Нийслэл хотыг минь нийтийн жорлон болгосон билэг танхай монгол хүн та сайхан хаваржиж байна уу? Холхиж өссөн гудмыг минь задгай жорлон болгосон Та бүхэнд их хотын унаган иргэний соёлч халуун мэнд хүргэе. Улаанбаатарын унаган иргэн бид төрөлх гудамжаараа нулимж хаясан шүлсэн дундуур чинь алхаж, өтгөн шингэн, өмхий самхайнд чинь гутаж явна аа. Өөд уруугүй дайрч сигналдах Та нарт илүү соёлтой учраас зам гаргаж, зай тавьж өгсөөр, амьсгалах агааргүй, сонсох дуу ч үгүй болсоор олон жил өнгөрлөө. Бид бүгдээрээ нүүдэлчдийн үр сад, таван үеэрээ Улаанбаатарын хүн гэж үгүй. Хаана төрсөн байсан ч, хэний ч үр сад гэлээ хотод хотын хүн шиг амьдрах үүрэгтэй. Хаясан шүлс, хог, өтгөн шингэнийг чинь цэвэрлэхээр шар хантаазтай хүмүүс хэрхэн хөлсөө урсгаж, халуунд халж, хүйтэнд хөрч хөдөлмөрлөж байгааг хараад юм бодохгүй байна уу? Зүгээр л зохицоод өнгөрчих зам дээр сигнал дохио болж, ганцаараа хээр давхиж яваа юм шиг андуурсанаас чинь үүсдэг, нэмэгддэг түгжрэлийг замын цагдаа залуу насаа хорогдтол зохицуулж байгааг хардаг уу? Хотыг гутаах мөртлөө хаяад ирсэн ээждээ мөнгөтэй болчихоод очно гэх гэмшлийн дуу чинь FM болгоноор гэнгэнэж байна. Хаана төрсөн чинь чухал ч гэлээ хаана өнөөдөр амьдарч байгаа чинь бас л чухал. Доголонгийн газар доголон, сохрын газар сохор яв гэж өвөг дээдэс сургасан биш үү? Их хотод машинаар ч явганаар цувж хүлээж, зам тавьж өгч явдаг юм. Сайхан хээр талдаа морьтойгоо зэрэгцэж явдаг билээ. Их хотод эрэгтэй нь түрүүлж хаалгаар гардаггүй юм. Эрийн хийморь энэ тэр гэлгүй малгайгаа өлгүүрт л өгдөг юм шүү дээ. Үндэсний уламжлал сайхан ч их хотын соёлыг чимдэг болохоос гутаадаг бурангуй хоцрогдол биш юм. Ичимдэг эрхтэнээ гэгээн цагаан өдөр харуул гэж иргэд хөлхдөггүй юм. Хаа дуртай газраа буу гэж хот байгуулдаагүй юм. Хүссэн газраа хүндэр, хөнгөр гэж Улаанбаатарыг босгоогүй юм.
Тааралдсан газраа таатай нь аргагүй шүлсээ хаяж, бие засч орхидог гэж гадаадын сэтгүүлч бичсэн байна. Эзэн Чингис хааны нутгаа, эх орноо бусдын элэг доог болгосон буруутан нь бид өөрсдөө, үнэн юм үнэнээрээ сайхан. Миний хот-Миний гэр. Таны хот-Таны гэр. Бидний ажил мэргэжил, ашиг сонирхол өөр өөр ч илүү сайхан хотод амьдрах хүсэл сонирхол минь нэг. Хонгон дээрээ хөх толботой төрсөн нь тэнгэрийн тамга байж болно. Хотод гудамжинд харуулах эд эрхтэн биш билээ.
Хээр талдаа очиж дураар морь харна уу, хүндэрч тухтай сууна уу!!! Хотод хотын хүн шиг, хөдөөд хөдөөгийн хүн шиг амьдарцгаая.
Улаанбаатарын хотын унаган иргэд