Тавдугаар сар гарсан хэдий ч гадаах цаг агаар хуйсагнуур, ид бүтээн байгуулалт өрнөх цагаар саарал ордон дахь бужигнаанд автсан Засгийн газар ажилдаа анхаарлаа хандуулах сэхээ завгүй улс төржив. “Дээлээ тайлахгүй” гэж зөрүүдэлсэн Засгийн газар ухаалаг төрийн эсрэг “салаавч” үзүүлж, бүтэн сарын хугацаанд “хямарсан” улс төрийн тоглолтуудаас ингэхэд эдийн засагт ямар хожил ирэв ээ.
Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг нь жаахан муухайгаар хэлэх юм бол судсан дундуур нь урсах цус ч үгүй болчихоод байхад тэнгэр хангайн тухай дэмий балай шашны номлол ярьж, салбарынхаа ажлыг нь хөсөрдүүлээд байгаа зарим нэг сайдтайгаа хариуцлага тооцох замаар Засгийн газраа ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Иргэдийн санаа сэтгэл энэ хаврынх шиг гундуу, баялаг бүтээгчид нь бүгдээрээ “цагаан тугаа” мандуулчихсан нь хэзээ билээ. Бас яагаад вэ? Зуд, турхан, ган гачиг, газар усны зовлон нүүрлээгүй цагийн сайханд, лав л сүүлийн дөрвөн жилд эдийн засаг, улстөр, нийгэм нь хямралтай ийм хавар тохиож байсныг мэдэхгүй юм. Өнгөрсөн оны долдугаар сараас өнөөг хүртэл үргэлжилж байгаа ханшийн савлагаа иргэдийн идэж, уух, өмсч хэрэглэх бүхнийг хөөрөгдөж, үндэсний багахан үйлдвэрлэлийг маань хумиж эхэллээ. Харамсалтай нь энэ бүхнийг тоож байгаа сайд тун цөөн. Долларын өсөлт, эдийн засгийн асуудлууд дээл хувцасны дэргэд жижигхэн асуудал бололтой юм. Яг одоогийн нөхцөл байдлыг харахад Засгийн газарт улс төрд өрнөж байгаа жүжиг ший нь илүү чухал сэдэв болж байх шиг. Ялангуяа мал төллөлт, газар тариалан, барилга уул уурхайн нөр их ажил өрнөдөг цагаар саарал ордонд болж байгаа улс төрийн тоглолтуудад Засгийн хэт их автаад байна уу гэж харагдаж байна. Чухамдаа бол толгой зовоосон шалихгүй асуудлуудаа орхиод улс орны хувьд гол чухал зүйлдээ анхаарлаа хандуулбал Засгийн газарт ирэх үнэлгээ нь илүү баймаар.
“Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой, харин ажлаа хийхгүй байгаа салбарынхаа сайдуудтай хариуцлага тооцох хэрэгтэй” гэдэг Ерөнхийлөгчийн зөвлөгөөгөөр салбарынхаа ажлыг олигтой хийчихэж чадахгүй байгаа баг “алаачдаа” төрхөмд нь буцаавал яасан юм бэ. Иймэрхүү ажлаа, салбараа унагаад байгаа нөхдүүдийнхээ толгойг илээд байлгаад байвал Шинэчлэлийн Засгийн газарт сайн зүйл авчрахгүй л болов уу.
Сүүлийн нэг жилийн дотор төгрөгийн ханш 25 хувиар суларч, гол, гол үзүүлэлтүүд унаж, Монгол мөнгөний хомсдолд орсон нь нэгэнтээ илэрхий болчихоод байхад улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх ёстой салбарын сайд нь төрлөө олж чадаагүй сүнснүүдийн үгээр төрийн ажлыг хийж байгаадаа ичдэг ч үгүй бололтой юм. Яамныхаа бодлогыг тодорхойлж чадахгүй, салбараа болон багаа алж байгаа энэ мэт сайд Шинэчлэлийн Засгийн газрын танхимд нэг хоёроор тогтохгүй байгаа.
Монгол орны эдийн засаг өөрийн гэсэн онцлогтой, үйлдвэрлэл бага улсын хувьд баялгаа зарж мөнгө олохоос өөр гарцгүй. Гэтэл сүүлийн нэгхэн жилийн дотор нүүрсний үнэ нэг тонн нь 35 ам.доллар болтлоо хямдарлаа. Нүүрсний экспорт тэг зогсолт хийлээ. Энэ бүхэнд салбарын сайд буруугүй гэвэл ичгэвтэр хэрэг болно. Нөгөө талаар төмөр замын бодлогыг тодорхойлж чадахгүй байгаа аялдан дагагч, бэлгэвч үйлдвэрлэхээс өөр ажил хийгээгүй алиа шог гаруудаа явуулахгүйгээр Засгийн газрын ажил урагшлахгүй нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ил тод харагдлаа шүү дээ. Тэднийгээ ташуурдахыг нь ташуурдаж, зарим нэгийг нь явуулах, зайлуулах замаар ажлаа хийхгүй бол амьдрал хэцүүдлээ.
Улстөрчдийн зүгээс шидсэн бөмбөгийг хөөцөлдөөд Засгийн газар нь тогоон дотроо толхилцоод байвал Монголд орж ирэх мөнгө улам хойшлох нь гарцаагүй. Гадагшлах болон дотогшлох долларын зөрүүн дээр дотоодын эдийн засаг бүр ч сульдах нь мэдээж. Тиймээс улс төрийн бужигнаанаа хойш тавиад, Засгийн газар урдах ажлаа хийх хэрэгтэй байна.
Ж.НЯМСҮРЭН