НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Ж.В.Аше-гийн санаачилгаар 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход хариуцлага, хяналтын асуудлыг тусгах нь" сэдэвт анхдугаар хэлэлцүүлэг өчигдөр НҮБ-ын Төв байранд болов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-уудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн цаг үед хариуцлагын асуудлыг ярьж байгаа нь цагаа олсон явдал юм. Хариуцлагатай байх нь аливаа эрсдлийг сааруулж, үр дүнг дээшлүүлэхэд их үүрэгтэй" хэмээн онцлоод, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, засаг, парламент болон иргэний нийгэм бүгдээр хариуцлагатай байж, харилцан үр дүнгээ тайлагнаж, улмаар ил тод хариуцлагын тогтолцоог бий болгох нь чухал гэжээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч уг арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцож, Мянганы хөгжлийн 9 дэх зорилт буюу Хүний эрхийг бэхжүүлэх, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай зорилтыг тодорхойлсон манай улсын туршлага, энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ хариуцлага болон хяналтын системийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.
2015 оноос хойших хөгжлийн зорилтуудыг тодорхойлох асуудлаарх ЕНБД-ын Тусгай Элч, хатагтай Амина Ж.Мохамед МХЗ-уудын хүрээнд ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх зорилтыг санаачлан хэрэгжүүлсэн цорын ганц орны хувьд Монгол Улсын туршлага, ололт амжилт нь бусад улс оронд үлгэр дууриал болж байгааг онцолж, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хариуцлагын тогтолцоог улам бүр сайжруулах нь чухал гэсэн Элчин сайдын дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.mfa.gov.mn