Монголчуудын нэг хэсэг нийтээрээ шуугиж байгаад чимээгүй болчихдог зан ам.долларын ханшийн савлагаан дээр ажиглагдах болов. Чимээгүй суугаад хүлээн зөвшөөрдөг үе эхэлсэн бололтой. Хүмүүсийн дунд “долларын ханш даварч байна” гэсэн яриа төдийлөн сонстохоо больж. Энэ чигээрээ дасан зохицоо юм гэмээр.
Гэтэл ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1800 төгрөг давчихлаа. Өчигдрийн байдлаар Монголбанк ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханшийг 1798 төгрөг гэж зарласан. Арилжааны банкуудад дунджаар ам.доллар авах ханш 1785 орчим төгрөг, зарах ханш 1805 төгрөг байлаа. Валют солилцох төв цэг болсон “Найман шарга” захын хувьд үүнээс арай хямдаар тогтоосон байсан ч 1800 төгрөгөөс давжээ.
Гэтэл одоогоос яг нэг жилийн өмнө ам.доллар 1444 төгрөгтэй тэнцэж байсныг эргэн сануулъя. Энэ хугацаанд ам.долларын ханш 360 гаруй төгрөгөөр өссөн байна. Нэг ам.доллар тутамд 360 төгрөг нэмж, гадаадад сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөр, ойр зуурын хэрэглээнд нь явуулах гэж санаа зовнисон хүмүүс “Найман шарга” захаар бараг дүүрэн байна. Гадаад валютын ханш өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас чангарч эхэлснийг Монголбанкны ханшийн статистикаас харахад ойлгомжтой. Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш есдүгээр сард хамгийн оргил цэгтээ хүрсэн нь 1790 төгрөг байлаа. Энэ талаар албаны хүмүүс “Үнэн хэрэгтээ 1790 төгрөг хүртлээ чангараагүй шүү дээ” гэж хэлдэг ч ченжийн зах дээр ийм үнэ “цохиж явсан” гэдгийг ченжүүд ярьдаг. Гэтэл одоо 1800 төгрөг болчихлоо. Хэдэн сарын өмнө эдийн засагчдын өгч байсан ам.долларын ханш 1800 төгрөгт хүрч чангарна гэдэг прогноз үнэн болж таарав. Хамгийн гол нь манай улсын эдийн засаг жижиг, гадаад худалдааны хувьд нээлттэй тул дотоодын инфляцийн төвшин төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Ингээд ам.долларын ханш өсөхөөр дотоодын өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсч, төгрөгийн худалдан авах чадвар мууддаг учраас энэ давралыг хүлээн зөвшөөрч болохгүй нь.
Гадаад валютын ханшийн хөөсийг яаравчлан “хамах” хэрэгтэй болсон байна. Энэ талаар ярихгүй биш, ярьж байгаа. Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганы гол асуудлын нэг нь энэ болсон бөгөөд 1800 төгрөгт хүрчихээд байгаа ам.долларын ханшийн хөөсийг бушуу түргэн “хамах” арга хэмжээний талаар энд тусгасан гэх юм билээ. Үүгээр 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэх юм билээ. Гэхдээ үнэхээр даварсан долларын хазаарыг татаж чадах болов уу?
У.БОЛОР