
Ноолуурын дэлхийн зах зээлд өмнөд хөрш 60 хувь, Монгол улс 30 хувийг нийлүүлдэг. Харин сүүлийн үед хятадууд ноолууран бүтээгдэхүүн гадагш нь экспортлохоо багасгасан бөгөөд зах зээлийн эрэлт их байгаа энэ үед ноолуурын салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн хуулийн төслийг санаачлагч Засгийн газрын төлөөлөгчид онцолж байв.
Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн үеэр энэхүү бодлогыг шүүмжлэх гишүүд цөөнгүй байв. Шүүмжлэлийн гол агуулга нь ихэнхи түүхий эд ченжүүдийн гарт орчихсон үед хөрөнгө оруулалтын бодлого оруулж ирж байгаа нь оройтсон зүйл биш үү гэж байв.
Сангийн сайд С.Баярцогт энэ зээлийн талаар “Уул уурхай хөгжихийн хэрээр бусад салбар өрсөлдөх чадвараа алдах гээд байна. Бид бусад салбараа бодлогоор дэмжих хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт гэх асуудал бий. Монголын брендийг бий болгохын тулд үндэсний компаниуд нэгдэх хэрэгтэй болоод байна. Хятадын зах зээлтэй өрсөлдөхийн тулд нэгдсэн нэгтгэл бариад онд багтаж оруулдаг бонд байдлаар гаргах л бодлого” гэсэн байна.