Дэлхийн банк 25 сая ам.долларын зээл олгох болов

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк 25 сая ам.долларын зээл олгох болов

Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг Монголын  уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд зориулан баталсан байна. Энэхүү төслийн зорилго нь дэд бүтцийн төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах мөн дотоодын байгууллагуудын гүйцэтгэх  чадавхыг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэн  улмаар уул уурхай болон  эдийн засгийн холбогдох үйл ажиллагааг дэмжихэд оршино. Төслийн үргэлжлэх хугацаа нь таван жил байх бөгөөд 2011  оны зургадугаар сараас эхлэх ажээ.

Төсөл нь дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй: (а) дэд бүтцийн салбарт санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах болон үнэлгээ хийх; (б) дэд бүтцийн төсөл бэлтгэх, хөрөнгө оруулагч нартай холбоотой ажил хэргийн үйл ажиллагааг хөтлөн явуулах дотоодын чадавхийг хөгжүүлэх; (в) хөрсний усны удирдлагыг бэхжүүлэх, (г) төслийн удирдлага.

Сангийн яам нь төслийг гүйцэтгэх гол байгууллага байх бөгөөд төслийн ерөнхий удирдлага, хэрэгжүүлэлтийг хариуцна. Холбогдох салбарын яамдууд болон агентлагуудын төлөөлөл бүхий Төслийн Удирдах Хороог байгуулна. Энэхүү хороо нь төсөлд хамрагдах дэд бүтцийн төслүүдийг сонгож, төслийн санхүүжилтинд хяналт тавих болно.

“Энэхүү төсөл нь Засгийн газраас нэн тэргүүний гэж үзсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн  техник, эдийн засгийн үндэслэлийг үнэлэх хэд хэдэн судалгааны ажлуудыг шаардлагатай эх үүсвэрээр хангана. Ингэснээр дэд бүтцийн салбарт  хөрөнгө оруулалтыг зөв хийх, мөн тэдгээрийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг давхар тооцохыг баталгаажуулах юм.”гэж  Дэлхийн Банкны Монголыг хариуцсан менежер, хатагтай  Корали Геверс хэлэв.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж