Тавдугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтийн хэмжээнд “Эх баригчдын өдөр” болгон зарласан байдаг бөгөөд манай улс 2007 оноос хойш тэмдэглэж байгаа гэнэ. Жилийн 365 хоногийн цөөнгүйг баяр наадамд зориулдаг монголчуудад тэмдэглэлт болон нэрэмжит өдрүүд нэрмээс болж байгаа нь нууц биш. Аль нэг ажил мэргэжил, онцлог үйл явдал, сар жилийн аянаар нэрийдсэн энэ олон тэмдэглэлт өдрүүдийн тоо сүүлийн жилүүдэд улам л өссөөр байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад л гэхэд эмч нарын өдөр, сувилагчдын өдөр, эх баригчдын өдөр гэхчилэн хэд хэдэн нэрэмжит өдөртэй. Тэдгээрийн нэг нь өчигдөр тохиолоо. “Хүйн ээж бид, айл бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэсэн эх баригчдын өдрөөр манайдаа л урдаа барьдаг нэгэн гавьяатын тухай тун таагүй мэдээ factnews.mn сайтад нийтлэгдэж, олон нийтийн сүлжээгээр тархан олныг гайхашруулан алмайруулав. “Таны төлөө бид” гэх сайхан уриатай нэгэн эмнэлгийн хяналтад найман сар явсан хэр нь төрөхийн өмнөх хүндрэлд нэрвэгдэж, хүнд байдалд орсон нэгэн эмэгтэй өөрт тохиолдсон явдлаа ийн бичжээ.
Аавыгаа алдаад яг нэг сар, нэг хоногийн дараа миний бие муудаад хугацаанаасаа 20 хоногийн өмнө хүүхдээ гаргахаар болсон. Шалтгаан нь миний бие битүү усан хавантай болоод хүүхэд маань бүтэлттэй, мөн хавантай болсон байсан. Өөрийн биеийн жин дээр огцом 30 кг хаван нэмсэн гэсэн үг. Та бүхэн гайхаж байгаа байх. Намайг ийм болтлоо юу хийж байсан юм бол гээд. Би хувийн эмнэлэгт нэг сартайгаасаа эхлээд хяналтад орж энэ хугацаанд гурван удаа хаван буулгах эмчилгээ, тонусны эмчилгээг хэвтэж байх хугацаандаа хийлгэсэн. Үр дүн бага, хаван буухгүй, нүүр гар хөл хүн танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Та бүхэн итгэхэд бэрх ч би өмнө 63 кг жинтэй байсан ч төрөхдөө 113 кг болж нэмсэн. Бүхэл бүтэн 50 кг нэмэгдсэн байхад Монголын урдаа барьдаг, гайхалтай нэр хүндтэй эмч миний хаванг наадах чинь чиний идэж идэж ууж байгаагаас болсон. Энэ бол хаван биш, чи дэндүү тарган болсон байна гэж хэлээд онцын эмчилгээ хийдэггүй байсан. Ийм хүнд байхад нэр хүндтэй хэдэн сар хяналтад нь байгаа эмчдээ би итгээд л таргалчихаж хэмээн өөрийгөө бодож байлаа. Гэтэл хүүхдийн маань зүрх гурван удаа зогсоход тэр өндөр төлбөртэй эмнэлгийн эмчилэгч эмч нар “Одоо өөрөө л мэд. Бид хийх зүйлээ хийсэн, чи Эх нялхас явсан дээр байх аа. Бид нар хүүхдийг чинь болно бүтнэ гэж хэлэхгүй, манайд хүүхдийн аппарат хэрэгсэл байхгүй. Түүнээс бол хагалаад авах амархан гэж байсан.
Бүхэл бүтэн найман сар сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод дээр нь хүүхдээ алд гэж хэлсэн…
Амаржаад удаагүй нэгэн эх ийн гомдоллож байна. Эх баригчдын өдрөөр эх барих, эмэгтэйчүүдийн салбарт манлайлагчдын талаар ийм таагүй мэдээлэл цацагдлаа. Уг нь энэ 2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Оны эхний дөрвөн сарын байдлаар энэ асуудалд анхаарлаа хандуулж долоо хоног бүр нийслэл, аймгуудад хэд хэчнээн эх амаржиж байгаа тэднээс хэд нь төрөхийн хүндрэлд орсон, шинэ мэндэлсэн нярайн хэд нь юуны учир эрсдэлд учирсан талаарх мэдээллийг авч эхэлсэн тухай Н.Удвал сайд өгүүлж байсан. Ийнхүү анхаарахаас ч аргагүй нөхцөл үүссэнийг дээрх эмэгтэйд тохиолдсон явдал болон доор дурдсан ганц нэгхэн жишээ ч бас батлан харуулж байна.
…Э.Хонгорзул 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр нийслэийн III амарих газарт эмч Н.Оюунгэрэл, Н.Батзаяа, сувилагч Н.Ганчимэг нарын гар дээр амаржихдаа кесарво хагалгаа хийлгэсэн аж. Гэтэл хагалгааг хийсэн эмч, сувилагч нар гэдсэнд нь нэг метр хэртэй урт самбай /марль/ үлдээчихсэн байжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орж, уг самбайг нь авсан байна…
…О.Дашмаа бүсгүй 2009 оны арванхоёрдугаар сарын 22-нд II амарих газарт анхныхаа хүүхдийг төрүүлжээ. Арванхоёрдугаар сарын 23-ний үүрээр 06 цагийн үед түүнийг төрүүлэх гэж эмч нар гэдсэн дээр маш хүчтэй дарж, нилээн ноцолдож байж төрүүлсэн байна. Хүү нь бүтэлттэй төрсний улмаас эндсэн төдийгүй дотуур цус алдалтын улмаас бүсгүйн савыг нь авсан байна. Гэвч энэ тухайгаа эмч нар нуужээ…
…Нийслэлийн II амаржих газрын эмч нарын харицлагагүйгээс болж Т.Байгалмаа бүсгүй долоон сар тээсэн хэвлий дэх үрээ алдсан төдийгүй төрөлтийн үед их хэмжээний цус алдаж, мөн л зарим эд эрхтэнийг нь авчээ. Тус төрөхийн эмч нар түүний хэвлий дэх ургийг төрүүлэх гэж байгаад умайг нь задалж улмаар мэс ажилбар хийн савыг нь авсан байна. Ингэхдээ өндгөвчийг нь үлдээсэн гэж худал мэдүүлжээ…
Энэ мэт харамсалтай жишээ олон бий. Жишээлэн дурдсан хохирогчдын хувьд дааж давшгүй хүнд байдалд орж, тэсэхээ байгаад хэвлэлд хандсан нь энэ. Тэдэн шиг хэвлэлийнхэн болоод хууль хяналтын байгууллагад хандсан нь тун цөөн. Цаана нь хэнд хандаж, хэрхэн гомдоллохоо ч мэдэхгүй “Миний л хувь тавилан биз” хэмээн гансарч суугаа эхчүүд болон өнчирч хоцорсон үрс тоймгүй олон.
Эмч хүн алдах эрхгүй, эмчийн алдаа бүрийн цаана хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хувьд хоёр болон түүнээс олон хүний амь насыг гартаа атгаж байдгаараа илүү хариуцлагатай. Гэтэл сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, амаржих газруудын ачаалал хэт ихэссэн гэх шалтгаанаар эх, хүүхдийн эрүүл мэнд эрсдэлд ороод байгаа юм. Үүнээс болж бүсгүйчүүд хүүхэд тээж, төрүүлэхээс айж байна.
Танил тал, найз нөхөд нь амаржих газарт ажилладаггүй хүн хүүхэд төрүүлэхээр зориглосныг харанхуй ангал руу үсэрсэнтэй адилтгах болжээ. Гэтэл манай улсын хүн амын тоо хэд билээ. Хүчирхэг, чадварлаг улс орон болоход хүнээс хэрэгтэй нь үгүй гэх хэрнээ эхчүүд, эмэгтэйчүүдээ айж эмээлгүй хүүхэд тээж, төрүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгааг хэрхэн ойлгох вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхны цалин, хангамж сайнгүй. Тэглээ гээд тангараг өргөсөн эмч хүн цалинд нь тааруулж ажиллах эрх бий юү. Үнэхээр цалингийн хэмжээ, ажлын ачаалал таалагдахгүй бол өөр сонголт хийх эрх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад бий. Аль нэг хувийн компанид хар борхон ажил хийгээд эмчийн цалингаа аваад явах боломж байгаа. Нэгэнт л эмчээрээ ажиллана гэж шийдсэн бол төр засгаас олгож буй цалин, өгч буй хангамжийг чамлаж, түүнийхээ горыг эгэл иргэдэд гаргах эрх эмч нарт байхгүй. Учир нь тэд тангараг өргөсөн хүмүүс. Цэрэг, цагдаагийнхны нэгэн адил хатуу тангарагтай улс. Гудамжинд хүмүүс зодолдож байхад, эсвэл хэн нэгэн аваар осолд орчихоод байхад “Би цалиндаа тааруулж ажиллана” гээд орхиод явдаг цагдаа үгүй. Гэтэл үхэл амьдралын заагт очсон өвчтөндөө хатуурхан, аашилж загнадаг эмч захаас аван зөндөө байна.
Хүүхэд төрүүлэхээр амаржих газрыг зорин очиж буй эхчүүдэд, шинэ хүнээ цаг минут тоолон хүлээх ар гэрийнхний хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг ямархан баяр баясгалан байдаг билээ. Харин тэр баяр баясгалан эмч нарын гарт байдаг. Эмч хүсвэл эрүүл саруул төрүүлнэ, эс хүсэл эрсдэлд орж мэднэ. Ингэж бодогдохуйц ааш авир, дүр төрхтэй эмч, сувилагч нар төрөх газруудад олон болжээ. Хүүхэдтэй болох гэж догдолсон баяр баяслыг тэдний ааш авир үлдэн хөөх төдийгүй төрөхийн өмнөх өвдөлт, зовиур шаналалыг улам нэмж орхино. Төрөлтийн хүндрэл ч эхчүүдийн сэтгэхүйтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Айж түгшсэн, загнуулж сандарсан хүн ямар ч үйлийг төгс хийх боломжгүй. Төрөхийн өмнөх өвдөлтийг тэсч ядаж байгаа хөөрхий эхчүүдийг эмч нарын ширүүн авир нэрмээс болж, улам хүнд байдалд оруулдгийг үгүйсгэх аргагүй.
Сүүлийн үед бүхий л үйлчилгээний салбарт сэтгэл ханамжийн баталгааг чухалчлах болсон. Гэтэл үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид огтхон ч анхаардаггүй ганц газар нь эмнэлэг. Өвдсөн хүн эмнэлэг бараадахгүй гээд очих газаргүйг мэддэг, мэдэрдэг эмч нарт, тэр дундаа амаржих газрын ажилтнуудад “Тэд ирэхгүй гээд хаачихав. Ирэхгүй бол сайн л биз” гэсэн хандлага байсаар байна. Тиймээс авч буй цалин хөлсөндөө тааруулж ажилладаг хүмүүсийг хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай эмч нараар сольё. Эх, хүүхдийг эрсдлээс хамгаалахын тулд эхний ээлжинд эмнэлгүүдийг хяналтын камертай болгож, эмч нарыг үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийн баталгаа өгдөг болгоё. Эс тэгвээс эмэгтэйчүүд жирэмслэхээс айсаар, Монголын үрс олшрох бус цөөрсөөр байх болно. Уг нь жирэмсэлнэ гэдэг өвчлөл биш, буруу үйл бүр ч биш.
Д.ЦЭЭПИЛ