Ширээний теннисчид чансаагаа 14 байраар ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Ширээний теннисчид чансаагаа 14 байраар ахиуллаа

Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд Японы Токио хотноо боллоо. 52 дахь удаагийн ДАШТ-нд эрэгтэй 114, эмэгтэй 95 улсын баг оролцсоноос Монгол Улсын эрэгтэй баг 85-р байр, эмэгтэйчүүд 57-р байрыг эзлэв.


Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, шигшээ багийн дасгалжуулагч Т.Энхтөрөөр ахлуулсан эрэгтэй баг 12 байр, эмэгтэйчүүд 14 байраар чансаагаа ахиуллаа. 2012 оны Германд болсон ДАШТ-нд эмэгтэйчүүд 71-р байр, эрэгтэй 104 байр эзэлж байсан юм.

Эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн бүсэд багууд эрэмбээрээ хуваагдсан бөгөөд бүс бүрт 24 баг багтсан. Харин Монгол Улсын эрэгтэй баг 103-т эрэмбэлэгдэж IV, эмэгтэй баг 71-т эрэмбэлэгдэж III бүсэд тоглов.


Монгол Улсын эрэгтэй баг дөрөвдүгээр бүсэд Филиппин, Перу, Ангол, Бахрайн, Мавришис /Франц/ улстай "N" хэсэгт багтсанаас хэсэгтээ хоёр хожил, гурван хожигдолтой дөрөвдүгээр байраар шалгарч 85-92-р байрын төлөө тоглохоор шалгарсан. Улмаар Азарбайжан (3:1), Мавришис (3:0) улсын багийг хожиж, 85-р байрыг эзлэв.


Монгол Улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг ахлагчтай эмэгтэй баг энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа 14 байраар ахиуллаа. Эмэгтэйчүүд хоёр жилийн өмнө Германд болсон 51 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 71-р байрыг эзэлж байсан бөгөөд 2016 оны дэлхийн аваргад "В" хэсэгт орох зорилготой иржээ.

Казахстан, Гватемал, Сальвадор, Календониа(Франц), Азарбайжан улстай "А" хэсэгт багтсан эмэгтэйчүүд хэсэгтээ гурван хожил, хоёр хожигдол авснаар найман оноотой III байраар шалгарч, 49-60-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Улмаар Индонезид 1:3-оор хожигдсон ч Шриланкийг 3:0-ийн харьцаагаар буулган авснаар 57-р байр эзлэв.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн хэсэг буюу топ 12-т шилдэг багууд өрсөлдсөнөөс БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй аваргын алтан медаль хүртлээ.

Тэмцээнийг зохион байгуулагч Япон улсын эмэгтэйчүүд мөнгөн медаль, эрэгтэйчүүд хүрэл медаль хүртжээ.


Эрэгтэй: (114 орон)

Алтан медаль: БНХАУ
Мөнгөн медаль: Герман
Хүрэл медаль: Тайвань, Япон
5-8-р байруудад Австри, БНСУ, Португаль, Сингапур
9-12-р байруудад Грек, Хорват, Польш, Швед


85-р байр Монгол Улс


Эмэгтэй баг: (95 орон)

Алтан медаль: БНХАУ
Мөнгөн медаль: Япон
Хүрэл медаль: Сингапур, Хонгконг

5-8-р байруудад БНАСАУ, Румын, Герман, Нидерланд
9-12-р байруудад Украин, БНСУ, Беларус, Тайвань


57-р байр Монгол Улс


2016 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Малайз улсад болно. Бид маргааший дугаартаа Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаатай хийсэн ярилцлагаа хүргэнэ.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, чансаагаа 14 байраар ахиулсан эмэгтэй багийн Гватемалчуудтай хийсэн тоглолтыг бичлэгийг хүргэж байна. Хэсгийн шийдвэрлэх тоглолтод Гватемалчууд 3:2-оор ялалт байгуулсан юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж