Брянскийн депутатад хүчингийн хэргээр эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Брянскийн депутатад хүчингийн хэргээр эрүү үүсгэжээ

Никифор Жуков

 

Оросын Мөрдөн байцаах товчоо Брянск мужийн орон нутгийн депутат Никифор Жуковт насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчин болон садар самуунд уруу татсан гэх үндэслэлээр эрүү үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад Жуков 14 нас хүрээгүй  хүүхдийг хүчирхийлсэн 17 тохиолдол, гурван тохиолдолд насанд хүрээгүй хүүхдэд сексийн шинжийн хүчирхийлэл гаргасан, урьдчилан тохиролцсоны дагуу насанд хүрээгүй хүүхдийг бүлэглэн хүчирхийлсэн нэг тохиолдол, 16 нас хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орсон 168 тохиолдол, мөн долоон охиныг архи, согтууруулах ундааны хамааралтай болгоход уруу татсан зэрэг нь батлагдсан байна.

 

2007 оны долдугаар сараас 2013 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд депутат гэмт хэргээ Брянск мужийн гурван районы нутаг дэвсгэрт үйлдсэн ба түүнээс 11-17 насны 30 сурагч хэлмэгджээ. Жуков  хэрэг бүрээ нэгэн схемээр үйлдэж байсан гэнэ. Тэрээр ядуу айлын сурагч охидтой танилцан машинаар  хүнгүй газар очин мөнгөөр бэлгийн харьцаанд орохыг санал болгодог байж. Депутат хүүхдүүдэд 500-1000 рубль өгч, болсон хэргийг ярихгүй гэсэн амлалт авдаг байжээ. Нэг биш удаа уулзаж байсан долоон охиныг тэрээр системтэйгээр архи хэрэглэж сургажээ.

 

Хэрэгт татагдсан 62 настай депутатын хоёр машин, үл хөдлөх хөрөнгийн дөрвөн байгууламж, хоёр газрыг нь битүүмжлэн хураасан байна. Хэлмэгдсэн охидын эцэг эх нь шүүхэд хандан түүнээс 20 сая рублийн нөхвөр нэхжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж