Эгийн голын УЦС Эг-Үүрийн голын ой сав, Хөвсгөл далайн эко системд нөлөөлөх үү?
2013 оны 11-р сарын 16-нд Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын 220 мВт хүчин чадалтай УЦС барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэв. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450мВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах аж. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, УЦС барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгажээ.
Эгийн голын УЦС -ыг барих төслийг зүтгүүлж эхэлсэн нь хэтдээ урьдчилан тооцоогүй их хохирол учруулж магадгүй юм. Монголд баригдсан УЦС -уудын экосистемд нөлөөлөх сөрөг үр дагавар нь тухайн бүс нутагт хэдийнэ гараад эхэлснийг байгалиа хамгаалагчид ярьсаар байна. Дөргөн, Тайширын УЦС-ыг барьж эхлэх үед ч бас Засгийн газар өндөр үр ашигтай, цахилгааны найдартай эх үүсвэртэй болох талаар амлалт өгч байсан ч тооцсноор байгаагүй. Чоно харайхын гол дээр барьсан Дөргөний УЦС хоорондоо усан холбоо бүхий Хар Ус, Дөргөн, Хар, Хяргас, Айраг нуурын экосистемд сөргөөр нөлөөлж эхэлснийг батлаад байгаа.
Ширүүн урсгалтай гол станцын далангаар хаагдснаар усны урсгал тогтмолжиж ногоорон, өмхийрч байгаа нь сүйрэл биш гэж үү. Мөн хадран загасны нүүдэл далангаар хаагдаж устах аюулд ороод байгааг нутгийн байгаль орчны салбарынхан сануулсаар байгаа. Энэ мэт байгаль орчин, экосистемд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаарх баримтуудыг "Өнөөдөр"сонин хангалттай мэдээлсэн билээ.
Гарз хохирол үүгээр дуусахгүй. Эгийн гол дээр УЦС барьснаар Хөвсгөл далайн Экосистемд өөрчлөлт орох түгшүүр ойрхон байна. Хөвсгөл нуурт түр болон тогтмол урсацтай 90 гаруй гол цутгаж, ганц Эгийн гол гадагшаа урсдаг онцлогтой. Иймдээ ч усны солилцоо бага байх зохилдлогоотой. 500 жилд ганцхан удаа цэвэршүүлэлт хийгддэг Далай ээжийн цутгал голууд нь өндөр уулсаас эх авдаг учир уналт ихтэй, уулын голын шинж чанартай, богинохон байдаг гэнэ. Хэрвээ Хөвсгөл далай усаа Эгийн голоор дамжуулан с элгэхгүй бол нуур тогтмол болох магадлалтай хэмээн эрдэмтэд анхааруулж байгаа гэнэ.
Нуурын ус тогтмол болно гэдэг нь Хөвсгөл далай аажмаар цэвэр цэнгэг байдлаа алдаж, хүчил төрөгчгүй болон замагшиж ногоорон үхжинэ гэсэн үг. Хөвсгөл нуур Эг-Үүрийн голын ай сав унаган төрхийг хэвээр хадгалж, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийг биологийн төрөл зүйлүүдийн хамт хамгаалах нь монгол хүн бүрийн тэр тусмаа Хөвсгөлчүүд бидний эрхэм үүрэг.
Тэрчлэн дэлхий дахинд төдийгүй Монгол оронд ховордож байгаа тул загас Эг-Үүрийн голын ай сав газарт хэдэн зуугаараа нүүдэллэн амьдардаг. Цэнгэг усны Индикатор гэгддэг энэ загас манай оронд нь унаган төрхөөрөө үлдсэн байдаг.
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn