Мьянмар, Тайландад хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Мьянмар, Тайландад хүчтэй газар хөдөлжээ

Мьянмар улс болон Тайландын хойд хэсэгт өчигдөр /V.05/ 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас автозамууд эвдэрч, байшин, барилгын хана цуурсан байна. Газар хөдлөлтийн голомт Тайландын хойд хэсгийн Чианграй хотын нисэх онгоцны буудлын ойролцоо байсан аж. Хүчтэй газар хөдлөлтийн үед нисэх онгоцны буудлаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Чианграй хотоос баруун өмнө зүгт 27 км-ийн зайтай газар7.4 км-ийн гүнд байсан гэнэ.  Газар хөдлөлтийн улмаас Тайландад буддын сүмийн хэд хэдэн барилга, автозам гэмтсэнээс өөр хүн гэмтэж, амь эрсэдсэн талаар мэдээлэл ирсэнгүй гэж албаныхан мэдэгджээ. Мөн Мьянмарын Дотоод хэргийн сайд газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүйг мэдээлсэн байна.  

Тайланд, Индонез, Мьянмар улсууд нь Зүүн Өмнөд Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Тухайлбал, 2004 оны арванхоёрдугаар сард Индонезийн Суматра аралд 9.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс Энэтхэгийн далайд цунами үүсч, нийт 240 мянган хүн амь үрэгдсэн юм. Үүнээс  8000 гаруй нь Тайландын далайн эргийн оршин суугчид байсан билээ.  Тайландын Чианграй хотын хувьд өмнө нь 2006 оны арванхоёрдугаар сард 5.1 магнитудын газар хөдөлж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж