Монголд маш олон хүн ажлын байр түрээсэлж, амьжиргаагаа залгуулдаг. Тэдний нэг хэсэг болох лангуу түрээслэгчдийн талаар энэ удаад хөндөж байна.
Дашрамд, News.mn сайт, “News week” сонин түрээс, түрээслэгч болон түрээслүүлэгчийн асуудлыг хөндсөн цуврал сурвалжлага, нийтлэл бэлтгэн хүргэж байгааг онцолъё. Та бүхэн түрээсийн үйлчилгээтэй холбоотой санал бодол, өөрт буй мэдээллээ манай info@news.mn хаягаар ирүүлж болно.
“Хүчит шонхор” мянган түрээслэгчтэй
Гадаа хүйтэрч цаг агаар муудсан ч гэлээ “Хүчит шонхор” зах хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэвш дүүрэн хонины мах ачсан машинууд, махны үнийг сонирхсон хэрэглэгчид, “Хүчит шонхор”-ын захын түрээслэгчид. Хөл гишгэх зайгүй бужигналдах тус захын үйл ажилагаа өглөөний зургаан цагаас эрчимжиж, үдийн 12 цагийн орчим намжчихдаг бололтой. Өдөртөө 50-60 мянган тонн мах зарагдж, нийслэлчүүдийн махны хэрэгцээний 90 хувийг хангадаг “Хүчит шонхор зах” мянга гаруй түрээслэгчтэй юм байна. Захын эзэн нь н.Тогтмол гэдэг хүн байдаг аж. Өнгөрсөн оны өдийд тус захын түрээслэгчид түрээсийн үнийг нэмснээс болж захын удирдлагуудтайгаа бөөн хэрүүл зарга үүсгэж байсан.
Тус захын түрээсийн үнэ янз бүр. Гурил, хүнсний бараа, мах, дайвар бүтээгдэхүүн гээд лангуу бүрийн түрээс өөр өөр. Хамгийн үнэтэй нь махны лангуу бөгөөд жижиглэнгээр мах зарж байгаа бүсгүйгээс сардаа хэдэн төгрөгийн түрээс төлдөг талаар сонирхсон боловч хэлэхийг хүссэнгүй. Ямар ч байсан тус захын түрээсийн үнэ 800 мянгаас нэг сая орчим төгрөг байдаг ажээ. Мэдээж байрлал, зарж байгаа бүтээгдэхүүнээсээ хамаараад хэлбэлздэг гэдгийг нэрээ нууцалсан худалдагч хэлсэн. Хэрэв түрээслүүлэгчийн талаар, өөрөөр хэлбэл, захын эзэд, захиралтай холбоотой мэдээлэл хэвлэлд өгөх юм бол лангуугаа өгөөд хоолноосоос салах болно гэдгийг онцолсон. Хоногийнхоо хоолыг залгуулж байгаа ажлынхаа байрнаас хэн ч тийм амархан хөөгдөхийг хүсэх билээ. Мөн заасан хугацаанд түрээсээ төлөхгүй бол тодорхой хэмжээний алданги тооцдог гэнэ. Гэхдээ ямар ч байсан түрээсээ төлөөд илүүгээр нь амьдралаа залгуулаад байдаг бололтой юм.
“Давхар түрээс” түрээслэгчдийг хохироосоор
Нийслэлд байдаг олон улсын тодотголтой ганц зах бол “Нарантуул”. Тус захад 10 мянган хүн лангуу түрээслэн амьжиргаагаа залгуулдаг бөгөөд түрээсийн үнэ харьцангүй өөр, өөр. Тэдний ихэнх нь давхар түрээслэгчид гэдгийг ч тус захад цамцны лангуу түрээсэлдэг Баяраа ярьсан. Баяраа нь өөрийн түрээслүүлэгчдээ 500 мянган төгрөг өгдөг. Тэр нь давхар түрээслүүлэгчдээ тодорхой хэмжээний мөнгө тушаадаг гэсээр нохой сүүлээ, сүүл нь хонхорцогоо гэсээр анхны түрээслүүлэгчийн хэлсэн үнэ нэмэгдсээр байгаад эцсийн түрээслэгчийн халааснаас багагүй мөнгө гардаг талаар ярьсан. Өөрөөр хэлбэл, түрээслэгч өөрөө түрээслүүлэгч болоод дараа, дараагийнхандаа лангуугаа түрээслэх маягаар мөнгө олдог, хохирлоо гэхэд хэн хохирлыг барагдуулах вэ гэсэн асуудал үүсдэг талаар тус захынхан ярьсан. Гэхдээ лангуугаа алдчихвал ажлынхаа байрыг алдаж байгаагаас ялгаагүй болохоор түрээслүүлэгчийн хэлснийг зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ямар сайндаа “Нарантуул”-ын Хүнсний зах шатахад давхар, давхар түрээслүүлэгчээс болоод эцсийн түрээслэгч хохироод үлдсэн гэх яриа бий.
Нарантуулын лангуу бүр өөр, өөр үнэтэй. Хэн хэдээр лангуу түрээслэдэг талаараа бие биедээ хэлдэггүй юм байна. Яагаад гэвэл байршил, зарж байгаа бараа, мөн хэдэн давхар түрээслүүлэгчтэйгээсээ хамаараад янз бүр байдаг болохоор хэн нэгэндээ өөрийн нууцаа дэлгэхийг хүсдэггүй аж. Давхар түрээслэгчийн асуудал яригдвал захын удирдлагууд ч таагүй ханддаг бололтой. Гэхдээ л тэнд иргэний болон татварын хуулиуд байнга зөрчигдөж байдаг. Гэрээ нь зөвхөн түрээслүүлэгчийн талд үйлчилдэг гээд гомдол тавих хүн цөөнгүй. Лангууны эвдрэл гэмтэл, янз бүрийн асуудлаа түрээслэгч өөрөө хариуцах ёстой. Ямар ч асуудлыг түрээслэгч, давхар түрээслүүлэгч хоёр учраа олж шийдвэрлэх ёстой бөгөөд “Нарантуул”-ын удирдлагуудад огт хүртээлгүй, өөрсдөө зохицуул гээд орхичихдог гэнэ.
Мөн илүү, дутуу хэрэгтэй хэрэггүй татвар авдаг, ямар нэгэн гомдол гаргавал лангуугаа буцааж авна гэж дарамталдаг гэдгийг тус захын наймаачид ярьж байна. Баяр ёслолын үеэр илүү дутуу газруудаа түрээсэлдэг. Тухайлбал, шинэ жил, цагаан сар, хичээл эхлэх үеэр нэмэлт лангуу нэрээр хоосон газруудаа 150-300 мянгаар түрээсэлдэг гэнэ. Мөн элдэв янзын авдар сав шахдаг талаар ч гомдоллов. Эдийн засгийн хямрал тус захын наймаачдад нөлөөлж, түрээсээ төлөхөд хүндрэлтэй байгааг ярьж байна лээ. Ялангуяа дэлгүүр хоршоо ихэссэн нь “Нарантуул” захынхны орлогод сөргөөр нөлөөлөх болсон байна.
…Монголд өнөөдөр хичнээн хүн лангуу түрээсэлж амьдардаг вэ гэсэн судалгаа байдаггүй. Тэдний хэд нь давхар түрээслэгч вэ гэдэг нарийн судалгаатай тоо баримт ч алга. Мөн лангууны түрээслэгчид сардаа хэдэн төгрөгийн түрээс төлдөг талаарх татварын мэдээлэл байдаггүй. Ямар ч байсан Монголд давхар түрээслүүлэгчид цөөнгүй, тэд зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн гэрээ хийдэг, зарим нь амаар тохиролцоод асуудлаа шийдээд явдаг талаар лангуу түрээслэгчид ярьж байна. Нэг хоёр, давхар түрээслүүлэгч байх нь юу ч биш бүр 14 давхар түрээслүүлэгч байдаг, тэд нь амандаа орсон тоогоороо түрээсээ нэмдэг, эргээд энэ нь лангуун дээр зарж байгаа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг бололтой. Тэгэхээр далдын далд нуугдаж байгаа энэ мэт үзэгдлийг хумиж, түрээсийн эрх зүйн орчинг цэгцэлье гэвэл Монгол Улс түрээсийн талаарх хууль тогтоомжоо эргэж харах хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгчийн үүргийг нэмэгдүүлж, түрээслэгчийн эрх ашгийг хамгаалъя гэвэл Түрээсийн тухай хуулийг шинэчлэх, түрээслүүлэгч болон түрээслэгчдээс татвар авах нь эдийн засаг төдийгүй ядахнаа түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахад багагүй дэмжлэг болох бус уу..
Н.ХҮСЛЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №060