Д.Хаянхярваа: Төсөв хоёр талдаа цоорхойтой болсон

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Төсөв хоёр талдаа цоорхойтой болсон

-Төсвийн нэг тал руу нь Сангийн яам гараа дүрдэг, нөгөө тал руу нь Эдийн засгийн хөгжлийн яам гараа дүрдэг, тэгээд ямар ч хяналт алга-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч цөөнхийн бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь танай бүлгийн гишүүдээс хамгийн их хөнддөг Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулъя, төмөр зам барих ажлыг яаралтай эхлүүлье, Асгатын мөнгөний ордыг ашиглая гэх саналууд хийх ажлын жагсаалтад багтсан байдаг?

-Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээн дотор Оюутолгой, Тавантолгой, төмөр замын асуудал туссан байгаа нь үнэн. Гэхдээ хийх 23 ажлын 70-80 хувь нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан ажил болчихоод байна. Ямар аргатайдаа л би “Та нар чинь мөрийн хөтөлбөрөө мэдэхээ байчихаад эрчимжүүлэх хөтөлбөр болгож будилдаг болоо юу” гэж асуух вэ дээ. Уг нь бол эхлээд оношоо зөв тавих ёстой байсан.  Тэгж байж, гол суурь алдаагаа онилж, яаж засах вэ гэдэг юм руу явах ёстой. Үүний тулд мөнгө төлөөд ч болов МУИС, Санхүүгийн их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид оролцсон судалгааны баг гаргаж ажиллуулж, хямралыг гаргаж ирэх ёстой байсан. Энэ санаачлагыг эрх баригч хүчин гаргах ёстой.

-Засгийн газар судалгаагүй асуудал оруулж ирж таарахгүй байх. Нөгөө талдаа татварын орлого төвлөрүүлэлт 300 тэрбум төгрөгөөр тасарсан, инфляци хоёр оронтой тоон дотор эргэлдэж байгаа, ам.долларын ханш 1800 төгрөгт хүрсэн гээд хүндрэлүүд тодорхой харагдаж байна. Ийм үед яаралтай авах арга хэмжээ нь яг юу байх ёстой юм бэ?

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч оролцох үеэрээ “Монгол Улс ханшны хямралд орлоо” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр санхүү, эдийн засгийн хямрал нь дагалдаад явна гэсэн санаа. Харамсалтай нь, энийг Засгийн газар хүлээн зөвшөөрч чадахгүй, асуудлыг сайд бүр өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Гэтэл бид бүхэлдээ системийн хямрал руу явж байна шүү дээ.

Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхээр эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар хямралыг сөрөх арга хэмжээ авдаг. АНУ, БНСУ-ын бэлээхэн туршлага байдаг юм байна. Тэхийн тулд татвар, төсөв гээд гол юмаа олж харах. Татварын бодлого зөв байна уу, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ, төр өөрөө өнөөдөр байх ёстой бүтцээрээ ажиллаж чадаж байна уу гэдгээ эргэж харах ёстой. Ер нь миний ажиглаж байгаагаар Монгол Улс Олон улсын валютын санд хандаж таарах болов уу, “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлдэг дээ. Тэгэхгүй бол үүсээд байгаа нөхцөл байдлаас амар гарахгүй.

-Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээн дотор баялаг бүтээгчдийг дэмжих тухай тодорхой заалтууд бий. Хэр үр дүнгээ өгөх бол?

-Гол нь баялаг бүтээгчдээ элдэв долооноор дарамталдагаа болих хэрэгтэй. Дээр нь төрийн бодлого маш тодорхой байх ёстой. Жишээ нь, Монголын эдийн засгийг чирж яваа томоохон компанийг яаж дэмжих юм. Мөн дундаж компаниудаа яаж дэмжих юм, амьжиргааны төвшин доогуур иргэдээ яаж дэмжих вэ гэдгийг маш тодорхой болгох шаардлагатай. Ингэхгүй бол үндэсний компаниуд ямар нэг ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод хоорондоо зөрчилдөөд биенээ татаж унагаах үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Энэ хамгийн буруу үзэгдэл. Баялаг бүтээж, монголын эдийн засгийг чирж яваа компаниуд хоорондоо зөрчилдөөд дампуурвал хямрал илүү гүнзгийрнэ. Тэгэхээр үндэсний томоохон компаниудаа дэмжиж хямралыг давах ёстой. Нөгөө талдаа бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна, улс орныхоо эдийн засгийг яаж сэргээх вэ гэдэг дээр нэгдэх хэрэгтэй байна. Энэ ажлыг гардаж зохион байгуулах хүмүүс нь эрх баригчид.

-“Төр хэтэрхий үрэлгэн байна” гэж хэлж буй эдийн засагчидтай та байр суурь нэгдэх үү. Мөн УИХ, Засгийн газрыг “Үрэлгэн байна” гэж шүүмжлэх атлаа УИХ-ын гишүүдийг сайд нараас дутахгүй гадаад руу явуулж, зардал их гаргах юм. Эдийн засаг хүндэрсэн үед УИХ томилолтын зардлаа бууруулбал хэмнэлт гарна даа?

-Үр ашигтай юмны төлөө явах ёстой. Бүх юманд үр ашиг гэдэг юмыг анхаарах ёстой. Гэхдээ Монгол Улсын төсөв өнөөдөр хоёр талдаа цоорхойтой болчихоод байна.

-Энэ юу гэсэн үг вэ?

-Төсвийн нэг тал руу нь Сангийн яам гараа дүрдэг, нөгөө тал руу нь Эдийн засгийн хөгжлийн яам гараа дүрдэг, тэгээд ямар ч хяналт алга. Дээр нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны ажил үүргийн хуваарь тун тодорхойгүй байна. Хэлэхгүй л болохоос биш хөрөнгө санхүүгээ хэн нь бариад байгаа нь мэдэгдэхгүй болсон. Төсвийн жаахан хөрөнгөө Сангийн яам нь бариад байх шиг байгаа юм. Гэтэл гадна, дотноос “босгосон”  хөрөнгийг Эдийн засгийн хөгжлийн яам барьдаг. Сүүлдээ Эдийн засгийн хөгжлийн яам “Гудамж төсөл” хэрэгжүүлнэ гээд нийслэлийнхний хийх ажил руу давхиж орж байх жишээтэй. Ер нь юм чинь цөөн эзэнтэй, тодорхой бодлоготой байж үр дүн гарна уу гэхээс биш ямар ч тодорхой бодлогогүйгээр, хэн дуртай нь дээшээ харчихаад “Эзэн тэнгэр тэгж хэлж байна” гээд зараад байх юм бол 1 тэрбум ам.доллар, 10 тэрбум ам.доллар ч зарсан адилхан. Үр ашиг гаргах нь хамгийн чухал. Энийгээ хаа, хаанаа ойлгох ёстой.

-Тэгвэл валютын ханшийг яаж бууруулах вэ. Гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал байдаг?

-Валютын ханшийг бууруулахад гурван зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, валютын нөөц хэр байна вэ, хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалтыг яаж татах вэ, гуравдугаарт экспортод бид юу гаргаж чадах вэ гэсэн гурван зүйлээс шалтгаална. Гэхдээ зээлжих зэрэглэл буурчихсан, “Чингис бонд”-ыг худалдан авсан компаниуд алдагдал хүлээчихсэн байгаа үед Монгол руу өнөөдөр хэн хөрөнгө оруулах вэ?. Маш хүнд байна. Энийг засахад анхаарах ёстой.

Хоёрдугаарт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах.  Мөн гадна талаас хөрөнгө оруулалт хийе гэхээр хайгуулыг зогсоочихсон байгаа, тэгэхээр Ашигт малтмалын хуулиа нэн яаралтай баталж, “Урт” нэртэй хуулийн хүрээнд хязгаарлагдчихсан бүх юмыг дахиж авч үзэх хэрэгтэй. Жишээ нь дээрх хуулийн үйлчлэлийн хүрээнд нам зогсоочихсон лицензүүдээ яах ёстой юм бэ гэдгээ шийдэх. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхлыг бий болгох ёстой, хугацаа алдалгүй.

Дээр нь Хятад, Орос улсуудтай улстөр, эдийн засгийн ямар харилцаатай байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Жишээ нь, манайхаас нүүрсийг Хятад л авна. Цааш нь Зүүн өмнөд Ази руу гаргая гэхэд Орос юм уу, Хятадаар дамжуулна. Ийм газар зүйн байрлалд байж нүүрснийхээ Тогтвортой байдлын гэрээг цуцалчихаар цаад талд хүмүүс шоолж байна. Гэхдээ шоолуулахаас долоон дор юм нь 78 ам.долларын үнэтэй нүүрс 35 ам.доллар болтлоо шалдаа буучихлаа. Төмөр зам барих ажлыг Концессын гэрээгээр хувийн компани хийгээд явж байтал төр нь булаагаад авчихсан. Одоо харин түүнийг гадны нэг компани хийнэ. Төмөр замын царигийг зургаан жил ярилаа, одоо хэр нь нарийн байх уу, бүдүүн байх уу шийдэж чадаагүй сууна. Манайх шиг нүүрсээ машинаар зөөдөг орон дэлхийд хэд байдаг бол… Тэгэхээр төмөр замынхаа царигийг цаг алдалгүй шийдмээр байгаа юм. Энд жинхэнэ улстөржилгүйгээр улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавимаар байна.

-МАН Засгийн эрх барьж байхдаа царигийн асуудлыг яагаад шийдэж чадаагүй юм бэ. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 онд УИХ-аас баталж байсан?

-Шударгаар хэлье, цөөн хэдэн улстөрчийн ашиг сонирхлын зөрчлөөс болоод энэ асуудал шийдэгдэхгүй байна. Үүнийгээ одоо болих хэрэгтэй.

-Хаврын чуулганы эхэнд 2014 оны төсөвт тодотгол хийх болов уу гэсэн хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл орж ирсэнгүй. Оронд нь Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн баригдлаа. Төсвийн тодотголоо эхэлж батлаагүй болохоор зардал хэмнэх зэрэг нь хоцроод зөрчил үүсч мэдэхээр байгаа юу. Энэ талын судалгааг цөөнхийн бүлэг хийж үзэв үү?

-УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналд энэ тухай тодорхой бий. Жишээ нь, Монгол Улсын 2014 оны төсвийг тодотгоё, төрийн данхгар бүтцээ цомхотгоё, зардал бууруулахыг бүсээ чангалахаас эхэлнэ гээд. Ер нь хүссэн ч эс хүссэн ч төсвөө тодотгохгүй бол Эдийн засгийг идэвхижүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа ч үр дүн гарахгүй л дээ. Тийм учраас цөөнхийн бүлгээс гаргасан саналыг ажил хэрэгч тусгаж авбал ажилд тустай.

-Эдийн засгийг хүндрүүлсэн сайд нарт хариуцлага тооцох ёстой байтал сугарч үлдэж мэдэх нь гэх яриа улстөрийн хүрээнийхэн дунд их яригдах боллоо. Бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцох асуудлыг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ?

-Өмнө нь бид Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулсан ч олонхи хүлээж авалгүй сайд нарыг аваад үлдсэн. Бид өнөөдөр байдлыг харж байна. Гэхдээ бүлгээс гаргасан дүгнэлтэд “Хариуцлагагүй ажилласан холбогдох сайд нарт хариуцлага тооц” гэж орсон. Цаашдаа бид хариуцлага тооцох асуудлыг тавина.

Г.ДАРЬ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №059

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж