Муррей Монте-Карлогийн тэмцээнээс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Муррей Монте-Карлогийн тэмцээнээс хасагдлаа

Британийн шилдэг теннисчин Энди Муррей Монте-Карлод зохиогдож буй ATP Tour-ын цуврал тэмцээнээс хасагдлаа. Өчигдөр орой нээлтийн тоглолтоо хийсэн 22 настай Муррей дэлхийн чансааны жагсаалтын 33-рт эрэмбэлэгдсэн Германы Филипп Кольшрайбертай тоглож, 6-2; 6-1 харьцаатай дараалан хоёр сетэд ялагдсан байна. Дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдсэн Муррей өнгөрсөн жилийн “Monte Carlo Rolex Masters” тэмцээний хагас шигшээд шалгаран өрсөлдөж байсан боловч энэ удаад өөрөөсөө чансаа доогуур тамирчинд ялагдал хүлээж, тэмцээнээ дуусгалаа. Кольшрайбер тоглолтын дараа “Миний хувьд эхнээсээ эцэс хүртэл бараг л төгс тоглолт байлаа. Би тийм ч олон алдаа гаргасангүй, хамаг хүчээ дайчилж тоглолоо” гэжээ.
Мөн энэ үеэр Испанийн Рафаэль Надаль 6-1; 6-0 харьцаатай Голландын Тьемо де Баккерийг төвөггүй буулган авч, Монте-Карлогийн тэмцээнээс дараалсан 28 дахь ялалтаа авсан байна. Надаль 2003 оны Монте Карлогийн тэмцээний гуравдугаар тойрогт Аргентиний теннисчин Гуиллермо Корияд ялагдсанаас хойш тус тэмцээнд дахин нэг ч удаа ялагдал хүлээгээгүй бөгөөд сүүлийн таван жил дараалан түрүү авсан юм.
Тэмцээний чансааны жагсаалтыг тэргүүлэн өрсөлдөж буй Сербийн Новак Жокович мөн өчигдөр нээлтийн тоглолтоо хийж, Францын Флоран Серраг 6-2; 6-3-аар хожжээ. Тэрбээр дараагийн тойрогт Швейцарийн Станислас Вавринкатай тоглох юм. Түүнчлэн Испанийн Дэвид Феррер Казахстаны тамирчин Анрдей Голубевтэй тоглож, 6-3; 6-2-оор өрсөлдөгчөө хожсон бол Феррерийн нутаг нэгт тамирчин Томми Робредо 6-4; 6-3 харьцаатай Сербийн Виктор Тройкийг буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ.
2.2 сая еврогийн шагналын сантай “Monte Carlo Rolex Masters” тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж