Португальд өрнөх Мадридын дерби

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Португальд өрнөх Мадридын дерби

– “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод нэг улсын нэг хотын хоёр баг шалгарч байсан удаагүй. Энэ жил Испанийн нийслэл Мадрид хотын “Реал” болон “Атлетико” багууд шалгарсан. Хөлбөмбөг сонирхогчид бид түүхэн тоглолтын гэрч болно-

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2013-2014 оны улирлын аварга тавдугаар сарын 25-нд Португаль улсын нийслэл Лиссабон хотноо тодорно. Энэ улирлын “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод Испанийн нийслэл Мадрид хотын “Реал”, “Атлетико” багууд шалгараад байна. Энэ хоёр багийн тоглолтыг “El Derbi Madrileсo” буюу Мадрид хотын дерби гэж нэрлэдэг. Мадрид хотын дерби өрсөлдөөн энэ жил хамгийн дээд төвшиндөө хүрсэн. Учир нь Испанийн нийслэл Мадрид хотынхон дийлэнх нь “Реал Мадрид” багийг дэмждэг. “Атлетико Мадрид” “Реал Мадрид” багийн нэр хүнд, алдар гавьяа, амжилт, алдартай од хөлбөмбөгчдийн сүүдэрт дарагдсаар ирсэн. Харин энэ жил “Атлетико Мадрид” тун гайхамшигтай сайн тоглож байгаа нь өрсөлдөөнийг ийнхүү сонирхолтой болгож байгаа юм.  

Европын хөлбөмбөгийн холбоо 1955 онд энэхүү тэмцээнийг “Аваргуудын цом” /Цомтой багуудын цом гэж нэрлэдэг/ нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр  “Аваргуудын лиг”-ийн тэмцээн өдгөө 59 нас хүрсэн гэсэн үг. 

1992 оноос “Аваргуудын лиг” болгон, одоогийнх шиг 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр зохион байгуулалтыг өөрчилсөн юм. Ингэснээр тэмцээний чанар чансаа, нэр хүнд өссөн билээ. 1992 оноос хойш “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд жил дараалан түрүүлсэн баг гараагүй байна. Үүнээс тэмцээн ямар өрсөлдөөн дунд өрнөдгийг харж болно.

 “Реал Мадрид” болон “Атлетико Мадрид” багууд “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд хамгийн сүүлд 1958-1959 оны хагас шигшээд тоглож байсан. Тухайн үед “Аваргуудын лиг”-ийн тэмцээн “Европийн цом” нэртэй байсан. Тус тэмцээнд 2:1-ийн харьцаатай “Реал Мадрид” баг өрсөлдөгч “Атлетико Мадрид”-ыг хожиж байжээ. Түүнээс хойш хоёр баг “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд тоглосон удаагүй. Хоёр багийн Европийн тавцанд гаргасан амжилт тэнгэр, газар мэт ялгаатай. “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд Испанийн эзэн хааны өлгийтэй хүүхэд гэгддэг “Реал Мадрид” баг  есөн удаа түрүүлсэн. Харин “Атлетико Мадрид” 1974 оны улиралд ганцхан удаа шигшээ тоглолтод шалгарч, Германы “Байерн Мюнхен” багт хожигдож байсан түүхтэй. “Атлетико Мадрид” 40 жилийн дараа “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт хэмээх хатуу босгонд хүрлээ. Давах уу, 40 жилийн өмнөх түүх давтагдах уу гэдгийг нь тавдугаар сарын 25-нд дэлхий нийтээрээ харна.  

Харин “Реал Мадрид”  хамгийн сүүлд 13 жилийн өмнө буюу 2001 онд Германы “Байер Ливеркузен” багийг 1:0-ийн харьцаатай хожиж, “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. 2001 оны Шотланд улсын Глазгов хотын “Хампден Парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод орсон, хожлын цорын ганц гоолыг “Зизугийн гуядалт” түүхэн тэмдэглэн үлдсэн. Францын алдарт хөлбөмбөгч Зинедин Зидан Бразилийн домог, зүүн жигүүрийн хамгаалагч Роберто Карлосын дамжуулалтаар  оруулсан гоол “Реал Мадрид” ес дэх түрүүг авчирсан юм. Түүнээс хойш 13 жилийн турш Испанийн Кастиль хэмээх үндэстнийг дэлхийд төлөөлдөг “Реал Мадрид” баг “Аваргуудын лиг”-ийн цомыг хүртэж чадаагүй. Товчхондоо бол “Реал Мадрид” Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн цомоор “өлсч” яваа баг  билээ.

“Реал Мадрид” багийн Лисабон хүрэх зам: “Реал Мадрид” 2013-2014 оны “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд В хэсэгт Туркийн “Галатасарай”, Данийн “Копенгагин”, Италийн “Ювентус” багт багтсан. Хэсгээ оноогоор тэргүүлж, нэгдүгээр байраар шалгарсан юм.

Хасагдах шатны тоглолтуудад Германы “Шальке 04”, “Боруссия Дортмунд”, “Байерн Мюнхен” багуудыг хожиж, шигшээ тоглолтод шалгарсан. “Реал Мадрид” энэ улирал Германы лигийн хамгийн хүчирхэг гурван дараалан хожсон нь бас нэгэн түүхэн амжилт юм. Германы лиг өдгөө хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг, өрсөлдөөнтэй лигийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Гэтэл “Реал Мадрид” Германы багуудыг илт илүүрхэн хожсон. “Реал Мадрид” баг “Шальке 04”-ийг 7:2, “Боруссия Дортмунд”-ыг 3:2, “Байерн Мюнхен”-ийг 5:0-ийн харьцаатай хожжээ.

Мөн “Реал Мадрид” багийн лидер Криштиан Роналду 2013-2014 оны улиралд 16 гоол оруулж, дээд амжилт тогтоогоод байна. Өмнө нь “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси 2011-2012 оны улиралд 14 гоол оруулж байсан юм.

“Атлетико Мадрид” багийн Лисабон хүрэх зам: “Атлетико Мадрид” энэ жил “Аваргуудын лиг”-ийн ОХУ-ын “Зенит”, Австрийн “Австри Вена”, Португалийн “Порту” багуудтай G хэсэгт багтсан. “Аваргуудын лиг”-ийн хамгийн сулхан хэсэг бол “Атлетико Мадрид” багтай G хэсэг байсан. “Атлетико” ч асуудалгүй нэгдүгээр байраар хэсгээс шалгарсан юм. Харин хасагдах шатад Италийн алдарт “АС Милан”, нутагт нэгт “Барселона”, Английн “Челси” багуудыг дараалан хожиж, шигшээд шалгарсан. Хасагдах шатны тоглолтуудад “Атлетико Мадрид” үнэндээ торолгүй өрсөлдөгчөө хожсон.

“Атлетико Мадрид” 40 жилийн өмнө буюу 1974 оны тавдугаар сарын 15-нд Бельгийн Брюссель хотын “Хэйсэль” цэнгэлдэх хүрээлэнд Германы “Байерн Мюнхен” багтай “Аваргуудын лиг”-ийн шигшээд өрсөлдсөн. Хоёр багийн тоглолт үндсэн цагт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн учир нэмэлт цагт тоглосон. Нэмэлт цагийн 114 дэх минутад “Атлетико Мадрид” багийн хамгийн агуу хөлбөмбөгч Луис Арагонес гоол оруулсан. Энэхүү гоолын эзэн Луис Арагонесийг хөлбөмбөг сонирхогчид 2008 онд Испанийн шигшээ багийг дасгалжуулан Европын аварга болгосноор сайн мэднэ.

Гэсэн ч Германы “Байерн Мюнхен” багийн хамгаалагч Ханс Георг Щварценберг 120 дахь минутад гоол оруулснаар хоёр багийн тоглолт тэнцэж байсан түүхтэй. Тухайн үед торгуулийн 11 метрийн цохилтоор ялагчийг тодруулдаг дүрэм байгаагүй. Тиймээс хоёр хоногийн дараа буюу 1974 оны тавдугаар сарын 17-нд дахин Бельгийн Брюссель хотноо дахин тоглосон. Гэсэн ч энэ тоглолтод Германы “Байерн Мюнхен” баг “Атлетико Мадрид” багийг 4:0-ийн харьцаатай хожжээ.

Ийнхүү 2013-2014 оны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний аварга тодрох мөч тун ойртлоо. Хөлбөмбөгийн хорхойтнуудын Бразиль улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл хамгийн их ярих сэдэв нь “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод байх болно.

Б.БИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №060

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж