УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногт сайдынхаа үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан Х.Баттулга гишүүний асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодруулсан юм.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Нэгэнт ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр сайдын ажлаа хий гэж УИХ шийдвэр гаргахгүй байх аа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүчээр авч үлдсэн шиг нэг сайдаа авч үлдэхгүй байх гэж бодож байна. Тиймээс энэ удаад хүсэлтийг нь хүлээж авах байх” гэлээ.
Түүнчлэн МАН-ын бүлэг хуралдаанаараа энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.
Тухайлбал Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан аж.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Ашигт малталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол олон жил хүлээлттэй байсан, гадна, дотны хөрөнгө оруулагчдын анхаарал татсан хууль. Бид нийгмийн хүлээлт буюу иргэдийн оролцоотой болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан байгаа болов уу гэж бодсон. Гэтэл харамсалтай нь тэр тал дээр бүрхэг хууль болсон гэж үзэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин