&#34Татвар төлөгчидтэй ойлголцоход хялбар болно&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

&#34Татвар төлөгчидтэй ойлголцоход хялбар болно&#34

Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” аяны хүрээнд “Eagle News” телевиз, “News агентлаг”, “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаа Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай ярилцлаа.

-Татварын ерөнхий газар бусад агентлагтай харь­цуулахад нэлээд хүнд­хэн үүрэг хүлээсэн бай­гууллага. Гэхдээ иргэд мөнгө нэхэж, авдаг гэсэн хатуухан бөгөөд хар ойлголттой байдаг. Тат­варын байгууллагыг товч­хон тодорхойлвол?

-Улсын төсвийн 40 орчим хувийг Гаалийн ерөнхий газар бүрдүүлдэг бол манайх 47-48 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл төсвийн ор­логын хамгийн их хувийг бүрдүүлдэг байгууллага гэсэн үг.

Монгол Улсын сум бүрт өөрийн гэсэн төлөө­лөл­тэй, 32 албатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үнд­сэн чиг үүргээ энгийнээр тайлбарлавал хэн, хаана, ямар бизнес эрхэлж байна, тэр хүнээс хуулийн дагуу, үйлчилгээгээ үзүүлж бай­гаад татвар авна гэж ойлгож болно. Мэдээж татварын хууль тогтоожмийг сур­­талчлан таниулах, хэрэг­жил­тэд хяналт тавих гэх мэт үүрэг гүйцэтгэнэ.

-Энэ их айлыг өнгөтэй, өөдтэй толгойлж явна гэдэг амаргүй даваа байх. Тэр дундаа татварын байцаагч нарын нэр хүнд олон нийтэд тийм ч таатай байдаггүй. Хатуухан хэлэхэд төрийн нэр барьж дарамталлаа л гэхийг олон сонссон. Харин энэ жил “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг уриатайгаар ажиллаж байгаа гэв үү?

-Аливаа ажлыг хийж, хэрэг­жүүлэхийн тулд мэдээж багагүй ярьж, бодож, тунгаах хэрэгтэй.

Бид нэлээд сайн ярилцсаны эцэст бодлогоо боловсруулж, хэрэг­жүүлж эхэлсэн. Ингээд 2014 онд “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг уриатайгаар ажиллаж байна. Манайд ажлын туршлагатай, ажлаа хийдэг байцаагч нар бий. Гэхдээ тэдний зэрэгцээ ажлаа чанарын шаардлагад нийцэхээр хийхгүй, цалгардуулдаг, ажлын байрандаа хувийн ажлаа хийдэг, хээл хахуульд өртөх эрсдэлд ойрхон байдаг хэсэг хүн байсан. Тиймээс энэ уриаг дэвшүүлээд дээрх зохисгүй хандлагуудаас зайлсхийе, үүний тулд хэрхэх вэ гэдэг асуудлыг гаргаж ирсэн.
Олон жилийн туршид бий болчихсон үзэгдлийг алга урвуулахын төдийд өөрчилж, шууд бүгдээрээ гэнэт ойлгож, ухамсарлана гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр хариуцлагыг өндөрсгөж, Татварын ерөнхий газар албадуудтай тулж ажиллан, байцаагч нарынхаа ажлыг нэг бүрчлэн шалгаад, өөр хоорондоо ярилцаад эхлэхээр аяндаа ажлын явц нь мэдрэгдэж байна. Өөрөөр хэлбэл тухайн алба, нэгж ажлаа зөв удирдан зохион байгуулж чадаж байгаа эсэх нь харагдаж байгаа юм.

-Өөрчлөлтийг хэр хүлээж авч байна. Таны хэлснээр алга урвуулахын төдийд өөрчлөг­дөх­гүй. Тиймээс эсэргүүцэлтэй тулгарч байна уу?

-Ажлын үр дүн, чанарыг нь сайжруулахаар шахалт өгөөд эхлэхээр тодорхой чиг үүргийн ажлаас шилжих явц ажиглагдсан. Жишээлбэл татвар хураалт дээр төлөвлөгөө нь л биелэж байвал, цаана нь дахиад ажиллах боломж, потенциал байсан ч шахахгүй болохоор дуртай үедээ ажилдаа цаг заваа зарцуулдаг, идэвхигүй байсан. Харин одоо бол төлөвлөгөө хамаагүй, дахиад потенциал байгаа бол ажиллах ёстой гэхээр “би хураалтаас шилжье” гэдэг хандлага илэрсэн.

Түүнчлэн энэ зэргийн өөрчлөлт таалагдахгүй байгаа хэсэг бүлэг хүн бий. Бидний хувьд хүн нэг бүртэй зууралдахаас илүү олонхоороо өөрчлөлтөө хэрэгжүүлээд явъя гэж байгаа. Тэгэхээр тэдгээр хүн бусдыгаа дагаад өөрчлөгдөх байх.

Энэ жил зорилтоо хэрэг­жүүлээд, зорилгодоо хүрчихвэл 2015 онд илүү сахилга баттай хамт олон бий болчихсон байна.

Гэхдээ манай бүх байцаагч ажлын хариуцлагагүй гэсэн үг биш шүү. Олны дунд тодорхой хэсэг л хүн бий гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эхлээд өөрсдийгөө өөрчлөөд дараа нь татвар төлөгч нар руугаа хандана гэсэн үг үү?

-Энэ жил шууд гадагшаа чиглэсэн харилцаагаа 100 хувь орхигдуулна гэж байхгүй.

Дотоод хяналтын албатай. Тэд маань 32 албандаа ээлжээр очиж, тухайн газар ажил хэр явагдаж байгаад хяналт тавьж, дүгнэлт гаргадаг. Өмнө нь бол 32 албандаа хоёр жилд нэг удаа очдог байсан. Мониторинг маань өөрөө хүн хүчний хувьд ерөнхийдөө тааруухан. Гэсэн ч бид мониторингийн багаа энэ жил орон нутаг гэхээсээ илүү нийслэлийг бүхэлд нь хамраад, нэг дүүрэгтээ хоёр удаа оч гэдэг шаардлага тавиад байгаа.

Хамгийн гол нь бид дотооддоо хэдий чинээ сайжирна төдий хэмжээгээр татвар төлөгчид татварын албаныхантай харилцан ойлголцоход илүү уян хатан, нээлттэй болно.

-Нийслэлд ачаалал их учраас шалгалт ч сайн байх ёстой гэж үү?

-Улаанбаатар хотод манай улсын бизнесийн гол төвлөрөл бий болчихсон. Гэтэл төвлөрөл ихтэй хэсэгт ачаалал багатай газруудтай адил давтамжаар шалгалт хийх нь нийслэлийг алдчихсаны илрэл.

Өөрөөр хэлбэл ажлын са­хилга хариуцлагыг энд нэлээд сайн ярилцаж, шийдвэрлэх шаард­лагатай болчихсон гэсэн үг. Сар бүр Татварын ерөнхий газраас дүүргүүд рүү төлөөлөл явуулж байна. Мэдээж би өөрөө ч тэнд ажиллана. Гэхдээ ерөнхий газрын дарга очих гэж байна гэж бус хэзээ ч хамаагүй дуртай үедээ очно. Ингэснээр тухайн хүн хүссэн, хүсээгүй ажлаа хийнэ. Хэрвээ чадахгүй бол хариуцлага тооцох зарчмаар явна.

-Нийслэлийг алдчихсан гэхээр тэр хэмжээгээр татварт төвлөрөх мөнгө ч бас багассан гэж ойлгож болох уу?

-Шууд хэмжээг нь харьцуулж хэлэх боломжгүй. Гэхдээ ажлын хариуцлага сул байна гэдэг нь орох ёстой мөнгө багасаж байна гэсэн үг. Энэ нь бол бидний дунд байгаа алдаа дутагдал. Ганц манайх ч бус төрийн бусад байгууллагад ч сахилга хариуцлага тааруухан байна.

-Хариуцлага алдлаа гээд байх юм. Татварын байцаагч нар яг ямар эрх, үүрэгтэйгээр ажилладаг юм бэ?

-Татвар төлөгчийн өөрөө тайлагнасан татварыг цаг хуга­цаанд нь оруулах, түүнийг нь зөв эсэхийг нягтлан шалгах, тэдэнд шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг өгөх үүрэгтэй. Орлогоо нуун, татвараа дарагдуулсан то­хиолдолд хуулийн дагуу хүү, алданги тооцож төлүүлэх эрхтэй.

-Татвар төлөлт дээр санаатай, санамсаргүй байдлаар алдаа гаргадаг тохиолдолд хуулиар адилхан шийтгэл ногдуулдаг. Үүнийг татвар төлөгч нар нэлээд эсэргүүцдэг. Энэ тал дээр уян хатан байх боломж хэр байдаг юм бэ?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар орлогоо санаатайгаар нуух, санамсаргүйгээр алдсан гэж заасан байдаг юм. Хууль тог­тоомжийн мэдлэг муутайгаас буруу бүртгэсэн, эсвэл ойлгомжтой төлөх ёстой татвараа төлөхгүйн тулд орлогоо нуусан тохиолдолд хариуцлага нь адилхан байгаа.

Тиймээс бид Сангийн яам­ныхантай энэ хариуцлагыг ялгавартай болгоё гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрвээ үнэхээр санамсаргүй тохиолдол бол өөрөөр, санаатайгаар нуусан байвал арай илүү чангатгасан хариуцлага тооцдог байхаар хэлэлцэж байна. Үнэндээ энэ нь татвар төлөгчдөд ч гомдолтой. Тиймээс уян хатан болгохын төлөө ажиллаж байгаа.

-Энэ асуудлыг шинэ багц хуульдаа тусгаж өгөх үү?

-Бид түүний төлөө л ажиллаж байна.

-Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх гэхээр хамт олны чинь сэтгэл хоёрдоод байгаа юм биш биз. Ажлаа хиймээр байдаг, амьдралаа авч явмаар байдаг. Тиймээс хоёргүй сэтгэлээр ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг нь хэрхэх вэ?

-Ажилчдын нийгмийн асуудал гэдэг бидний шийдвэрлэж чадах­гүй яваа хүндрэлүүдийн нэг. Улсын төсвийн голлох бүрдүүлэгч болсон гааль болон татварын байцаагч нарын нийгмийн асуудал байнга яригддаг.

Шинэчлэлийн Засгийн газар болон Ерөнхий сайдын зарим зөвлөхүүд зөвхөн энэ хоёр байгууллага бус ард иргэдийн төлөө ажиллаж буй төрийн албаныханы цалин хөлс, нийгмийн асуудлын талаар хэрхэн зөв шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэн, ажиллаж байгаа.

Бид дотооддоо боломж, нөөц бололцооныхоо хэрээр бодлого боловсруулан ажиллаж байгаа. Өмнө нь улсын төсөв бүрдээд, төлөвлөгөөгөө биелүүлэхээр ма­найхан тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Түүнийг нь тухайн дүүрэг, албаныхан л хуваагаад авчихдаг байсан. Жишээлбэл Сүхбаатар дүүрэгт бизнесийн байгууллага төвлөр­чихсөн гэдэг утгаараа байнга төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ. Гэтэл орон нутагт яаж хичээгээд чадахгүй тохиолдол зөндөө. Ийм зөрүүтэй байтал урамшууллыг зөвхөн давуулан биелүүлсэн Сүхбаатар дүүргийнхэн л аваад байдаг. Тэгэхээр нь жаахан өөрчлөлт оруулаад, урамшууллын тодорхой хувийг ерөнхий газартаа төвлөрүүлээд, түүнээсээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулдаг болсон.

Ер нь манайхан нийгмийн асуудлаа шийдүүлэхээр өргөдөл, хүсэлтээ маш их өгдөг. Саяхан Хөвсгөлөөс манай албаны дарга ярьж байсан. Сумын татварын байцаагчаа дуудаад “Ажлаа сайн хийгээрэй. Дансанд чинь орсон мөнгөөр нийгмийн асуудлаа шийдээрэй” гэж хэлэхэд тэр хүн маш их баярлаж, урамшиж байсан гэж хэлж билээ.

-Татварынхан өөрчлөгдөөд ирэхээр тун удахгүй татвар төлөгчид та бүхэнд баярлалаа гэж хэлдэг болох байх?

-Бид энэ жил татвар төлөгчдийн өдрөө “Татвар төлөгч танд баярлалаа” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Өмнөх жилүүдэд энэ өдрийг шоу хэлбэртэйгээр зохион бай­гуулдаг байж. Харин энэ жилээс татвар төлөгчдөд хэрэгтэй яг юу байна, түүнийг л хийе гэж зорьсон. Тухайлбал, Татварын хуулийг сурталчлан таниулах сургалт, танилцуулгыг зохион байгуулах байдлаар тэмдэглэж байна.

-Та өөрчлөлтийг өөрөөсөө л гээд байх юм. Саяхан таныг АТГ-т шалгуулж байгаа, энэ албан тушаалаасаа “унах” нь гэх зэргээр шуугиад байсан шүү дээ?

-Яг үнэндээ ямар асуудалд орооцолдсон бэ гэдгийг мэдэх хүн байдаггүй мөртлөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр янз бүрийн зүйл бичигддэг. Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу гаргасан, АТГ-т шалгагдаж байгаа гэх зэрэг зүйл яригдаж байна. Намайг АТГ-аас албан ёсоор шалгаагүй.

Түүнчлэн Үндэсний татварын албаны хэмжээнд хийгдсэн бүх томилгоо АТГ-ын өөрийнх нь тодорхойлолттой байдаг. Би хэн нэгнийг шууд томилдоггүй. Тухайн хүн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тус газраас лавлаж, тодруулсны эцэст томилдог. Түүнчлэн миний ах дүү, амраг садангийн ганц ч хүн энэ байгууллагад ажилладаггүй.

Ж.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж