Истанбулд иргэд цагдаа нартай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Истанбулд иргэд цагдаа нартай мөргөлдөв

Туркийн Истанбул хотноо Хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр /V.1/ олон зуун иргэн Таксимын талбайн эргэн тойронд цугларч, Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж, цагдаа нартай багагүй мөргөлдөөн үүсгэжээ. Жагсагчдын зүгээс Таксимын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн байна. Цагдаа нар болон жагсагчдын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас олон хүн гэмтэж, таван хүнийг баривчилсан тухай “Анатолия” агентлаг мэдээлжээ.

Истанбул хотноо өчигдөр өглөө /V.1/ 08:00 цаг гэхэд 40 мянга орчим цагдаа Таксимын талбайн ойролцоо хамгаалалтанд гарч, төв талбай руу хүрэх бүх замуудыг хаасан байв.  Энэ үйл явдалтай зэрэгцээд Таксимын талбайгаас 15 минутын зайтай орших Бесиктас дүүрэгт олон тооны жагсагч цугласан байжээ. Удалгүй жагсагчид Таксимын талбай руу нэвтрэхээр цагдаа нартай мөргөлдөж эхэлсэн бөгөөд мөргөлдөөн тасралтгүйгээр таван цаг үргэлжилсэн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглажээ. “ВВС”-ийн сэтгүүлчийн мэдээлснээр мөргөлдөөний үеэр Таксимын талбай орчмын агаараас нулимс асгаруулагч хийн үнэр хамар цоргиж байсан гэнэ.

Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган жагсагчдад хандан Таксимын талбай дээр цугларахаа больж, Засгийн газрын эсрэг жагсаалдаа анхаарлаа хандуулахыг сануулсан нь иргэдийн эгдүүцлийг төрүүлжээ. Үүний хариуд жагсагчид Таксимын талбайд тавьсан хоригийг хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж, “Майн өдрөөр бүх зам Таксимыг чиглэнэ” гэж мэдэгдсэн байна.

Туркт өнгөрсөн оны зургадугаар сард Таксимын талбайгаас эхтэй Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, үймээн олон хотыг хамарч өрнөсөн юм. Үүний дараа Туркийн эрх баригчид Таксимын талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглосон аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж