсөн хэлэлцүүлгийн дагуу нэг өгүүлбэрээр үзэл бодлоо илэрхийлээд  300,000₮-ний номын санг бэлгэнд аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж