–Улс төрийн угшилтай хөрөнгө оруулалт энэ салбарын толгойг нь уруу харуулж орхисон. Толгой нь уруу харсан хүн хэр удаан тэсэх билээ. Гэхдээ одоо урсгал сөрж сэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл сэтгүүлчид бид мэргэжлийн байж чадвал улстөрчид бидэнд зааж чадахгүй. Сониноор улстөрчийг ч, ялааг ч алдаг гэдэг биз дээ-
УИХ дээр өчигдөр яригдсан зүйлийг хараад өөрийн эрхгүй “горимын санал” байна гэж хэлэхээс аргагүй болов. Эрхэм гишүүдин ихэнх нь ярьж байгаа сэдэв болох “хаалтын гэрээ” гэдэг талаараа ойлголтгүй эсвэл огт өөр ойлголттой байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг сүүлийн хоёр гурван жил хүмүүсийн ярианы эргэлтэд ороод байгаа “хэвлэл мэдээллийн хаалтын гэрээ”-ний тухай гишүүд маргасан. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" гэсэн горимын саналаас үүдэн ийм яриа чуулганы танхимд үүдлээ.
Гишүүдийн ярианы явцад зарим нэг гишүүн сонин зүйл ярив. Хэвлэлийн салбараас эрхэм гишүүний сэнтий хүртэл карьер хийсэн нэгэн “ийм зүйл өнөөг болтол огт хараагүй” гэсэн бол зөвхөн эерэг тоон үзүүлэлтийг түүн авч пиардаж байгаа нэгэн “тийм зүйл огт байхгүй, байгаа бол болих хэрэгтэй” гэв. Аль аль нь үнэн. Учир нь, ийм зүйл хаана ч байхгүй учраас хараагүй нь үнэн, мөн мөнгөөр зөвхөн нэг талын байр суурийг сурталчилж бодитүнэнийг бүрхэгдүүлж байгаа бол болих хэрэгтэй гэдэг нь бас үнэн.
Үүнээс үүдэн зарим нэг тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Нэгдүгээрт, хаалтын гэрээ гэдэг зүйлийг аль ч хэвлэлийн редакц хийдэггүй. Учир нь, энэ бол хууль бус үйлдэл. Харин төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудтай Хамтын ажиллагааны гэрээ гэдэг зүйлийг хийдэг. Ийм хамтын ажиллагааны гэрээний нэг заалт нь “хамтран ажиллаж байгаа байгууллагын талаар сөрөг мэдээлэл түгээх бол хамтран ажиллагч талаас нягтална” гэсэн утгатай. Чухамхүү үүнийг л хаалтын гэрээ хэмээн цоллоод байгаа юм.
Хаалтын гэрээ бий болсон “түүхэн нөхцөл”
Одоогоос арваад жилийн өмнө ч хэвлэлийн редакциуд ийм хамтын ажиллагааны гэрээ хийж, зар сурталчилгаа явуулж, үүгээрээ санхүүждэг байсан. Гэхдээ жинхэнэ бизнесийн утгаар нь. Харин одоо яригдаад байгаа шиг гажсан хэлбэрийн хамтын ажиллагаа цэцэглэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй шууд хамааралтай. Зах зээлийн зарчмаар нь бодвол Монгол шиг бага хүн амтай, үндэсний үйлдвэрлэл бараг байхгүй зах зээлд одоо байгаа мэдээллийн хэрэгслийн тоо дэндүү олон. Сонин, телевиз, сайт, радио гээд нийлүүлээд үзэхэд бараг 600 дөхөхөөр байна. Ийм тооны мэдээллийн хэрэгсэл зар сурталчилгааны орлогоо хуваан амьдардаг гэж тооцвол бүгд шүлс шиг орлогыг олно. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ингэж олширсон нь мөнгөтэй эрхмүүд /үүнд улстөрч, бизнесмэн, төрөөс төрсөн тэрбумтанууд багтана/ улс төрийн эрх мэдэлд хүрэх, улс төр эдийн засгийн зорилгоор өрсөлдөгчөө балбах, тархи угаалт хийж бодит байдлыг гуйвуулах зорилгоор хэвлэл рүү мөнгө цутгаж эхэлсэнтэй холбоотой. Хуучин цагт өдөр тутмын сонин, телевизийн суваг шинээр нээхийн тулд редакц бүрдүүлнэ гэдэг баргийн хүний сэтгэлд багтахааргүй хариуцлагатай, том ажил байсан юм. Харин одоо бол хуучин ажиллаж байгаа уламжлалт редакциудаас “бичиг үсгийн дамжаа”-гаа дүүргэсэн нэгнийг илүү цалин амлан дарга сэтэр зүүлгээд редакц бүрдүүлдэг болж. Хэвлэл мэдээлэл дэх тоон үзүүлэлт дээшилснээс биш чанар урвуугаар буурсан нь үүнтэй холбоотой.
Хэвлэл рүү өөр зориулалтын хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэнтэй зэрэгцэн гарч ирсэн нэгэн шинэ үзэгдэл нь захиалгат бичлэг, захиалгат нэвтрүүлэг юм. Энэ нь хуучин цагийн ойлголтоор суртал ухуулга. Хэвлэл мэдээллээр “балбуулсан” нэг нь эргээд хэвлэлээр “хариу балбах” болно. Бүүр “балбасныг баллуурдах” гэдэг нэр томъёо хүртэл гарсан. Мөн улс төр, эдийн засгийн тодорхой зорилго бүхий “кампанит аян”-ыг санхүүжүүлэх замаар хэвлэлд мөнгө цутгаж байна. Тодорхой хүн эсвэл бүлэг “мэдээллийн вакуум орчин”-г зохиомлоор бүрдүүлж, нэг талын байр суурийг нүдэх маягаар зорилгодоо хүрэх явдал ч бий болсон. Энэ бүхэн “хаалтын гэрээ” гэдэг сөрөг ойлголтод багтаад байна. Ийм маягаар тухайн редакц ганц сар ч гэсэн хэдэн хүний цалин тавих мөнгө олж байгаа ч үнэн мэдээлэл авах эрхтэй уншигч, үзэгч хөсөр хаягдаж байгаа юм. Мэдээж буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг шиг хэвлэлийнхэн болоод улстөрчдийн энэ бусармаг явдал олон нийтийн зэвүүцлийг төрүүлээд байгаа нь зүй ёсны юм.
Хаалтын гэрээг халах “түүхэн нөхцөл”
Онолын хувьд сонин, сэтгүүл уншигчийн захиалга болон үүргийн борлуулалт, телевиз, радио үзэгч, сонсогчийн төлбөр, үүндээр нэмээд зар сурталчилгаанаас олсон орлогоор хэвлэлийн редакц санхүүждэг. Зар сурталчилгаа гэдэг нь жинхэнэ зар сурталчилгаа шүү, монголчуудын ойлгодог тархи угаалт биш. Ингэхдээ зар сурталчилгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйн тулд мэдээллээс ангилж, энэ нь төлбөртэй сурталчилгаа гэж ойлгогдох газар байрлуулах хэрэгтэй байдаг. Чухам ийм зааг ялгаа байхгүй болсныг өнгөрсөн оны сүүлээр шуугиан тарьсан Монгол HD телевизийнхний “МакДональдс-ийн салбар Улаанбаатарт нээгдэнэ” гэдэг зориуд тараасан мэдээ нотолсон билээ.
Бодит үнэн мэдээлэл, чанартай контент бэлтгэн түгээж, түүнийг хэрэглэгч энэ үнэн шүү гэж итгэн сэтгүүлч бидний хийж байгаа сонин, сэтгүүлийг худалдан авч, телевизийн нэвтрүүлгийг үзсэний төлөө мөнгө төлж редакциудыг санхүүжүүлэх учиртай юм. Гэтэл өнөөдөр хэдэн хүн мөнгө төлж, бидний хөдөлмөрийг үнэлж байгаа билээ. Монголчуудын үнэгүй зүйлд нугасгүй зан ч мөн энд нөлөөлж байгаа хэлэхэд илүүдэхгүй. Үүнийг өнгөрсөн Сочигийн олимпийн үеэр гарсан “төрөөс дэмжлэг үзүүлж бидэнд олимп үзүүлэх хэрэгтэй” гэх утгатай хэл яриа ч батална. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар Монголд сурталчилгаа нийлүүлэгч хэдхэн байгууллага байдаг. Үүрэн телефоны компаниуд, банкууд зэрэг. Нэгэнт мөнгөө зараад сурталчилгаа хийлгэж байгаа компаниуд мөнгөө үр дүнгүй зарахгүй тулд хамгийн олон хэрэглэгчтэй мэдээллийн хэрэгслийг сонгон сурталчилгаа байршуулах ёстой боловч үүнд нь хөрөнгө оруулагч, эзэд нөлөөлөх маягаар оршин тогтнох боломжгүй редакциудыг тэжээсээр байгаа нь нууц биш. Энэ нь ямар хор уршигтайг нөлөөлж буй эзэд ойлгохгүй. Яагаад гэвэл, тэд хэвлэл мэдээллийг бизнес гэж харж хөрөнгө оруулаагүй, оруулсан хөрөнгөө эрх мэдлээр буцаан нөхөж авна гэсэн бодолтой байдаг. Авлигажсан төсвийн нэгээхэн хэсэг энд эргэлдэж байгаа нь нууц биш. Гэхдээ гэнэтхэн өчигдөр ийм зүйл болоод эрхэм гишүүд санамсаргүй мэдээд жинхнээсээ дургүйцээд байна гэж андуурав. Үе үеийн Засгийн газар өөрсдийн бодлого үйл ажиллагаагаа сурталчилсаар ирсэн. Харин Шинэчлэлийн Засгийн газар хамгийн тарчиг нь гээд үнэнийг хэлчихвэл тэд гомдохгүй гэж найдъя.
Мэдээж хэвлэлийн салбарт тэр чигтэй намаг балчигт шигдчихээгүй байна. Ёс зүйтэй, сэтгүүл зүйн уламжлалаа хадгалан яваа редакциуд цөөнгүй байгаа. Харамсалтай нь эдгээр редакц ёс зүй яриад суугаад байх уу, улстөрчдөөс хэвлэл рүү шидэж байгаа булууны яснаас адилхан мэрэлцэх үү гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Авъяас чадал, оюун ухаанаараа шударга өрсөлдөн мэргэжлийн нэр хүндээ авч гарах хүсэлтэй сэтгүүлч олон байна. Зарим нэг сэтгүүлч, редакц “хаалтын гэрээ” хийхгүй гэж зарлаж байгаа нь нэн сайшаалтай. Гэвч шударгаар өрсөлдөх орчин бүрдээгүй энэ цаг үед сайн дураараа дампуурах уу, аль эсвэл бусдын адил тогоотой будаанаас идэх үү гэдэг сонголтын өмнө хэзээ мөдгүй ирнэ. Улс төрийн угшилтай хөрөнгө оруулалт энэ салбарын толгойг нь уруу харуулж орхисон. Толгой нь уруу харсан хүн хэр удаан тэсэх билээ. Гэхдээ одоо урсгал сөрж сэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл сэтгүүлчид бид мэргэжлийн байж чадвал улстөрчид бидэнд зааж чадахгүй. Сониноор улстөрчийг ч, ялааг ч алдаг гэдэг биз дээ.
Д.НАРАНТУЯА