Арвайхээрийн тариаланчид зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн тариаланчид зөвлөлдөв

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар,  Хөдөө аж ахуйн тасгаас жил бүр зохион байгуулдаг “Тариаланчдын зөвлөгөөн”-ийг өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв.  Зөвлөгөөнд 60 гаруй тариаланч оролцож, өөрсдийн өмнө тулгамдаад буй асуудлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ч.Чинбат, ерөнхий агрономич Д.Пагма, Тарагт сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ нараас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Зөвлөгөөнөөр сумын Засаг даргын орлогч Д.Мягмар “Арвайхээр сумын Газар тариалангийн өнөөгийн байдал”, аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Д.Лхагважав “2011 онд Газар тарилангийн чиглэлээр хийх хяналт шалгалт”, сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Д.Янжиндулам “ХХААхуйн тасгийн үйл ажиллагаа”, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.Бумханд “2011 оны цаг агаарын төлөв байдал”-ын талаар тус тус илтгэл тавьж, тариаланчдаас санал асуулга авсан юм. Мөн сумын Засаг дарга Т.Гончигдорж тариаланчдын өмнө байнга тулгамдаж байдаг усны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2010 онд гурван хэсэгт гүн өрмийн худаг гаргахаар Монтегео ХХКомпанитай гэрээ хийж, тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөнөө дурьдсан нь тариаланчдад “чихэнд чимэгтэй” мэдээ байв.

Энэ үеэр Дайргын гол, Хүрэмтийн ногооны талбайд ногоо тариагүй иргэдийн талбайг чөлөөлж, дахин хувиарлахыг ногоочдын саналын дагуу шийдвэрлэхээр болж хэмжилтийг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Дайргын голын урд талбайд,  энэ сарын 1-ны өдөр Хүрэмтэд хийхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн С.Даваадагвын үг, СТА, хөгжмийн зохиолч Д.Дашзэвэгийн хөгжим “Дайргын гол” дууны клипны анхны зураг авалтыг хийсэн юм. Зөвлөгөөнөөс талбайгаа бүрэн хашаажуулъя, хөрсөө сайжруулъя, талбайгаа бүрэн дүүрэн, технологийн дагуу ашиглая, талбай бүрийг трубан хоолойгоор услая, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлье, Дайргын голын эхийг хамгаалъя зэрэг долоон төрлийн уриалга гарч бодит ажил болгохоор шийдвэрлэлээ.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж