Төв аймаг гэрэл цахилгаангүй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Төв аймаг гэрэл цахилгаангүй болжээ

Өнгөрсөн шөнийн салхи, шуурганы улмаас Зуунмод хотын хэмжээнд гэрэл цахилгаангүй болжээ. Одоогоор тус аймгийн эрчим хүчний газрын мэргэжилтэн, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гэмтэл гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн шөнө Хэнтий, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан талаар орон нутгаас мэдээлж байна. Төв аймагт цасан шуурганы улмаас таван хүн алга болсныг өглөөний байдлаар олоод байгаа аж. Мөн нийслэлээс орон нутаг руу чиглэсэн авто тээврийн хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө зогсоосон боловч цасан шуурганд саатсан гурван автомашиныг аймгийн төвд авчирсан гээд өчигдрөөс хойш аврагчид амралтгүй ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Ганбат мэдээллээ. Харин Хэнтий аймгийн хувьд хойд талын сумдаар өнгөрсөн шөнө нойтон цас орсон, урд талын сумдаар 14-18 м/с хүчтэй салхи, шуургатай байгаа бол Өндөрхаан хот орчмоор өглөөний 07:00 цагаас эхлэн цасан шуурга шуурч байна. Одоогоор сумдаас гамшиг ослын ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна гэж аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга мэдээлэл ирүүллээ.

Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж