“Ливерпүүл” чухал оноогоо алдлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

“Ливерпүүл” чухал оноогоо алдлаа

Английн “Премьер лиг”-ийн 37 дугаар тойргийн тоглолтод “Ливерпүүл” лигийн дундаж баг “Кристаль Палас”-ын талбайд зочлон 3:3-ын харьцаатай тэнцлээ. Ингэснээр лигийн аварга болоход ус, агаар мэт хэрэгтэй байсан гурван оноогоо авч чадсангүй. Өнгөрсөн шөнө “Кристаль Палас” багийн талбайд болсон энэхүү тоглолтыг “Ливерпүүл” тун сайн эхлүүлсэн. Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө арав гаруй минут дутуу байхад “Ливерпүүл” Жон Аллен, Даниель Старриж, Луис Суарес нарын гоолын ачаар өрсөлдөгчөө “бут ниргэж” байлаа. Бүгд “Ливерпүүл” багийг гурван оноотой гэртээ харих нь гэж бодож байсан юм. Харин үлдсэн арав гаруй минутад “Ливерпүүл” хаалгандаа гурван гоол алдаж, зөвхөн нэг оноотой гэрийн зүг буцлаа. Ингэснээр “Ливерпүүл” баг “Премьер лиг”-т түрүүлэх боломжоо багасгалаа. “Ливерпүүл” багийг “гомдоосон” гоолуудыг “Кристаль Палас” багаас 79 дэх минутад Дамиен Делани, 81, 88 дахь минутад Дуайт Гайль нар оруулсан юм. Хоёр гоол оруулж, дубль хийсэн “Кристаль Палас” багийн довтлогч Дуайт Гайль 65 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан юм.

Английн “Премьер лиг”-ийн өндөрлөхөд багуудад нэгээс хоёр тоглолт үлдээд байна. Лигийн 38 дугаар тойрог буюу сүүлийн тоглолтууд тавдугаар сарын 11-нд 22:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ зэрэг болно. Өнгөрсөн шөнийн тоглолтод “Ливерпүүл” ийнхүү тэнцэж, оноо алдсанаар “Манчестер Сити”, “Челси” багт түрүүлэх тун сайхан боломж тохиолоо.

“Ливерпүүл” 38 дугаар буюу сүүлийн тойрогт “Ньюкассль Юнайтед” багтай тоглоно. 

Харин “Манчестер Сити” 37 дугаар тойрогтоо тавдугаар сарын 8-нд “Астон Вилла” багтай, 38 дугаар тойрогтоо “Уэстхэм Юнайтед” багтай тоглоно. “Челси” сүүлийн тойрогтоо “Кардифф Сити” багтай тоглоно. “Челси” багийн хувьд түрүүлэх магадлал тун бага. “Ливерпүүл”, “Манчестер Сити” сүүлийн тоглолтдоо хожигдсон тохиолдолд “Челси” түрүүлэх боломжтой юм.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж