Сүүлийн зургаан сарын турш олны анхаарлыг татаж байсан сэдэв ямар ч сонирхолгүйгээр өндөрлөв. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан УИХ болоод Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Бодлого тодорхойлж, хуулиа батал гээд сонгогчид итгэл дайгаад явуулсан УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн буюу сайдын алба хашиж хууль тогтоох болоод гүйцэтгэх засгийн үүргийг давхар хашиж байсныг халах зорилготой хуулийн төсөл байсан юм. Ингэж давхар алба буюу давхар дээл өмссөнөөр Засгийн газар болоод УИХ-ын үүрэг холилдож, хянадаг нь хянаж чаддаггүй, гүйцэтгэдэг нь гүйцэтгэж чаддаггүй болоод байгаа юм. Ингэснээр хэмжээлшгүй эрхэт хэдэн хүн бий болж, улсын сан хөмрөг, эрх мэдлийг өөрсдийн дураар захиран зарцуулах нөхцөл боломж бий болчоод байгаа. Хийх ёстой ажлыг хийлгэе гэсэн зорилготой.
Харин зургаан сар сунжирсан асуудал эргээд эхлэл цэг дээрээ очлоо. Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд ойрд байгаагүй ирцтэйгээр хуралдаа ирээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг төрхөмд нь буцаалаа. Мэдээж энэ хооронд хангалттай улс төрийн тоглолт үзүүллээ. Улс төрийн тоглолт хуулийн хэрэгжих хугацаа гэсэн заалт тойрон өрнөлөө. Сөрөг хүчин болсон МАН энэ заалтыг Засгийн газрыг унагах хэрэгсэл болгон ашигласан бол олонх болсон эвсэл эрх мэдлээ алдана гэсэн айдсаас өөр зүйлийг ойлгох чадваргүй байлаа. Наймаа тохироогүй үед дундуур нь хийнэ гэдэг шиг санал байсан ч мөн л хавсайдаж байгаад унагаж орхив. Тухайлбал, “Засгийн газрын бүрэлдэхүүний тавиас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаал хавсарч болно” гэсэн Д.Эрдэнэбат гишүүний, “Ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байна” гэсэн М.Батчимэг гишүүний, “Энэ хуулийг 2016 оны Монгол Улсын их хурлын сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн Р.Гончигдорж гишүүний, “Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаал хавсарч болно. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын ерөнхий чиг үүргийн сайдын албан тушаалыг хавсарч болно” гэсэн Сү.Батболд, Су.Батболд, С.Бямбацогт, М.Энхболд нарын саналуудыг дурдаж болно.
Нэг талаас олонх болсон эвслийн өнөөгийн эрх мэдлээ алдахгүй байх, нөгөө талаас сөрөг хүчний эрх мэдэлд хэсэг хугацаанд ч болов хүрэх гэсэн хоёр эрх ашгийн гаргалгаа нь төслийг санаачлагчид нь буцаах байлаа. Хэн хэн нь өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалснаас биш улс орны ашиг сонирхлыг бодсонгүй. Үнэхээр ухаалаг бус хандлаа. Үүнээс л нэг л дүгнэлт хийж болохоор байна. Юу вэ гэвэл эрүүл ухаан УИХ-ын танхимд алга байна.
Асуудал ингэж эхлэл цэг рүүгээ буцсанаар хэн хохирох вэ гэвэл жирийн иргэд л хохирно. Улс орны дундарсан санхүү улам улайж, иргэд болоод бизнес эрхлэгчдийн татварын мөнгө үүрэг, хариуцлагаа ухамсарлахаа больсон, зөвхөн хувийн эрх ашиг, нам бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг улстөрчдийг тэжээхэд зарцуулагдах болж байна. Яагаад гэвэл эрх мэдэлд хүрсэн улс төрийн цөөн хэдэн бүлэглэлийн санал зөрөлдөөнөөс үүдэн Монголын бүтээн байгуулалт таг зогсоод удаж байна.
Ерөнхийлөгчийн хуулийн төслийг бүтэн ирцтэйгээр унагасан эрхэм гишүүд залгуулаад орж ирсэн агаарын бохирдол, утааны асуудлыг хэлэлцэх болоход гарын таван хуруунд багтах тооны гишүүн үлдсэн. Энэ ямар тохуурхал вэ. Ийм л ёс зүйгүй, увайгүй, хариуцлагагүй хүмүүс таны татварын мөнгөөр тэжээгдэж байна шүү дээ. Дэндүү дархлагджээ, үгүй дархалжээ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг нээрээ үнэн юм.
Д.НАРАНТУЯА