Монголын төр өө, хүнээ заавал авна шүү

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Монголын төр өө, хүнээ заавал авна шүү

“…Тогтуун инээж гунганаад нэг л эгдүүтэй амьтан болж байна, Дөлгөөн хэл ам нь гүйцэгдэхгүй, хумсаа будаж, эргэлддэг палааж өмсөөд гүйж байна… Нэг мэдсэн энд ирсэнээс хойш таван сар өнгөрчээ…” Энэ бол Англи улсад хоригдож байгаа Б.Хурцын эхнэр Сарнайн саяхны мессеж.

”Олуулаа болоод, аавыгаа аваад харинаа” гэж өөдрөгөөр харж, баргийн бүсгүй хүнээс гарахгүй тэвчээр зааж байсан найзын минь үгс ховордох тусам юу хэлж аргадахаа мэдэхгүй болчих юм. Эдний дөрвөн хүүхдийн хамгийн бага нь цагаан сарын дараа, аавыгаа хоригдоод хагас жил шахам болох үед төрсөн нялх амьтан. Одоо чүү ай олддог эргэлтийн цагаар аавынхаа гар дээр унтаж байгаад буцдаг. Эгч нь хоёр ойтой, төрсөн өдрийнх нь бялууны лааг урьд орой нь үлээлгэчихээд аав нь Лондон ниссэний маргаашаа шоронд орсон. Хоёр ах эгч нь арай том оо.

Том том гээд ээждээ яаж хань болж чадах? Ийм том бэрхшээл, гай, юу гэмээр юм, сорилтын өмнө  хэнбугайн ч, ямар ч гэр бүл хэцүүднэ. Гэхдээ бүхэл бүтэн улсын төрийг ингэж удаан барьц алдаж, иргэнээ өмгөөлж чадахгүй, хүлээлт, гацаанд орно гэж хэн санахав дээ? Төр нь иргэнээ суллаад авчихна гэсэн итгэлтэй ах дүү, анд нөхөд нь цөхөрч байна. Хурц шиг жирийн төрийн албан хаагчдын зүрхэнд шар ус хурж, төрийн даалгавар гүйцэтгэх урам, эр зориг, найдвар мохож л байгаа нь бодит бус хэрнээ хамгийн том хохирол юм даа. Удахгүй болох давж заалдах шатны шүүх хурал ямар ч үр дүн авчирсан гэсэн, дотор бөглөөд буй зүйлсийг хэлж амарсугай.

Хурцынхан гэж хэн бэ?

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Хурцынхныг нэг л олигархи, багтаж шингэхийн аргагүй баян тарган улс мэтээр зарим сэтгүүлч бичиж байсантай би төдийгүй тэднийхэнтэй ажил төрөл, анд нөхдийн хүндэтгэлтэй элгэмсэг харьцаанд байдаг өч төчнөөн улс ердөө ч санал нийлдэггүй. Хурцынхан бол удам дамжсан төрийн албан хаагчдын төлөөлөл бөгөөд харин илүү сэхээтэнлэг, шинэлэг, ардчилсан сэтгэлгээтэй явж ирснээрээ бусдаас ялгардаг байж мэднэ. Сайн муу аргаар их улс төр хийж яваа, магадгүй, Хурцаар тахил өргөж байгаа “тас хөлдүү баагийнуудын” хажууд тэрбээр юм үзэж нүд тайлсан. Бага залуудаа эзэмшсэн боловсрол төдийгөөр ч биш ээ.

Толстойн “Война и мир”-т Волконскийг “Он потомственный аристократ, что предательство- для него ни в какие ворота…” гэж байдагчлан, Хурц хэдийнээс хэн нэгнийг барьж өгөөд амиа аваад гарчих,одоо цагийн “олигархи” сүйхээтэй, ёс жудаггүй амьтан биш. Тийм тусам нь төрийнх нь болоод ард иргэдийнх нь өмгөөлөл агаар ус мэт хэрэгтэй байгаа юм.

Хурцын эхнэр Сарнай ч гэсэн, монголчууддаа асар гавъяатай, шилдэг сор сэхээтнүүдийн үргэлжлэл юм. Би эднийхний удмын түүхийг хувь заяаны эрхэм сайхан тохиолоор мэддэг болоод удаж байна. Ү.Ядамсүрэн гэж Ардын зураач, төрийн соёрхолт нэгэн их хүн өвөг эцэг нь бөгөөд хориотой цагт үндэсний үзлээсээ болж хавчигдаж, матагдаж, шагнал урамшлаас хасагдаж явсан гэдгийг дүрслэх урлагийн сургуулийн хашааны  нохой ч хуцах байх. Ядамсүрэн гуайн талаар академич Базарын Ширэндэв их сайхан хэлсэн байдаг юм. Нэгэн үед амьдарч яваа хүнээ, нэг монгол нөгөөгөө ийн магтах нь одоо ч нүдний гэм биз.

Үнэн шударга үгтэй, яхир Ширэндэв “Ядамсүрэн бол гадаад байдлаараа ч, үүнээс илүүтэй, дотоод чанараараа гайхамшигтай сайн сайхан, эх орондоо ховор хүн” гэж хэлсэн байдгаас нь  эднийхний шүншиг мэдэгдээд байдаг юм. Сарнайн эмээг тэгвэл ямар хүн байсан гэж санана? Маанаг, үхэр монголчууд бид дээл хувцсаа хаяж голоод, орос ах эгч нарыг дууриан майгаа гайхуулж явахад Ядамсүрэн гуайн маань хань, жинхэнэ орос эмэгтэй Люня  дээл тоорцог урлаж, ур аргыг нь бичиж тэмдэглэж, түгээн дэлгэрүүлж хойч үедээ хүргэсэн, язгуур урлагийн нэгэн төрөл зээгт наамлыг мартагдах аюулаас аварсан хүн юм. Муу найзыг минь, Сарнайг маань   олигархийн баян авгай ингэхдээ таарна ухааны юмыг интернетээр бичиж мэдрэлтэж байгаа доод төвшний амьтас хэрхэн энэ тухай мэдэх?

Монголчууд нэгнээ боорлохдоо ямар сайн юм бэ? Ухаандаа, ядуу ардууд олигархийн эсрэг тэмцэж байна гэж санаж дээ чааваас. Дунд сургуулийн үерхлээс өдийг туултал хамт яваа, амьдрал ахуйгаа өөрсдөө босгож, чадлаараа хөдөлмөрлөж яваа нь биднийхээ нүдэнд ил тод хоёр найзаа их юмнаас эс гэхэд ядахнаа  сургаар туйлшрагч  ийм тэнэгүүдээс өмөөрмөөр болдог юм. Сарнайн, ерөөс Хурцынхны  гэр бүлийн өрнөн дэлгэрсэн багавтархан бизнес бол цэцэг худалдаалахаас эхтэй гэж санах сайхан байна. Манайхны цэцгийн худалдаа гэж, үхэж байгаа нэг муу баахан хятад улаан хүрэн сарнайг гожийтол ганц ганцаар нь боочихоод, боронз шүршчихээд энэ тэр зардаг шиг биш. Цэцгийг цэцэг шиг харагдуулахад Ядамсүрэн, Люня, Үржнээ нарын үл үзэгдэх уран хуруунууд тэнгэрээс тусалж байгаа мэт тийм гоё баглаа болдог, тийм ч учраас цэцгийн бизнес нь л гэхэд даруйхнаа өгөөжөө өгч эхэлсэн юм.

Баглаа хийж, гацуур чимэж, хана будаж, өрөө тохижуулж, ерөөс өөрт байгаа бүхнээ зөв сайхнаар бүтээж, цаг наргүй хөдөлмөрлөж, урлагтай гоё амьдардгаараа Сарнай маань бусдад хайрлагддаг. Энд, олж байгаа мөнгөний дүн хамаагүй. Сарнайгийн маань хүмүүст, АТГ-т, атаархагчдад илүү үзэгдээд байгаа зүйл ердөө энэ. Нэгэн цагт, Ядамсүрэн гуай зуслангийн модон  байшин барьсныхаа төлөө яаманд дуудагдаж байсан шиг л юм даа. Хурцыг ч олигархийн асраас дэвж гарч ирсэн бөх болгоод харагдуулаад байгаа зүйл гэвэл, төрд хашдаг алба нь л байх.

Эдний хэн нь ч эрхэлсэн ажилдаа халтуур хийдэггүй, мэдлэг боловсролыг амьдралын хэрэглүүр биш,хүний мөн чанар болгож ирсэн тэс ондоо айл гэдгийг л хэлж ядаад байнаа. Хурцынхан бол төр, гааль, алт, нүүрс…ер юу байдаг юм, тэндээс төрсөн тэрбумтных биш, микроавтобус хөдөлгөж, хуушуур зарж  баяжсан, мөнгөнөөс өөр юм шүтдэггүй бор давхаргынх ч биш, харин сэхээтэй, шударга хөдөлмөрөөр өөдөлж яваа   ерийн нэгэн залуу гэр бүл гэж бардамхаан хэлчихье.

Монгол хүн ямар үнэтэй вэ?

За яахав, Хурцынхан, эхнэр нь тэр өвөө мөвөөтөйгөө нийлээд сүрхий л улс юм байгаа биз, тэгвэл Дамирангийн Энхбат хүн биш юм уу? гэж өөдөөс, энэ асуудал муугаар төгсвөл  бах тав  нь ханах гээд байгаа туйлшрагчид асуух байх. Ерөөс Хурцын асуудал дээр ард түмэн хоёр хуваагдчихаад байгаа тал ажиглагддаг. Нэг нь олигархийн хүү, нөгөө нь ард түмний хүү мэт. Үүн шиг тэнэг утгагүй юм байхгүйг давтан сануулъя. Асуудлыг энэ талаас нь сөргөлдүүлэн тавихаасаа өмнө, энэ хоёр хархүүгийн  аль аль нь өөдгүй муу цаг үе, амиа хичээгч нэгэн үеийн төрийнхний маань золиос болжээ гэж харвал яасан юм. Угаас улстөржсөн энэ хэргийг Хурцад л тохоод өнгөрөөх сонирхол ялчихвал хэн хожих юм? Монголын нэг айлын аав шоронд орж, нөгөө нэг нь хилсээр хэлмэгдсэн чигээр л өнгөрнө.

Д.Энхбатын хүүхдүүд Монгол улсын Засгийн газраас аавынхаа амь, сэтгэл санааны хохирлыг гурван сая еврогоор үнэлж нэхэмжилсэн гэсэн, энэ бол тэдний эрх. Аав нь хэдийгээр бахдам намтаргүй амьдарч, хэрэг төвөг тарьж, муу муухайгаа дуудуулсаар нас барсан ч, хүүхдүүддээ бол бурхан тэнгэр нь, эх орондоо иргэн нь. Сайн муугаас сав дүүрдэг хорвоод хэн нэгнээ илүү үзээд, тэр тусмаа барьж хороогоод байвал  цөөхөн монгол бид хэдүүлээ үлдэх вэ? Үр хүүхдүүд нь харин ч ухаалаг юм билээ. Тэд төрөөс аавыгаа нэхсэн болохоос Хурцаас нэхээгүй юм шүү.

Тагнуул, цагдаа, ОБЕГ, АТГ гэх мэт хяналт, хууль хүчний байгууллагуудын эрх зүйн орчинд шинэтгэл хийх хэрэгтэй нь эндээс харагдахгүй байна гэж үү? Долдугаар сарын нэгний асуудлаас харахад ч тэр, явж явж өнөө муу хэдэн цагдаа л амьтны хараал идээд дуусах вий дээ. Хүний гараар могой бариулж амташсан дээд зиндааны улс төрчдөд оноодог хууль эрх зүйн тогтолцоо бий юу? Хөгжингүй, ардчилсан гэх улс оронд яадаг юм энэ тохиолдолд? Үндэстнээ зандалчилсан гэж Пол Пот,Пиночет, Гитлер, Чаушескуг ч юм уу, олон улсын шүүхээр ялладаг болохоос хэн нэг мучачо, Хурц шиг маань төрийн төлөөний гүйцэтгэгчийг  барьж аваад баймааргүй л юм.

Бид эс бол, Хурцыг хэн хамгаалах вэ?

Төр орон маань яагаад ийм арчаагүй сул дорой байна вэ? Манай бүтээгдэхүүн, манай эдийн засгийн үзүүлэлт энэ тэр гадаадад гологдож болноо. Монголын төр яагаад гологдож, хэн нэгэнд басагдаж болж байнаа? Арлын Японыг самурайтайгаа байхад, Америкийг  Колумб нээгээ ч үгүй  байхад найман шаргаа унаж, хасбуу тамгаа атгаад хамаг дэлхийг шахам захирч байсан эртний төрт улс  биз дээ манайх чинь? Хүн ам, эдийн засгийн байдлаар биш, төр босгосон түүхээрээ ард түмнүүд өрсөлддөг бол монголчууд энэ тал дээрээ аль ч улсыг дагуулахгүй баймаар юм? Яагаад  дурын гүрэн нэг  иргэнийг чинь өмгөөлөх  нэрээр нөгөө иргэнээр чинь улс төрийн тоглоом тохуу хийж сууна вэ? Хурцыг баривчилсны маргааш нь шахам Хууль зүйн сайд энэ тэр нь “Уучлаарай” гэж л байдаг..Хүний хөл дээр гишгэчихээд сандрахад гардаг үгийг энэ баривчилгаанд удаан бэлдсэн,   няхуур  англичууд ямар доогтой хүлээж аваа бол? Хүндээ хөнгөнөөс өгөлгүй, хүлээлт үүсгэж, бодож цэгнэж байж дипломат болон тийм бус алхмуудаа хиймээр байна санж. Монгол төрийн уламжлалт  гадаад бодлого, арга самбаа, заль ухаан  Хурцын хэрэг дээр л лав илт үгүйлэгдэж байна. Манайхны нэгнээ хайрладаггүй, өөрөө л зүгээр бол өрөөлийг яаж ч байсан гөлийгөөд түшмэл царайлдаг нь хүртэл англичуудыг оодруулаад байгаа юм даа.

Хятад улс саявтархан,хавар юм аа, арваад загасчнаа Солонгосын эрэг рүү мананд төөрүүлж алдчихаад буцааж авлаа. Солонгосын тал нээнтэглэж, тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хятад иргэдийг амархан өгчихсөнгүй.  Хятадууд ямар ухаан гаргав? Хаа байсан хориод жилийн өмнөх түүх сөхөж хэрэлдэж,  загасчдын тосгод жагсаж, янз бүрээр үзэж байж гурван барилгачин солонгосоор сольж авч байна. Хүнээр хахаж байдаг Хятад улс иргэндээ ийм хайртай байна. Гэмт хэрэг хийсэн нь бүр батлагдчихсан иргэдээ ч Солонгосууд авъя л гэсэн байдаг. Манайх яаж байна? Малайзид  алуулдаг Алтантуяагийн ганцаараа шахам уйлаад, Багинда гэгч новштой тэмцээд явсан  аавыг би л лав өрөвддөг. Иймэрхүү л үеүдэд төр маань эцэг төр гэгч байх ёстой доо уг нь.

Хэзээний уужимхан ч юм шиг, цагаахан ч юм шиг сэтгэлтэй монголчууд бид   улам л хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд дотроо жаахан ч гэсэн бодолтой, угтуулаад хийх мэхтэй, лавшруулаад авах барьцтай явахгүй бол дээрэлхүүлээд дууслаа.  Английн иргэн Дэвид Марк гэгч эр Богд ууланд хавар төөрч, манай 2ОО гаруй ОБЕГ-ын албан хаагч өөрсдөө хөлдөж үхэх шахаж байж олж аварсан чинь цаадах нь улавчтайгаа Түлэнхийн төвөөс оргочихсон хэрэг гарсныг сануулмаар байна. Энэ юу хийж явсан нөхөр вэ? Богд уул бол төрийн тусгай хамгаалалттай  обьект гэгддэг, дор хаяж л хамаг том дарга нар маань амьдардаг энд дурын гадаадын иргэн холхиод төөрөөд байдаг газар мөн үү? Яг энэ ууланд шүү, ноднинхон л гэхэд АНУ-ын иргэн,  Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлага хийж байсан Колэн Мак Рэйн гэгч амиа алдсан, иймэрхүү хэрэг болоод л байгаа газар.

Яагаад манай тагнуулынхан ийм зүйлийг, энэ хүмүүсийг шалгахгүй, зүгээр тавьж явуулаад байна вэ? Хурцыгаа Дэвидээр солиод авчихаж болоогүй юм уу? Насанд хүрээгүй монгол охин хүчиндсэн германы элчин сайдын дипломат эрхийг Монгол улс хүндэтгээд хэрэг зарга үүсгэлгүй нутаг руу нь буцаасан.Хурц тэгвэл “хэргээ” Германд шүүлгэж магадгүй болоод байна. Хүний хүүхдэд ширүүн үг ч хэлэхгүй хэрнээ төрсөн үрээ бол суран тэлээгээр гөвдөг монгол зан хоцрогдсоон. Гадаадынхны өмнө гацаж ээрэхдээ тултал долигнодог, өөрсөддөө эр бар аашаа бид татвал яасан юм. Олон улсын шүүх эрхийн хууль дүрмээр мэргэжсэн чадварлаг хуульчид энэ тэр Гадаад хэргийн яаманд маань байна уу?

Хурцын хэрэгт өмгөөллийн зардлыг Засгийн газар дааж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар холбогдох мэдлийн байгууллагуудаа, зарим нэг УИХ-ын гишүүнээ  хүртэл дайчлан англичуудтай гэрээ хэлцэл хийсээр байгаа гэх боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хүлээлтийн байдалд байгаа нь дунд шатныхны маань санаачлагагүй, удаан назгай байдалтай ч холбоотой. Ар гэрээс нь анхны хуралд нь очих гэхэд нь л хүсэлтийг нь дамжуулахаа оройтсоноос болж юм юм хойшилж байсныг би л лав сайн мэднэ. Энэ хэрэг явдлаас ямар нэг ашиг хонжоо унахгүй, мөнгө үнэртэхгүй болохоор байдгаа дайчлан хүнээ авах сонирхол алга байгаа юм уу гэж харагдаад байнаа.

Будант Альбион чи аашаа тат

Англичуудын төрөө босгосон түүх бол боол эзэмшсэн түүх гэдэгтэй дэлхий маргахгүй. Үгүй бүр  хоцрогдсоныг нь гайхаад байдаг монголчууд өнгөрөгч зууны гучаад онд Эдгар Погийн “Алтан цох”ыг орчуулж байсан байхад өнөөх мундаг  хямсгар англичууд чинь мөн л энэ  үед Цуст Мэригийнхээ арга барилаас салаагүй, муусайн харуудыг зандалчлаад явж байсан даа? Хамаг шилдэг ухаантнаа галдаж шатааж байсан, ном соёлоо устгаж мөхөөж байсан энэ тэрээс нь харахад ёстой балар аа балар. Хүний эрхийн талаар бидэнд томроод, заагаад байх ёс суртахууны эрх эдэнд байгаа гэж үү? Антарктидаас бусад тивийг боолчилж байсан энэ улс Монгол хоёрын хооронд нялуурч, уярч дурсаад байхаар харилцаа ч  чин үнэндээ байхгүй. Марко Пологоор нь дамжиж Итали, Чан Чунь Бумбаар нь Хятад, Халх голд үрэгдсэн орос цэргүүдээр нь дамжиж бид  Оростой ярих юмтай байдаг. Япончууд нэгэн цагт манай руу буутай давшиж явсан ч, ерээд оноос бүх талаар бидэнд тусалж ирлээ. Сая газар хөдлөхөд нь манайхан яав? Хэнэггүй, алгаа тосоод аваад л байсан улс гэнэт байдгаа тэмтэрч, хүн амтайгаа харьцуулахад уул овоо шиг их мөнгө тийм богино хугацаанд цуглуулж найзын сэтгэлээс япончууддаа хандивлав. Монголчууд маань ийм хөөрхөн шүү дээ гэж ард түмнээрээ бахархаж л суулаа.

Монголчууд газрын баялгаа ил болгож, ухаж төнхөж эхлэхэд холын танил төдий англичууд  хүрзээ барьсан доншуучдаа нэн түрүүнд илгээснийг ч нэг их гадуурхаагүй ээ. Бид хэзээний харам бахиу биш бөгөөд алт, нүүрс гэх мэтээс илүү андлал нөхөрлөлд толгой бөхийж ирсэн, юмтай байж, алдаж ч үзсэн их хаадынхаа гэнэхэн үр сад л даа. Тийм ч болохоор бид аливаа улс орны төрийн болоод ардын дипломатийг өөрсдийнхөөрөө ойлгодог, харьцуулдаг, шийдвэрээ гаргадаг язгуур ухаантай. Энэ ухааны хаагуур явсан юм, ямар ч л байсан, Рио Тинтогийнхонд нь найр тавьж,  Хөрөнгийн бирж хэмээх хамгийн чухал, баялгийн арилжааны олон улс дахь цор ганц дэлгүүрээ ч англичуудын хамтын мэдэлд өргөчихлөө. Бид зөөлөн аядуу дорно дахиныхны ухаанаар англичуудад хандсаар л байна. Үүний нэг илрэл бол Хурцын асуудал.

Хурцын асуудлыг англичууд хэрхэхийг монголчууд анхааралтай ажиглаж байна.  Хурцыг  баривчилсныг манай дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байгаа явдал гэж олонхи маань үздэг бөгөөд алтан аргамжны бодлогоосоо болоод дургүйцлээ ил гаргаад  шууд хэлчихэж чадахгүй байгаа төр,  түүний гадаад бодлогыг  ч ард олон шүүмжилж байна. Европын Холбооны үйл ажиллагаанд болгоомжтой ханддаг гярхай улстөрчдөд нь, жишээлбэл тус улсын Дотоод хэргийн сайд Тереза Мэйд ч юм уу, ерөөс энэ улс орныг сайн сайхан талаас нь харагдуулдаг шударга, цэвэр сэтгэлт олон нийт, ард иргэдэд нь бид найдвар тавихаас цаашгүй л байна. Нэг хүний эрхийг хамгаалах нэрээр нөгөө хүний эрхийг хөсөрдүүлдэг хууль дүрэм байдаг бол яасан учир дутагдалтай хууль вэ гэж гайхацгааж байна. Төрийн алдаа, төрийн үйл ажиллагаанаас болж хохирдог хэлмэгддэг, олон улсын шүүхээр заналхийлүүлдэг ийм тохиолдол манайд нэг их олон болж байгаагүй тул дээр доргүй балмагдаж байна.

Энэ хэргийг  анхнаасаа зохион байгуулалцсан, дипломат ёсоо уландаа гишгэсэн Английн элчин сайд Диксоныг хараадаг шиг ээ  тэндхийн дүлэгнэсэн удаан явцтай шүүх процедур, залхаамаар хуучинсаг арга барилыг нь ч  миний л лав энэ талаар санал сольдог олон олон Монголчууд таашаадаггүйг  харин ч ил хэлчихье. Ингэлээ гээд  түшмэлүүд чинь Англи руу хөл хорьчихвол нэг их гомдохгүй ээ, Шекспирийн орныг үзэхгүй нь л хайран байх биз, өөр гутрах юм даанч нэг алга. Монголын нэгэн  байдаг л найрагч Диана гүнжийн дурсгалд “Гүнж тогоруу” хэмээх сайхан дуу бичиж, энэ нь олны дунд өнөө ч дуулагддагийг  одоо санадаг нь ч юув дээ, гэхдээ л хайр сэтгэл, ардчилал,  эрхчөлөөний билэг тэмдэг Дианагаа хүртэл хороолгочихсон хатуу чанд сэтгэлтэй улстай өөр юу ярихав, харж л байя. Төр улсыг маань хүндэтгэхгүй байгаа энэ алхмуудаа зогсоож, иргэнийг маань даруйхан сулласны дараа л английн шударга ёс гэж чухам юу байдгийг монголчууд төдийгүй үнэлэх цаг ирнээ.

Сарнай маань Англи явахаасаа өмнөхөн надад нэгэн зүйлийг аминчлан захисан билээ. Хурцад баривчлагдсан Дамирангийн Энхбатад Ганданд ном уншуулж буян үйлдэж байгаарай гэж. Надад үнэхээр өөр чадах ч юм алга. Өөр чадах юмгүй болохоор, Монголын төр өө, хүнээ заавал авна шүү л гэж бусад олон олон хүний өмнөөс  дахин дахин гуйя даа.

Цоодолын Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж