Арсен Аваков
Украины зүүн нутгийн Славянскийн районд Оросын талыг баригч 30 босогчдыг устгасан гэж мягмар гаригт Украины Дотоод хэргийн яамны сайд Арсен Аваков мэдэгдэв.
Энэ хотод мөргөлдөөний улмаас Украины дөрвөн цэрэг алагдаж 20 нь шархадсан тухай Facebook дэх өөрийн хуудаснаа Аваков мэдээлжээ. Мягмар гаригт тус улсын орос хэлтнүүд голлодог зүүн хязгаарын үймээнийг дарах хамгийн амбицтай ажиллагаа нь хотын олон районд буудалцаанд хүргэв.
Славянскаас өмнө зүгт 120 км-ийн зайтай Донецкийн нисэх буудал мягмар гаригт хаагдаж, нислэгүүд хойшилсон байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу нислэгүүд зогсоосон гэж тайлбарлав. Оросын талын босогчид Славянскт том калибрийн буу зэвсэг, миномёт хэрэглэж байгаа гэж Аваков даваа гаригт мэдэгдээд Засгийн газрын цэргийн эсрэг 800 орчим босогчид тулалдаж байна гэжээ.
Хүчнийхэн Славянскийг дайрч эхлэв
Украины цэргийнхэн лхагва гаригт шилжих шөнө Славянск хотыг дайрч эхэллээ гэж Оросын РИА Новости дамжуулав. Гэрч нарын яриагаар хотод хоёр хүчтэй дэлбэрэлт гарч, буудалцаан үргэлжилж байна. Дайралт эхэлснийг сүмүүдийн хонхны дуу нийтэд зарлав. Өөрийгөө хамгаалах хүчнийхний эсрэг Украины үндэсний гвардийн дайчид довтолж байна. Мөн тэдэнд “Барууны секторын” радикалууд туслаж байгаа ажээ. Тус хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсож, хүмүүс гэр орондоо бүгж байна. Украины арми хотыг дайрахдаа их буу ашигласан тухай эх сурвалжууд дамжуулж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР