Д.Зоригтыг ”Зооглох” нь хэнд ашигтай юм бэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг ”Зооглох” нь хэнд ашигтай юм бэ

Гурван гишүүн нэг сайдыг чихдэв. Нөхөд ажилдаа орц­гоожээ. Харин эзэн ууртай байна. Тиймээс нөхөд санд­ралгүй яах вэ. Сандар­сандаа тэд сайд Д.Зориг­тыг дахин чихдэж байгаа нь тэр. УИХ дахь “хүлэг баатрууд” мань сайд руу хэдэнтээ дайраад бүтэлгүйтсэн удаатай. Харин манай гурав энэ удаад гавьяат үйлс бүтээхээр хамтарсан Засгийн газар тийш хүлгийн жолоо залцгаав. Бүр “Эрдэнэс атгасан сайдыг танхимаас нь чирч гаргаж ирээд нам огцруулна” хэмээх уран зөгнөлдөө автацгаажээ. Тэг­мэгцээ “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг өдөр, шөнөгүй “манасан”-ыхаа төл­бөрт юу ч авахгүй” гэв. “Энэ бол үндэсний эрх ашгийн тө­лөөх тэмцэл” хэмээн сүр бад­руулав.

Гурван гишүүн удтал бодсоны эцэст нэгэн тоог бодож олцгоов. Тэр бол дордохын 7. Гэвч энэ нь мань гурвын хувьд азын тоо гэнэ. Бүр гавьяат үйлсээ бүтээх эцсийн боломж нь. Тиймээс нөхөд яаравчлалгүй яах вэ. Сонгууль ч дөхөж, цаг ч бага үлджээ. Эзний уур ч арилаагүй байна. Иймд эрхэм гурван гишүүн тохой нийлүүлэн сууж байгаад “Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэл” хэмээн тодоос тод бичицгээв. Тэгмэгцээ эцэс төгсгөлгүй урт өгүүлбэр зохиов. Тэд ингэж бичжээ. “УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаарт заасан эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруу­лалтыг нөхсөний дараа тө­рийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийд­вэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл 30 жилийн хугацаатай Тогтвортой байд­лын гэрээ байгуулсан нь энэ тогтоолыг үл биелүүлсэн, ноцтойгоор зөрчсөн гэрээний заалт болжээ” гэж. 

Гэвч энэ бол УИХ-ын эрхэм гишүүдийн гаргасан шийд­вэ­рүүдийн нэгээхэн тусгал нь. Тэр ч бүү хэл гишгэсэн мөр нь. Тиймээс сайд Д.Зоригтыг УИХ-ын гишүүдтэй нүүрэлдүүлэх цаг болсон. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед хэн, хэн гэдэг улстөрчид популизм хийж байсныг нь эргэн сануулах мөч тохиолоо. Өөрийг тань огцруулахаар зүтгэгсдэд “Оюутолгойг тойрч, зургаан жил хэрэлдсэн ч “галт тэрэг”-ийг хөдөлгөж чадсан нь тун олзуурхууштай явдал” хэмээн хэлж байсныг нь эргэн сануулаарай, Д.Зоригт сайд аа.   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хаврын чуулганыг нээж “Хувьсгалыг бид хэдийнэ хийчихсэн. Харин одоо ажил хийх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг баталснаар монголчууд нийтээрээ урагш нэг алхлаа” хэмээн олзуурхсан удаатай. Гэвч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр огт өөр үг хэлж байна. “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авна. Оюутолгой, Тавантолгойг Монголын ард түмэнд өгнө” гэж. Хэргийн эзэн олдов. Үндэсний эв нэгдлийн болон их эвслийн Засгийн газрын үед “Оюутолгой” гэж хэлмэгц хэрүүл үүсдэг байсны гол шалтгаан тодорхой болов. Энэ бүхний ард экс Ерөнхийлөгч л байж. “Ерөнхийлөгчийн авдар тусдаа, ард түмний авдар бас тусдаа” гэсэн бодлого явуулдаг байсных нь ул мөр ч тодорлоо. Харин хамтарсан Засгийн газар улс төрийн “их халалт”-ыг ажралгүйгээр хоёр толгойн асуудлыг шийдвэрлэсэн нь яалт ч үгүй түүхэн үйл явц юм.

Ингэхэд Д.Зоригтыг “зооглох” нь хэнд ашигтай юм бэ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх үед УИХ 57 дугаар тогтоол гаргаж, Засгийн газарт тусгай даалгавар өгч байсан. Хамтарсан Засгийн газар гэрээний нөхцөлийг сайжруулах “гэрийн даалгавар”-аа амжилттай биелүүлж, “Баярын марш” дор дээрх гэрээг баталсан байх аа. Мань гурван гишүүн ч тэрхүү party-д оролцсон. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан тэр өдөр үндэсний баярын дайтай л байсансан. Харин одоо УИХ-ын 57 дугаар тогтоол, Тавантолгой, тун удахгүй барих гэж буй Дулааны V цахилгаан станцаар барьцаалж, хамтарсан Засгийн газрын танхимд “мина” дэлбэлэх гэж буй нь нэгэнт хуучирсан арга болжээ. Элэгдэж, эвдэрсэн энэ үзэгдэлд УИХ-ын гишүүд ч ач холбогдол өгөхгүй байна. Хамтарсан Засгийн газар огцорвол хэн, хэн зоолох нь тодорхой учраас тэр. Мэдээж хэрэг, эзэн ихэнх хувийг хүртэнэ. Үлдэгдэл дээр нь түүний албатууд зоолно. Гэвч Оюутолгой, Тавантолгой бол Д.Зоригтын асуудал биш. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг билээ. Эрхэм гурван гишүүн ч үүнээс хувь хүртэнэ.   

C.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж