Манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулах болсон. Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Сэлэнгэ мөрний дагууд нутаглаж буй малчид шар усны үерээс сэрэмжлэхийг цаг уурчид хэлж байна.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 7, 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй ажээ. Салхи өнөөдөр нутгийн баруун хэсгээр, энэ сарын 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурах юм байна. Тавдугаар сарын 11-нд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ийнхүү өнөөдрөөс зарим нутгаар хүйтэрч байгаа тул малчид, тариаланчид анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулсан бөгөөд мал төллөлтийн явцын мэдээллийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас тодрууллаа.
-Мал төллөлтийн явц одоогоор ямар байна вэ?
-Улсын хэмжээнд энэ жил 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоотой. Одоогийн байдлаар 19.4 сая хээлтэгч малаас авбал зохих нийт төлийн 86 хувЬ буюу 13.4 сая төлийг хүлээн аваад байна. Мал бойжилт улсын хэмжээнд 99.6 хувьтай байна.
-Сүүлийн үед цаг агаар хэд хоногоор сэрүүссэн. Үүнтэй холбоотой хүндрэл, бэрхшээл гарсан уу?
-Мал төллөлт Дорнод, Өмнөговиос бусад аймгууд 50-аас дээш хувьтай байна. Үүний дотор Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай аймгууд 80-аас дээш хувьтай байгаа.Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар хур тунадастай, салхины эрч зарим үед ширүүсч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ч байгалийн гэнэтийн үзэгдлээс шалтгаалж хохирол гараагүй.
Б.МИШЭЭЛ