
Нэгдүгээр сараас эхлээд дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн Сагсанбөмбөгийн лиг уржигдар орой өндөрлөв. Жил бүрийн хавар залуусыг Спортын ордонд шавуулдаг тэр жишиг өнөө жил ч давтагдлаа. Ялгаатай нь гэвэл “Моннис” групп ивээн тэтгэсэн учир “Ниссан премьер лиг” нэрийн дор зохион байгуулсан. Ер нь ивээн тэтгэгч нь хэн байхаас хамаараад жил бүр дээд лигийн нэр өөрчлөгддөг болсон. Бас лигт анх удаа орсон “Ав-Атар” баг аваргын цомын төлөө өрсөлдөж шуугиан тарьсныг ч энд онцлох ёстой. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар ч тэр үү, эсвэл энэ спортод “нугасгүй” цөөн улстөрчийн нэг болоод ч тэр үү шувтаргын тоглолтуудыг алгасалгүй үзсэн юм. Тоглолт бүрт өөрөө “орж”, тэр, энэ баг гэхээсээ илүү хамгийн уран гоё довтолж, хаалт тавьж байгааг нь “балиашиглаж” байгаа харагдсан. Өөр хэн нэгэн дарга байсан бол “Цом гардуулахдаа намайг дуудаарай” гээд л хөндийдүүхэн алхаж явах ч байсан юм билүү. Угаасаа ашгийн бус сонгуульт алба гээд ор нэр төдий хандаж ч болно. Дуртай юм гэдэг цаанаа өөр. Морь ярихаар ухаанаа алдчихдаг улс шиг л… Ц.Мөнх-Оргил гишүүнийг хуульч, дипломатчаас гадна шаггүй сагсчин явсан, одоо ч зав л гарвал бөмбөг “хөөдөг” хүн гэдгийг хүмүүс андахгүй. “Тоглохгүй л байгаа болохоос хөлбөмбөгийг надаас илүү мэдэх хүн байхгүй” гэж алдарт Пеле зодог тайлаад нэлээд удсан хойноо “томорсон” байдаг. Сагсанбөмбөгийн орчин үеийн хөгжлийг нүдний өмнө харуулж, үндэсний бөхөөс өөр юм зохиогддоггүй байсан “хөгшин” ордныг залуусаар дүүргэхэд сагсны дээд лиг ихээхэн нэмэр болж буй. Харин Монголын сагсны дээд лигийн шанг татсан “лигчин”, хожмоо Пеле шиг “томорч” чадах хүний нэг бол маргаангүй Ц.Мөнх-Оргил билээ.
Н.МӨНХТӨВШИНЗохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин