&#34Манай улс дэлхийн хэмжээнд татварын тааламжтай улс орон гэж үнэлэгддэг&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

&#34Манай улс дэлхийн хэмжээнд татварын тааламжтай улс орон гэж үнэлэгддэг&#34

Д.Баяраа: Манай улс дэлхийн хэмжээнд татварын тааламжтай улс орон гэж үнэлэгддэг

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраатай ярилцлаа.

-Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч их айлыг мөнгө хураадаг байгууллага мэ­тээр ойлгох нь энгийн үзэгдэл. Татварын ерөн­хий байгууллагын үйл ажил­лагааг товчхон тайл­барлавал?

-Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг хоёр том айл байдаг. Нэг нь Гаалийн ерөнхий газар, нөгөө нь манайх буюу Үндэсний тат­варын алба. Мэдээж нийг­мийн даатгал ч бас орно.

Мөн татварын бус орлого гэж бий. Эдгээрээс орлого төвлөрүүлж, төсвийг бүр­дүүлдэг. Үндсэн татварын албаны хэмжээг авч үзвэл Монгол Улсын нийт төсөв 7.3 их наяд төгрөг бүр­дүүлэх ёстой. Үүнээс тат­варын алба гурван их наяд төгрөгийг оруулна гэж УИХ-аар баталсан.

Тэгэхээр татварын алба дотооддоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс татвар цуглуулна гэсэн үг. Үүнийг Монгол Улсын 20 орчим хуулиар зохицуулдаг.

Харин төв­­лөрүүлсэн төс­вийг эргүү­лээд улсын хөгжил, цэцэг­лэлт болон төрийн бай­гууллагууд, засаг захиргаа, ард түмний эрүүл мэнд, бо­ловсрол, соёл урлаг, спортыг хөгжүүлэх гэх мэт төрийн үйлчилгээний үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулдаг гэдгийг иргэд маань сайн мэдэж байгаа байх.

Тиймээс татварын ор­логыг цуглуулахтай хол­богдсон үйлчилгээ, боловс­ролыг дээшлүүлэхийн төлөө мөн ажилладаг. Татварын албаны хамгийн гол зо­рилго нь татварын хууль тог­тоомжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагад туслах, үйлчилгээ үзүүлэх мэдээллээр хангах зо­рил­готой. Эцсийн дүндээ тат­варын хууль тогтоомжийг тэгш, шударгаар хэрэг­жүүлдэг тогтолцоог нь хэрэгжүүлэх юм.

-Эдгээр зорилгыг бие­лүүлэхийн тулд хэр олон хүн татварын албанд хүчин зүтгэж байгаа вэ?

-Одоогоор улсын 1800 гаруй байцаагч ажиллаж байна. Бүх аймаг, суманд татварын улсын байцаагч ажилладаг. Ихэнх суманд нэг байцаагч, томоохон сум­дад 2-3 хүний бүрэл­дэхүүнтэй татварын тасаг ажилладаг. Аймгуудад бол татварын хэлтэс бий. Ха­рин Өмнөговь аймагт татварын газар ажилладаг. Мөн Нийслэлийн татварын газар, дүүргүүдэд татварын хэлтсүүд ажиллаж байна. Ерөнхийдөө татварын алба нь босоо удирдлагатай байгууллага.

-Татварын алба боловсон хүчин хангалттай байдаг биз дээ. Танилтай хүн л татварын байцаагч болдог гэж ярьдаг шүү дээ?

-Иргэд сүүлийн жи­лүүдэд төрийн албанд орж ажиллах хүсэл, сонирхол ихтэй болсон. Татварын алба­ны ажилчид ч яг л Төрийн албан хаагчийн шалгалт өгч, сонгон шалгаруулалтаар орж ажилладаг. Дашрамд сонирхуулахад шууд тат­варын байцаагч болчих­доггүй. Эхний ээлжинд татвар хураагчаар жил орчим ажиллаад дахин шал­галт өгч татварын улсын байцаагч болдог. Ер нь нэ­лээд нарийн шалгуур үзүүлэлтээр энэ албанд тэн­цэхүйц шал­галт өгдөг. Манайх тат­варын албаны боловсон хүчний бодлогынхоо дагуу шалгаруулж ажилд авдаг.

-Гэхдээ л хахууль өгч ороод, ашиг хүртэх сонир­холтой хүн байцаагч бо­лох гээд зүтгээд байдаг гэх хандлага нийгэмд давам­гайлдаг?

-Тийм зүйл байхгүй болов уу гэж боддог. Бид ч хоорондоо ярилцдаг, төрийн албан хаагчид ч ярилцдаг байх. Ху­вийн хэвшлийнхэнтэй харь­цуул­бал үзэхэд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн амьдралын түв­шин өндөр байдаг. Харин төрийн албан хаагчид амьдрал нь учиргүй дэвжээд байх нь юу л бол. Нэгэн хэвийн л байгаад байдаг.

Татварын албанд ор­чихоод цалингаасаа гадна, илүү орлого олоод байдаг зүйл байхгүй. Өөрийн тань асуусан тодорхой цөөн тооны хүний яриа л байх. Мэдээж ганц, хоёр хүний асуудал гэвэл би түүнийг үгүйсгэж чадахгүй.

-Гэхдээ татварынхан авлига хээл хахуульд идэгдсэн, зарим байцаагч, дарга нар нь шалгагдаж байгаа гэхээр бас ч тийм цэвэрхэн байгууллага гэж хэлэхэд хэцүү юм шиг ээ?

-Манай байгууллага авилгын асуудлыг нэлээд анхаардаг. Байнга мөнгөтэй харьцдаг учраас гааль болон татварын албаныхан авлига, хээл хахуульд өртөх магадлал өндөр байдаг байх. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд бид нэлээд ажил зохион байгуулдаг.

Үндэсний татварын алба өнгөрсөн 2013 оны долоо­дугаар сард авилгатай тэмцэх хөтөлбөр гаргаж, батлаад, хэрэгжүүлээд явж байна. Ер нь жил бүр авлигаас ангид байх зо­рилт, төлөвлөгөө гарган, ажилладаг.

-Тэр бодлогыг хэрхэн хэрэгжүүлдэг юм бол?

-Бид татвар төлөгчтэй шууд бус байдлаар буюу үйл ажиллагаагаа авто­мат­жуулах, цахимжуулах ажлууд хийж байгаа. Бүх тайлан, мэдээллийг татвар төлөгчид цахимаар өгдөг болчихсон. Мөн хяналт шалгалтын үйл ажил­лагаагаа эрсдэлд суурилсан программын дагуу аль болох зөрчилтэй хэсгийг сонгож ажиллах, программынхаа дагуу аль хэсэг татвараас зайлсхийсэн, татварын зөр­чилтэй байх магадлал нь өндөр байна вэ гэдгээс судлаж хийж байгаа. Энэ мэтчилэн бүтэц, зохион байгуулалтын үүднээс ангид байх асуудлыг дэвшүүлээд ирэхээр авлигаас ангид дэвшилттэй түвшинд очно гэж харж байгаа.

-Тэгээд үнэхээр авлигаас ангид байж чадах болов уу?

-Тэмүүлж байгаа л гэж ойлгож байна. Чадах түвшиндээ явуулж л бай­гаа. Гэхдээ 100 хувь гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хүмүүсийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг маш их асуудал.

-Мэдээж сэтгэлгээг өөрч­лөхийн зэрэгцээ ахуй амьдрал, нийгмийн асуудал чухал биз?

-Тэгэлгүй яах вэ. Тиймээс энэ асуудлыг маш сайн анхаарч нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр гарган, хэрэгжүүлж байгаа. Тухайлбал бид төсвөөс хөрөнгө босгоно гэдэг маш хүндрэлтэй асуудал. Одоогийн байдлаар аймаг, нийслэл, дүүрэг орон нутгийн засаг захиргааны байгуулллага, Засаг дарга нартай “орон нутгийн татварын орлогыг давуулан биелүүлбэл ойролцоогоор 3-5 хувийг урамшуулал маягаар авна” гэх утгатай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Ийм маягаар ажиллахад өнгөрсөн онд Баянгол, Баянзүрх дүүрэг нэлээд сайн ажилласан. Түүнийгээ Татварын ерөн­хий газарт төвлөрүүлж нийт хүмүүсийнхээ асуудлыг шийддэг. Энэ нь нэлээд үр дүнгээ өгч байгаа. Саяхан 40 гаруй хүний нийгмийн асуудлыг шийдсэн. Мэдээж шударгаар шийдье гэсэн зорилго тавьсан. Дээд тал нь 10, 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх маягаар ажиллаж байгаа. Мөн банкуудтай гэрээ байгуулан аль болох хөнгөлттэй хүүтэй болгох найман хувийн зээлтэй орон сууцын квотыг нэмэгдүүлэх зэргээр боломжтой зүйлийг хийж байна.

-Ингэхэд одоогийн мөр­дөж байгаа хууль өнөө­гийн нийгэмд хэр таатай нөхцөлтэй вэ?

-Дэлхийн банк, олон улсын санхүүгийн кор­порациас “Бизнес эрхлэхүй” гэсэн судалгаа хийдэг. Тухайн орныг бизнес эрх­лэхэд хэр таатай вэ гэдгийг жил бүр судлан индекс гаргадаг. Манай улсын хувьд 189 орноос энэ онд 74 дүгээр байрт орсон. Ингэхдээ бизнес эхлүүлэх, гэрээ хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт буюу банкнаас зээл авах, хил гаалийн үйл ажиллагаа, дэд бүтэц гэх зэргээр 10 гол асуудлыг шалгуур болгодог.

Дэлхийн хэмжээнд, тэр дундаа Азидаа манай улсыг татварын дарамт багатай гэж үздэг. Бид 2007 оноос татварын шинэчлэлт нэлээд хийж эхэлсэн. Аж ахуйн, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл 10 хувьтай болсон. Аж ахуйн нэгжийн татвар нь гурван тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллавал 25 хувийн татвар, бусад нь 10 хувь. Нийт аж ахуйн байгууллагын 99.9 хувь нь 10 хувиараа төлж байгаа. Ер нь татварын тааламжтай улс орон гэж дэлхийн хэмжээнд үнэлэгддэг.

Харин газар ашигласны болон усны, байгалийн нөөц ашигласны төлбөр, тээв­рийн хэрэгсэл, үл хөд­лөх хөрөнгийн татварууд нийлэхээр татвар төлөгчдөд нэлээд дарамт болж байгаа нь ажиглагддаг. Үнд­сэндээ татвар төлөгч нар болол­цоотой хэмжээний биш болчихоод байгаа шүү дээ. Тиймээс шинэчлэлийн Зас­гийн газар анхнаасаа тат­варын шинэ механизмийг бий болгоно, шинэчлэл хийнэ гэсэн конвенцийг гаргаж ирсэн. Тэр утгаараа татвар шинэчлэлийн аж­луудыг хийж байгаа. Ту­хайлбал аж ахуйн нэгжийн татвар дээр нэлээд өөрч­­лөлт оруулна. Ингэхдээ биз­несийн зардлуулыг тат­вар ногдуулахаас хасдаг болъё.

Өөрөөр хэлбэл яг цэвэр үлдэж байгаа ашгаас нь татвар авна гэсэн үг. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн татвартай буюу нийт төлсөн татварын 90 хувийг буцааж өгнө гэх зэргийн шинэчлэл яваг­даж байна. Хөрөнгийн тат­варуудыг нэгтгэж нэг болгох байх. Гэхдээ энэ бол Сангийн яам Засгийн газрын хэмжээнд яригдаж буй юм.

-Хэрвээ энэ багц хууль батлагдвал иргэдэд ямар боломж бий болох бол?

-Нийт татварынхаа да­рамтыг нь багасгаад өгчихөөр өөрт нь үлдэж байгаа орлого нэмэгдэнэ. Тэр орлогоосоо татвар төлөгч техник тех­нологио шинэчлэх, ахуйгаа дээшлүүлэх бо­ломжтой бол­­­но. Ингэж эдийн засагт нь үлдэж байгаа мөнгийг нэ­мэгдүүлээд өгөхөөр хөг­жих боломж нь бүрдүүлж, цаашид татварын орлого нэмэгдэнэ.

-Ер нь татвар төлөгчид маань татвараа хэр дуртай төлж байна?

-Сүүлийн 10 жилийн хандлагаас харахад хү­мүү­сийн сэтгэлгээний өөрч­лөлт нэлээд сайн явагдаж байна гэж ойлгож байгаа. Өмнө нь татвар төлөөд яах ч билээ, аваад үлдчих юмсан гэх бодол их байсан байх. Одоо бол иргэдийн татварын боловсрол дээшилсэн гэж үзэж байгаа.

Бид ч иргэдийг аль болох багаас нь татварын боловсрол эзэмшүүлэхийн тулд сурагчдын хичээлийн программд оруулахаар ярьж байна. Үр дүн гарч байгаа. Нийт иргэдийн 70 орчим хувь татвар төлж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл далд эдийн засаг 30 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Үүнийг 700-800 тэрбум төгрөг алдаад явж байна аа гэсэн ерөнхий тооцоо хийсэн байгаа.

-Далд эдийн засгийг арилгахын тулд яавал дээр вэ?

-Дэлхий дээр татварын хоёр систем байдаг. Татвараа өөрөө төлдөг энэ системийг бид хэрэглээд явж байгаа. Нөгөө нь татварын алба тооцоолж татвараа авдаг. Бидний хэрэглэж байгаа системийн хамгийн гол зүйл нь иргэдийн боловсрол.

-Тиймээс л Татвар тө­лөгчдийн өдрийг зохион бай­­гуулж заншсан байх нь?

-Тиймээ. Бид энэ жил 15 дахь удаагаа Татвар тө­лөгчдийн өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ удаа “Татвар төлөгч танд баярлалаа” сэд­вийн хүрээнд ирэх даваа гараг буюу энэ сарын 9-ний өдрөөс эхлэн долоо хоногийн туршид зохион байгуулна. Үүний хүрээнд уламжлал ёсоор сурагчдын дунд гар зургийн болон зохион бич­лэгийн уралдаан болно.

Мөн Лектор төвийн­хэн­тэй хамтран илтгэлийн урал­даан, оюутнууд болон мэргэжилтнүүдийн дунд татвар холбоотой сэдвээр АСК тэмцээн зохион бай­гуулах зэргээр олон арга хэмжээ бэлтгээд байна. Түүнчлэн татвар төлөгчдөд зориулсан сургалтууд эхэлчихсэн явагдаж байгаа бөгөөд иргэд маш идэвхтэй оролцож байгаа.

Ж.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж