Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх үү?

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдаасаа татзалзах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт өгсөн билээ. Тэрээр сайдаасаа татгалзах хүсэлтдээ, Засгийн газрын гишүүний ажлаа өгч, УИХ-ын гишүүний үүргээ үргэлжүүлэхээр болсноо дурьдсан бөгөөд цаашид үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг "дан дээлтэй" болгох хуулийн төслийг гурван сарын хугацаанд хэлэлцэж, унагасан. УИХ-ын гишүүдийг "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр Х.Баттулга сайд тууштай байсан бөгөөд өгсөн саналаа бататгаж, өргөдлөө өгсөн гэж зарим хүмүүс тайлбарлаж буй. Гэвч зарим хүмүүс олон жил маргасан өргөн, нарийн царигийн асуудлаас болсон гэх нь ч бий. Х.Баттулга гишүүний хувьд өөрөө энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа билээ. Хуулийн дагуу Х.Баттулга сайдын өргөдлийг энэ долоо хоногт хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа юм. Тэгвэл Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх дээр намын бүлгүүдийн байр суурийг хүргэе. Харин Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусаагүй байгаа бөгөөд үдээс хойш 15.00 цагт үргэлжлэх юм.

МАН-ын бүлэг:

-Нэгэнт ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр сайдын ажлаа хий гэж УИХ шийдвэр гаргахгүй байх аа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүчээр авч үлдсэн шиг нэг сайдаа авч үлдэхгүй байх гэж бодож байна. Тиймээс энэ удаад хүсэлтийг нь хүлээж авах байх гэж бодож байна.

"Шударга ёс" эвсэл:

-Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт дээрх асуудал багтаагүй байгаа. Гэхдээ асуудал Байнгын хороогоор хэлэлцэгдэж эхлэхэд ямар шалтгаанаар ажлаа өгөх болов. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг хариуцах хугацаандаа ямар ажил хийв гээд асууж тодруулах зүйл олон бий. Түүний дараагаар шаардлагатай гэж үзвэл бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан, асуудлыг хэлэлцэнэ.

Бие даагч гишүүд:

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн саяд Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлаар бие даагчид ойрын хугацаанд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж