Хүлэгдсэн үзэл бодол…

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Хүлэгдсэн үзэл бодол…

Монгол Улсад хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай тогтоол гарснаар үгүй болсон. Өнөөдөр цахим ертөнцөд тухайн нийтлэл, мэдээ, сурвалжлагын талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлвэл Тагнуул, цагдаагийнхны хараа хяналтад шууд өртөх эрсдэлтэй. Тэд “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн мэдээллийн санг үүсгэчихсэн. Түүгээрээ дамжуулаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, эрх баригчдыг шүүмжилсэн, дургүйцлээ илэрхийлсэн хэн бүхнийг шууд мэдэж, ямар нэгэн байдлаар дарамт учруулах боломж ч бодиотоор бий. “Иргэдээ сонсч байна” гэж гаргасан Засгийн газрын санал хүлээн авах дөрвөн оронтой утас гэхэд л тухайн иргэнээс регистрын дугаараас эхлээд оршин суугаа хаягийг нь тэмдэн гомдол, саналыг нь хүлээн авдаг. Өөрийн үзэл бодол, гомдлыг бүх мэдээллээ ил болгосонд тохиолдолд л гаргах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, холбогдох албан тушаалтанд хэн гээч гомдол гаргав гэдэг нь мэдэгдэх болохоор шууд тооцоо бодчих боломжтой болж байгаа хэрэг. Сэтгэгдэл болгоны араас хянаж, цагдах боломжтой болсноор мөнөөх гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэсэн ардчилсан зарчим ч хэзээний алдагдаад эхэлснийг бид бэлхэнээ харж байна. Хууль хяналтынханд бүхий л мэдээлэл нь байдаг болсноор хүний нууцад халдан худал пэйсбүүкийг хүртэл гаргаж, түүндээ хүний өмнөөс бичиж нийгмийн сэтгэлзүйг төөрөгдүүлэхэд хүртэл ашиглаж чадаж байна.  

Гэтэл Засгийн газар “Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистойхэрэглэхзорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэлээ” гэж дээр дурдсан тогтоолд тусгасан. Одоо харин тухайн иргэн юу бодож санаж байна, ямар үзэл баримтлалтай, тэр ч бүү хэл аль намыг дэмждэг вэ гээд бүгдийг нь олоод мэдчих боломжтой, хангалттай  мэдээллийн бааз суурь бий болсон гэдэгтэй мөрийцсөн ч болно.
Сэтгэгдлээр дамжуулан хэн нэгний эрхэнд халдана гэхээс илүүтэй улстөрчдийн нэр нүүрийг улалзуулдаг учраас л иймэрхүү юмыг тэд санаачилж, түүгээрээ дамжуулан иргэдийг дуугүй болгож, өөрсдөө шүүмжлэлээс зугтах мэргэн арга нь энэ. Эдийн засаг нүдэн дээр доройтоод, компаниуд 2000-аараа дампуурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өссөөр буй нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал ч судалгаагаар бүх зүйл “ок” гэж иргэд хариулсан судалгаа гараад байгаа нь үнэхээр амьдрал “саак” байна уу, эсвэл үзэл бодлоо илэрхийлэхээс иргэд эмээдэг болов уу гэж хардахаар…

Ардчилсан нийгмийн тулгуур чулууны нэг нь чөлөөт, цензургүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж үзэл бодлын эрх чөлөөг хангахад оршдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэхээр зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн, сэтгүүлчийн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх явдал гэж ойлгодог нь ч өөрөө өрөөсгөл.

Харин ч эсэргээрээ хувь хүний үндсэн эрх чөлөө гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Гэтэл манайд эрх баригчид хувийн компаниудыг хэрэглэгчдээ мөшгөх үүргийг ногдуулж байна. Үүрэн холбооны операторуудыг гэхэд л хэрэглэгчдийнхээ нарийн мэдээллийг гаргаж өгөхийг шаарддаг, бүр бичлэг хийхийг тулгадаг болсон нь үүнийг харуулна.

Ингэж л жилийн өмнөөс иргэд үзэл бодлоо эрх баригчдад хянуулж, шүүлгүүлж эхэлсэн. Энэхүү тогтоол гээчийг өнөөдөр ч хүчингүй болгоогүй л байгаа. Үзэл бодлоо сэтгэгдлээр илэрхийлэхдээ заавал имэйл хаягаа бүртгүүлж, ил болгохыг нь эсэргүүцэхээр аргаа өөрчлөөд IP хаягаар чинь хянаж байгаа. Таны имэйл хаяг байсан байгаагүй хаанаас хэн орж байгааг чинь бүрэн хянаж байгаа гэсэн үг. Хэрэв та төрийн албан хаагч байлаа гэхэд даргынхаа хуудуутай үйлдэлийг сэтгэгдлээр үлдээвэл ядах юмгүй олоод мэдчихнэ. Хурган дарга эргээд дарамтлах эрсдэл бүрэн бий. Тиймээс болгоомжтой байхад илүүдэхгүй ээ гэсэн үг. Энэ хяналтын системийг тогтвортой найдвартай ажиллуулах үүргийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ф.Жадамбаа хүлээсэн бол иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хангадаг.Энэ хяналтыг тогтвортой явуулахын тулд жил бүрийн төсөвт зардлыг нь тусгаж байхаар заасан гээд бод доо.

Гэтэл Монгол Улс нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүйгээр баримтлах эрхтэй” гээд заачихсан. Харин Ардчиллын замаар 24 жил замнасан Монгол Улсад ардчилсан гэгдэх эрх баригчдын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хязгаарлагдмал, хяналтын дор байна. Онц байдал тогтоосон тэр цаг мөчид ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй гэж олон улсын фактад заасан байдаг.

Харин манайд долдугаар сарын 1-ний дараа эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, өөрсдийн мэдэлд байсан МҮОНТ-ээр зөвхөн эрх баригчдын талыг барьсан мэдээлэл гаргаж, иргэдийн бодит мэдээлэл хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хааж байсныг бид мэднэ. Харин энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сайтуудыг оруулаагүй байсны золоор ч гэх үү, азаар ч юм уу иргэд бодит мэдээллийг авах, түүгээр зогсохгүй үгээ хэлэх эрхээ эдэлж чадсан юм. Харин үүнийг нь өнөөгийн эрх баригчид анзаарч боомилох бодлого барьсаар байна. Иргэд сэтгэгдлээр элдэв хараал, садар самууныг сурталчилсан үг хэллэг хэрэглэх нь мэдээж зохисгүй. Соёлтой, боловсон үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Энэ тухай уриалж болохоос биш шууд хаан боомилох нь дарангуйлал. Тэрхүү хэрэглэж болохгүй үгсийн жагсаалтыг нь харахад улстөрчид өөрсдийгөө доромжлуулахгүй гэсэндээ гаргасан үгнүүд голдуу байх жишээний. Хэрэвзээ улстөрчид гэр бүлээ нууцалж, хувийн амьдралаа дэлгүүлэхгүй гэж байгаа бол олны танил болохгүй байх сонголт өөрсдөд нь бий. Тэд, урлаг спортын олны танилууд нийгэмд зөв болон буруу үлгэр дуурайл үзүүлдэг учраас тэдний үйлдэлийг хянах эрх нь хэвлэл мэдээлэлд нээлттэй байдаг.

Үзэл бодлоо илэрхийлэх хориотой Хятадад л манайх шиг утгагүй арга хэмжээг авч, хүчээр иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хязгаарладаг шүү дээ. Аргаа барсан иргэд нь цагдаад баригдахыг “ногоон цай уух” гэж хоорондоо ярьдаг болжээ. Бас л тоталитар дэглэмтэй гэж хэлж болох ОХУ-д Путиныг муулж сэтгэгдэл бичсэн хүнийг баривчилж байна.Улстөрчдийн явах гээд буй зам үүнийг л чиглэж байна гэсэн үг. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүлэгдэх биш тавигдах ёстойг анхааруулахад гэмгүй биз ээ.

Л.НАРАНТӨГС
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж