Ядуусын хороололд үйлчлэх тэрбумтан

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Ядуусын хороололд үйлчлэх тэрбумтан

-Сильвио Берлускони засан хүмүүжүүлэгдэх ажилд явна-

Сильвио Берлускони. Фото: Tiziana Fabi / AFP

 

Италийн экс-ерөнхий сайд Сильвио Берлускони ахмадын асрамжийн газар ажиллангаа ялаа эдэлнэ. Миланы тусгай шүүхийн комисс  энэ ялыг баталгаажуулав. Эсрэг талынхан нь түүнийг улс төрөөс нэг мөр хасагдаж байгаа гэж таамаглаж буй ч  77 настай Берлускони ихээхэн өөдрөг сэтгэлтэй  байгаагаа харуулж удалгүй улс төрд эргэн ирэх болно гэдгээ ярьсан байна.

Томоохон дэлгүүрүүд, банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалт ба тэтгэврийн сангууд, алдартай “Милан” хөлбөмбөгийн клуб зэрэг багтдаг “вант улсын” эзэн медиамагнатыг  улс төрийн тавцангаар хөөж байгаа нь анх удаагаа биш.

Сильвогийн карьерт уналт өмнө нь бишгүй л гарч байлаа. Италийн  хамгийн баян бөгөөд нөлөөтэй хүнд 50 гаруй удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн байв. Түүнийг залилан, авлига, сексийн гэмт хэрэгт буруутгаж байсан ч улстөрчийг хэн ч шорон руу “илгээж” огт чадаагүй билээ.

Шүүх засаглалтай өрнүүлсэн  анхны “дайн” нь Берлусконийн хувьд 1994 онд эхэлсэн юм. Тэр үед, улстөрчийн Fininvest  холдингийг санхзүүгийн цагдаагийн офицерүүдийг худалдан авсан хэрэгт сэжиглэв. Сильвиод 33 сар хоригдох ял оноосон ч даван заалдах шүүх түүнийг зөвтгөжээ.

Өөрийн өмгөөлөгчөө худалдан авсан гэж Берлусконийг буруутгасан Миллсийн хэргийг шүүх ажиллагаа  2006 онд эхэлсэн байлаа. Улстөрч Дэвид Миллст 600 мянган доллар шилжүүлсэн байлаа. Үүнийг хуурамч мэдүүлэг өгүүлэхээр өгсөн авлига гэж мөрдөн байцаагчид үзсэн юм. Миланы шүүх 2012 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хэрэг хуучирсан гээд Берлусконийг шийтгэлгүй өнгөрөөв.

“Рубийн хэрэг” буюу “Рубигейт”  гэх хамгийн дуулиантай хэрэг 2011 оны хоёрдугаар сард  Миланы шүүхэд эхэллээ. Мөрдөн байцаалт экс-ерөнхий сайдыг Мароккогийн насанд хүрээгүй бие үнэлэгч Карима аль-Маругтэй бэлгийн харилцаан орсон  буруутгасан байлаа. Аркор дахь Берлусконийн шилтгээнд "бунга-бунга»  гэх стилийн тайчих  үзүүлэлттэй үдэшлэгийн хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл гадуур тархаж, харин түүнд оролцогсод бүгд л тэнд  тийм буруутгаад байх зүйл байгаагүй гэж байв. Гэхдээ хорь  гаруй бүсгүйд тэдний тоонд насан хүрээгүй байсан охид ерөнхий сайдаас сар бүр багагүй мөнгө авч байсан гэв. Шүүгчид бэлгийн харьцааны улмаас мөнгө төлөгдөж байсан гэж үзлээ. Ингээд шүүх Берлусконийг долоон жилээр хорих ялаар  2013 оны зургадугаар сард шийтгэжээ.

“Рубигейтын” зэрэгцээ Mediaset компанийн санхүүгийн залилангийн хэрэг шийтгэгдэн  экс-ерөнхий сайд дөрвөн жилийн ял авав. Зүүний сонинууд “Берлусконийн эрин дууслаа” гэсэн гарчигтай материалаар дүүрч байв.

Гэтэл Италийн хуулийн дагуу дал гарсан хэрэгтнүүд зөвхөн аллагын төлөө л шоронд хоригдох ялыг бодитоор авч болох ёстой. Берлусконийн хувьд олон нийтийн ажил  хийх эсвэл гэрийн хорионд нэг жилийг өнгөрүүлэхээр болж байна. Олон нийтийн тустай ажил хийх нь арай илүү эрх чөлөөг эдлэх учраас Сильвиогийн “биеийн болон ухааны дутагдалтай хүмүүст туслан би сэтгэлээр өөдрөг байхыг хүснэ” гэсэн хүсэлтийг өмгөөлөгч нар нь шүүгчид уламжилжээ. Миланы шүүх түүний хүсэлтийг  хүлээн авч Берлусконийн ялыг 10 сарын турш ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрамжинд ажиллуулахаар болов. Энэ талаар мэдсэн Олон нийтийн албанаас асуулгааын уралдаан явуулжээ. Өндөр настны асрамжийн газар, хар тамхичдын дахин сэргээх төв, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эвсэл, дүрвэгсэд ба гэр оронгүй хүмүүст туслах газрууд саналаа ирүүлсэн байв.

“Сильвио нүглээ наминчлахын тулд  манайд ирэх хэрэгтэй. Түүний сэтгэлийн угт аврал хайсан оч байна. Тэрээр үүн дээр ажиллах ёстой. Тэр манай дадал болсон шүтэгч нараасаа хол нам гүмд амьран өглөө босон ор дэрээ хурааж, ариун цэврийн өргөө угааж, улаан лооль хураан ажиллах нь зөв” хэмээн  муу зуршилтай хүмүүсийн эмчилгээний төвийн лам Антонио Мацци саналдаа бичсэн байв. Гэхдээ ламтан биеэ үнэлэгч байсан эмэгтэйчүүдийн сэргээгдэх төвд Берлусконийг ажиллуулахгүй гэж хэлжээ. “Сильвио хүнийг татах ямар чадвартайг мэдэх учраас тэрээр эдгээр эмэгтэйчүүдэд илүүтэй таалагдаж магадгүй” хэмээн Мацци  бичжээ.

Ингээд Италийн ерөнхий сайд асаныг “хүмүүжүүлэх” газраар Ломбарди мужийн өндөр настнуудын асрамжийн газрыг  сонгосон байна. Харин Берлускони  хөгшчүүдтэй шууд ажиллахгүй гэдэгт италичуудын ихэнх итгэлтэй байгаа гэнэ. Италийн тэргүүн баячуудын нэг тус төвд хандив өгөн тус хүргэх бололтой.

Берлусконийн гол ялалт нь  түүнд улс төрд оролцохыг хориглоогүй явдал болов. “Живэшгүй” улстөрч удахгүй эргэн ирж ялалт байгуулна гэж  намынхандаа амлажээ. Экс-ерөнхий сайдын  улс төрийн зөвлөх Жованни Тоти  тавдугаар сарын 25-ны Европарламентын сонгуулийн Forza Italia ("Урагшаа, Итали») намын жагсаалтыг Берлускони толгойлох ёстой гэж Unita сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Тэд үүнийг бидэнд хориглох гээд үзэцгээг” хэмээн Тоти анхааруулсан байлаа.

Санхүүгийн залилангийн хэргийн шийтгэлтэй  нэр дэвшигч хэрхэн Европарламентад ажиллах нь тодорхойгүй. Тэрээр ялаа дуустал Италиас гарах эрхгүй байгаа. Гэхдээ энэ намын боломжийг тун бага гэж улстөрчид үзэж байгаа. Тэгээд ч Берлусконийн хувьд одоо сонгуульд оролцох нь ялахаас чухал болоод байгаа.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж