Эмнэлэг, сүмийн аль нь чухал вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Эмнэлэг, сүмийн аль нь чухал вэ?

Манай лам хуврагууд сургамж авмаар нэгэн буянтай үйлсийг Ажиа Гэгээн эхлүүлж байгаа гэх сайхан мэдээ сонсогдоод удаж байгаа. Түүний санаачлага, сүсэгтэн олны хандив өглөгөөр цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан долоон давхар эмнэлгийг барьж өгч байгаа бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийн гүйцэтгэлгийн ажил 95 хувьтай, ирэх намар ашиглалтад орно гэсэн мэдээлэл монголчуудыг баярлуулж байна.

Гэгээтний санаачилсан эмнэлгийн дэргэд  эмч нарын сургалтын танхим, хурлын заал, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөө гээд гурван давхар барилгыг барьж эхэлжээ.  Үүнийг өвчтэй, зовлонтой олон хүнд том буян болно гэж монголчууд Ажиа Гэгээнд талархаж байна.  Тэгвэл Монголын сүм хийдүүд, лам хуваргуудын нийгмийн оролцоо хэр билээ гэдгийг харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаа харагдах болов уу.  Эх, хүүхдийн эрүүл мэндийн  төвийн урдхан орших  Гандантэгчинлэн хийдэд одоо мянган лам зэрэг ном хурах “Их цогчин” дуганыг сүндэрлүүлж байгаа гэх.

Гандантэгчинлэн хийдийн өргөтгөл болох хоёр барилгын анхны төсөв 2.5 тэрбум байсан бол өдгөө 18 тэрбумд хүрээд байгаа гэнэ.  Өнгөрсөн оны төсөв хэлэлцэх үеэр энэ асуудал улстөрчдийн дунд багагүй маргаан үүсгэсэн.  Ямар сайндаа л зарим  улстөрчид “бурханы нэрээр мөнгө угааж” буйд Гандантэгчинлэнгийн удирдлагуудад дургүйцэж байгаагаа илэрхийлж байх билээ. Дээрх сүмийн бүтээн байгуулалтад зориулж, төсвөөс гаргах мөнгийг царцаасан учраас тус хийдийн удирдлагууд сүсэгтэн олноосоо хандив өргөл гуйх болсон байна.  Хандив цуглуулах данс нээж, хашаан дотроо гэр хүртэл барьчихсан байна лээ.

Гоочилсон хүнд зургаан сургууль , нэг томоохон эмнэлэг барих мөнгөөр босч байгаа “Их цогчин” Монголд байхгүй  том дуганад тооцогдох бололтой.   Энэ дуганд нэгэн зэрэг 1080 лам ном хурах боломжтой гэнэ. Бурхан, шашин, соёлын асар том бүтээн байгуулалт  санхүүжилтээс шалтгаалаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэх.  Жилдээ хэдэн зуун сая төгрөгийн ашиг олдог хэрнээ сүм барих мөнгөөр нэг бол улсаас, нөгөө бол сүсэгтэн олны хандив тусламжаар барих гээд улайраад байгаа  шалтгаанаа тайлбарлахыг 2014 оны төсөв хэлэлцэх үеэр улстөрчид Гандантэгчинлэн хийдийн удирдлагуудаас шаардаж байсан билээ. 21212 ам.метр талбай эзэлж буй долоон давхар барилгын угсралтын ажил өдгөө 85 хувь дээрээ царцжээ.

Ямар ч байсан Ажиа Гэгээний санаачлага, дэмжлэгтэйгээр эхэлсэн эмнэлгийн ажил ирэх намар ашиглалтад орох бол Гандантэгчинлэн хийдийн бариулж байгаа “Их цогчин” дугана хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.   

Эмнэлгийг барихад Гандантэгчинлэн болон Монголын бусад сүм хийд, лам хуваргууд хэр хандив өгсөн нь тодорхойгүй ч  өөрсдийнх нь тухлах олбог гоё байхаас илүү өнчин ядуу, өвчтэй зовлонтойд гар сунгавал тэр буян болох бус уу хэмээн шүүмжлэх хүмүүс байгаа юм.


Н.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж