Уулчид авиралтаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Уулчид авиралтаа зогсоолоо

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид энэ сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгат Түргэний ууланд хийж буй авиралтаа эхлүүлсэн билээ. Харамсалтай нь, цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас манай уулчид өчигдөр авиралтаа зогсоосон байна. Нүүр нүдгүй их цасан шуурга шуурч, эгц өндөр уулын оройд авиралт үргэлжлүүлэх нь уулчдын амь насанд аюул учруулахаар байсан тул багийн ахлагч Г.Өсөхбаяр авиралтыг зогсоох шийдвэр гаргажээ. Уулчдыг өчигдөр орой Баян-Өлгий аймгийн төвд ирээд байхад нь Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай холбогдлоо.

Г.Өсөхбаяр: Цаг агаар үнэхээр хүнд байлаа. Битүү манан, цасан шуурган дунд нэлээд зүтгэсэн боловч өнөөдөр /өчигдөр/ үдийн алдад, авиралтын хамгийн шийдвэрлэх үед нөхцөл байдал хүндэрсэн тул багийнхантайгаа ярилцаж байгаад авиралтыг зогсоож, хүмүүсээ буулгалаа. Хүний амь нас чухал шүү дээ. Бид авиралтыг дахин төлөвлөөд боломжтой үед нь гарч болно. Асгат Түргэний оргилд маань өмнө нь хүн авирч байгаагүй болохоор зам, чиглэл байхгүй, ер нь их хүнд байлаа. Гэхдээ бид зориглоод энэ авиралтыг эхлүүлсэндээ баяртай байна. Уулынхаа чиг баримжааг авлаа. Асгат Түргэний оргилд Монгол хүн заавал түрүүлж хүрэх ёстой гэдэг зорилгоо заавал биелүүлнэ.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж