Захирамжыг зөрчвөл арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Захирамжыг зөрчвөл арга хэмжээ авна

Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж эцэг эх, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн буюу “Хонхы баяр”-ыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, сургуулийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгөв.

Засаг даргын уг шийдвэрийн дагуу энэ хичээлийн жилийн төгсөлтөөс эхлээд жил бүр анги дэвших, сургууль төгсөлтийн баярын “Архи, тамхи-шинэ үеийн сонголт биш” уриан доор “Эрдмийн баяр” болгож байх болно. Энэ талаар аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалаас тодрууллаа.

-Захирамж гаргах болсон шалтгааны талаар сонирхвол?

-Тав, есдүгээр анги төгсөнө гэдэг бага болон суурь боловсрол эзэмшиж гэрчилгээ авдгаараа өрх гэрийн боловсролын төвшинд гардаг тэмдэглэлт үйл явдал, хүүхэд эцэг эхчүүдийн нэгэн баяр. Мөн  11 дүгээр анги төгссөнөөр ерөнхий эрдмийн бүрэн боловсрол эзэмшиж улмаар их дээд сургуульд элсэн суралцаж дуртай мэргэжлээ эзэмших зам нээгдэж байгаааараа бүр ч тэмдэглэлт баяр байдаг. Гэтэл энэ баяраар зарим зүй бус хэвшил тогтсоныг хэн хүнгүй мэднэ. Эмгэнэлтэй золгүй явдал ч гарахад хүрдэг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Баяннуур сумаас Дашинчилэн сумын сургуулийн “Хонхны баяр”-т оролцоод эцэг эхтэйгээ буцаж явсан хүүхдүүдийн суусан машин онхолдож, нэг нь ээжээсээ өнчрөн хоцорсон эмгэнэл бий. Энэ бүхнийг таслан зогсоох, шинэ хэв шинж тогтоох зорилгоор Засаг дарга захирамж гаргалаа

-Төгсөлтийн буюу “Хонхны баяр”-т буруу хэвшил тогтлоо хэмээн иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг явдлыг таслан зогсоох зорилготой гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, сургууль төгсч байгаа хүүхдүүдээс “Хонхны баяр”-т зориулан мөнгө татдаг. Тэр нь амьдралын хүрэлцээ муутай айл өрхөд хүндрэл учруулдаг. Тэр мөнгөөрөө  анги даасан багшдаа бэлэг авч өгдөг. Анги бүлгээрээ нийлж зугаалах, цайллага хийх, тэр ч бүү хэл баардах явдал байдаг. Олон нийтээс хэл яриа, шүүмжлэл гаргахаар манай сургууль зохион байгуулаагүй л дээ. Төгсөх ангийн эцэг эхийн зөвлөд хуралдаад тэгж тохиролцсон байна лээ. Тэд өөрсдөө нийлүүлэх мөнгөө тогтсон гэцгээдэг. Ийм байдпыг таслан зогсооход энэ шийдвэр чиглэж байна.

-Яаж?

-Бидний хэлж заншсан “Хонхны баяр” бол хүүхдийн амьдралд, өрх гэр бүлийн түүхэнд тэмдэглэлтэй үйл явдал гэдэг утгаар яах аргагүй баяр гэж хэлж болно. Ийм учраас хонхон дуугаар эхэлж сурагч ахуйн эрдэмд шамдсан, инээж хөгжилдсэн он жилүүдээ сэтгэлдээ дурсамж болгон үлдээх гэсэн хүсэл бодол төрөх нь буруу зүйл биш. Харин жинхэнэ “Эрдмийн баяр” болгох хэрэгтэй. Уулзалт, ярилцлага хийж үдэшлэг цэнгүүн зохион байгуулж анх сургуульд орсноо, сурагчийн ширээнээ тохой нийлүүлэн үдсэн үеийн наргиант мөчүүдээ дурсан ярилцаж анги хамт олныхоо баярт үйл явлуудаар бахархах ажлыг шинэ шинэ хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг сургуулиудын захирал нарт өгөөд байна. Тэд нар ч улам баяжуулаад өөрсдөө үр өгөөжтэй, сонирхолтой санаагаар зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Түүнчилэн төгсөгчдийн нэрэмжит бүтээлч ажил хийхээр захирамжид зааж өгсөн. Энэ ажил бол сургууль, сумын орчноо цэвэрлэх төдий биш орон нутгийн хөгжилд нэмэр хандив болохуйц, үлдэцтэй, ялангуяа төгсөгчид хэдэн жилийн дараа эргэн харахад бахархмаар зүйл байх  хэрэгтэй  гэж үзсэн.

-Анги даасан багшдаа “Хонхны баяр”-аар алтан бөгж, ээмэг, мөнгөн аяга, хивс, гэр ахуйн хэрэгсэл өгч гэнэ ээ гэсэн яриа байдаг шүү дээ?

-Олны яриа оргүй ч биш. Багшаа хүндэлж эрдэмд сургасан ачийг нь дээдэлж бэлэг дурсгал өгөх явдал хавтгайрч янз бүрийн жишиг тогтсон. Тийм  учраас нэмэлт ажил ихтэй ч гэсэн анги дааж авах сонирхол зарим багш нарт их болсон хандлага бий.

-Мөнгийг нь сургуулиас гаргах уу?

-Яалаа гэж, нөгөө л ангийн эцэг эхийн зөвлөл хуралдаад шийдсэн гэдэг нэрээр цуглуулсан мөнгөөр авдаг. Зарим сургууль болон ангийн эцэг эх энэ талаар буруу үлгэр гаргадаг. Яагаад вэ гэвэл эцэг эхийн зөвлөл хуралдана. Ангийн багшид юу өгөх, хүүхдүүдийн хамтарсан арга хэмжээ, өөрөөр хэлбэл, ямар хэлбэрээр нийлэх ажлаа ярьцгаадаг. Тэгээд нэг хүүхдээс хэдэн төгрөг хураахаа тооцно. Энэ тухайгаа эцэг эхийн зөвлөлийн дарга юм уу, хэн нэг нь ангийнханд хэлж, мөнгөө хураана. Энэ үндсэн дээр тогтсон зүйлээ авч, төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулдаг. Бусад анги, сургуулиас доогуур “ханш”-аар зохион байгуулахгүйн тулд нэг ёсондоо эцэг эхийн зөвлөл “уралддаг” гэж болно. Ийм жишиг хандлага зөвхөн манай аймагт төдийгүй бусад аймгуудад түгээмэл болсон. Ингээд алт мөнгөн эдлэл авахуулах, архи ундаа уулгах ажлыг сургууль, анги зохион байгуулаагүй хэмээн дутагдлаас бултаж “хуурай гардаг”. Гадна талдаас нь харвал тэгж хэлэх үндэстэй.

-Тэгвэл энэ жишгийг яаж арилгах вэ?

-Сургуулийн захиргаа ийм арга хэмжээ явуулах гэж байгаа эцэг эхийн зөвлөлийн шийдвэрийг хориглож, харин ёс зүйтэй, хөрөнгө мөнгө бага зарцуулах ажил зохион байгуулахыг зөвлөх, тийм санаачилга хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Даасан ангиасаа өндөр үнэтэй зүйл авсан багш нарыг ёс зүйгүй хэмээн үздэг, тийм ажил зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлийг “тал засагч, долигонуур” хэмээн тооцдог болох нь чухал байна.

-“Хонхны баяр”-ыг дурсамж дүүрэн “Эрдмийн баяр” болгож, бүтээлч ажлын өдөр болгох гэсэн энэ сайхан шийдвэр хэрэгжих болов уу?

-Хэрэгжүүлнэ. Энэ шийдвэрийн дагуу зохион байгуулах ажлын зөвлөмж чиглэл гаргаж өргөн сурталчилж байна. Сургууль бүр төгсөлтийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө гаргаж сурагч, эцэг эхчүүдэд сайтар мэдээлэх үүрэг өгсөн. Мөн сумдын Засаг дарга нар энэ шийдвэрт заасан арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулах учиртай. Хүүхдээс мөнгө хурааж, багш, сурагчдын нийллэг зохион байгуулан согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг арга хэмжээ зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг таслан зогсоолгүй төгсөлтийн баярыг зүй бусаар тэмдэглэсэн сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ авахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. Түүнчилэн манай хэлтэс болон боловсрол, соёл, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтсээс хяналт тавьж холбогдох арга хэмжээ авна. “Иргэдийн оролоцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”-ийн хүрээнд иргэд энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд өргөнөөр оролцож зохисгүй үйл ажиллагаа болиулах, холбогдох хүмүүст мэдээлэх шаардлагатай. Энэ бүхний дүнд дээрх ярьсан зүйл хоосон лоозон биш бодит ажил болно гэж үзэж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж